solongonews
30 тугал худалдан 200 мянган юань өвөрлөсөн малчин
2018-11-05 21:16
Уул уулнаас ондоо улайж хүрэнтэж харагдсан улаан чулуут уулын энгэр дэх нэгэн товцог газар шинэхэн цагаан өвөлжөөтэй, хашаандаа трактор, сүйх машин зогсоосон нь малчин Хэ Лүнгийнх байлаа. Үд хэлбийлээ, намрын сүүлчийн шаргал нарны алтан цацрагт уул хангай, тал бэлчээр, тариан газар өвчөөрөө шаргалтаж, тосон тарга авсан үхэр сүрэг хэвэх нь хэвж, хэвтэх нь хэвтэн, өншиг жилийн амгалан хөдөөг зураглана.



Хэ Лүн худаг дээр ирсэн хэдэн үхрээ усалж зогссоноо өмнөөс нь алгуурхан залхуутайхан ирэх олгон тарлан бухаа хараад баярласан шинж царайд нь тодорлоо. “Энийг чинь би 30 мянган юанийн үнээр худалдаж авсан. Семинтар бух” гэж Хэ Лүн ярив. Уул толгод ихтэй учир Зарууд хошууны Баяртхошуу сумын Баяртхошуу багийн малчдын ихэнх нь хахир өвлийн хүйтэн шуурга, хаврын хавсаргад мал сүргээ онд мэнд оруулахыг бодон, хонь цөөтэй үхэр голдуу малладаг байлаа. Өвс бордоогоо бүрэн гүйцэд бэлтгэж, хашаа хороогоо тохитой базаавал, үхэр мал нь дэмий л тардахгүйгээр ногоонд золгодог болохоор малчдын жилийн орлого тогтвортой бөгөөд сайн байдаг.


 Хэ Лүн өндөр биетэй 40-ийн дөрөө шүргэсэн малчин. Гэргий Ургаацэцэгтэйгээ ханын заяа холбосноос мал сүргээ өнөр өсгөхийг л бодож, эртэлж оройлон чармайсаар ирсэн хөдөлмөрч хос. Одоо Хэ Лүн ахын хамт хувьчилсан 4700 мү (1 га=15 мү) нутагтаа 100 гаруй үхэр, арваад адуу маллана. Зарууд нутгаар сүүлийн жүлүүдэд хур бороо тэгш, өвс бэлчээр сахлаг ургасны ачаар мал сайн, Хэ Лүн энэ жил 60 гаруй  тугал тоссон байна. Саяхан тэрээр нэг тугалыг  дунджаар 8300 юаниар 30 эр тугал зарж, 200 гаруй мянган юань өвөрлөсөн ажээ.
- Миний тугалууд бие зүсэм сайтай болохоор наймаачид авах дуртай, малын зах дээр аваачдаггүй. Бүгдийг л хашаанаасаа зардаг. Бусадтай харьцуулахад нэг тугалаас 1000 юаниар илүү худалддаг гэж Хэ Лүн ярилаа.
Адилхан нутаг бэлчээр, адилхан агаар усанд малладаг атал Хэ Лүнгийн тугал яагаад бусдынхаас илүү үнэ хүрдэг юм бол? Үүний шалтгаан нь эзнийх нь арчилга додомдлого, мал маллах ухаанд байдаг аж. Хэ Лүн үхрийнхээ үүлдэр сайжруулах ажлыг 2006 оноос эхлэн хийсэн нь айл хотондоо тэргүүлж хийсэн жишээ болжээ. Эхлээд хийх үед зохиомол хээлтүүлэг хийж байсан болохоор  Хэ Лүн өөрөө үүлдэр сайжруулах байгууллагад хандан зохиомол хээлтүүлэг хийх мэргэжил сурч өөрөө зохиомол хээлтүүлэг хийх болжээ. Ингэж жилээс жилд үхрийнхээ үүлдрийг сайжруулсаар одоо түүний үхэр мах сүү сайтай, төл сайтай семинтар үүлдэр болон хувирчээ. Эх малын хээлтүүлгийн норм өндөр болж малын хашаа саравч, өвс бордооны талд бүрэн хангалттай, өвөл хавар хоёр улирлын турш тугалдаг болж, орлого улмаар нэмэгдсэн байна.


Онгоцноос ус уугаад гарсан улаан тарлан семинтар бух гэрийн өмнө байгаа тариан газрыг чиглэн алгуур алхлаа.  Тэртээ хэсэглэн татсан төмөр торны дотор, тариан хоолой цухуйн харагдаж, үхэр сүрэг салхинд хийсэх эрдэнэ шишийн сүрлийг тууж идээшилнэ. Өвөл хаврын зуд шуурганд тэжээл болгох гэж Хэ Лүн өөрийн газартаа 100 мү ногоон дарш тарьж байгаа аж. Тэнгэрийн царай харсан хөх даршын ургалт муу ч гэсэн Хэ Лүн 100 мү газраасаа 100 мянган кг ногоон дарш дарж нөөцөлдөг байлаа. Түүний нутаг дээрээс намартаа хадаж хураахаар хадлан гардаггүй болохоор тэжээл өвсөө бүр гаднаас худалдан авна. 100 гаруй бод малын өвс бордооны зардал жилдээ 100 мянган юань шахам зарцуулдаг нь энгийн  хэрэг болсон байлаа.


 Хэ Лүнгийн дутагдах нэг зүйл гэвэл гар утасны сүлжээ байдаггүй. Сүлжээ холбоо, нэгдсэн холбоо гээд юу нь ч болог энд хүрээдд ирвэл. “Өмнө нь манай аав оторт гарч ирэхдээ энэ байршлыг сонгож оторлож суусан юм. Арай жаахан дээшээ өгсөж гэрээ барьсан бол сүлжээтэй байх байсан. Одоо гэрээ дахин нүүлгэнэ гэдэг амаргүй болжээ” гэж Хэ Лүн ярив. Аавын үед сүлжээ холбоо гэсэн юм тэр холын хэрэг мэт байсан болохоор аргагүй л дээ. Мэдэхээр бодоход гэр суурин гэдэг зүйлийг зөвхөн сүлжээ холбоог л бодож сонгох явдал биш юм хойно. “Саяхан өөрөө сүлжээ татдаг нэг машин захиаллаа” гэж Хэ Лүн хэлээд инээж байлаа. Цахилгаан гэхэд 24 цагаар нэвтрээгүй болохоор нарны энергиэр цахилгаан гаргаж, хүн малын ус унд татах, гэрэлтүүлэг зэрэгтээ ашиглана.
- Энд би мал унаагаа алган дээрээсээ харчихаар камер тааруулсан амар болжээ. Дараа жилээс том дулаан саравч барих санаатай байгаа. Малын өвөл хаврын дулаалга, арчилгаанд санаа зовох, тулгамдахгүй зүйлгүй болно гэж  Хэ Лүн ярьж байлаа.


Энэ жил 60 гаруй тугал тоссон Хэ Лүн үлдсэн 30 гаруй охин тугалаа жаахан байсхийж байгаад худалдахаар шийдэв. Энэ нь нэг талаар тугалынхаа өсөлтийг бодож, нөгөө талаар үнэ ханшийн байдлыг анзаарсных бололтой. “Охин тугал ч дунджаар 8000  юань хүрнэ дээ” гэж Хэ Лүн итгэлтэй ярина. Ам бүл зургаа энэ гэр бүлд  Хэ Лүн шиг ухаан самбаатай, ажилч хүн байх л учиртай. Одоо түүний жилийн цэвэр орлого 150 мянган юань хүрч байна.
 Ийнхүү дүнгэр дангар ярилцан байтал хар зүсмийн азаргатай арваад адуу худаг чиглэн ирэх харагдана.
- Хэдэн жилийн өмнө би хонио худалдаад оронд нь хоёр гүү авсан юм. Одоо энэ нь үржиж өсөөд арав гаруй боллоо. Адуу гэдэг үржил нь түргэн, арчилгаа багатай амьтан юм даа гэж Хэ Лүн хэлээд адуугаа услахаар худаг зүг алхлаа.

Зохиогч: Алтан-Од
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Амьдрал гарагийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл