solongonews
Миний нутгийн сар шинэ
2019-02-19 09:43
Ажилд орсон цагаас эхлээд аав, ээжтэйгээ хамт байх цаг маань маш бага болсон.

Хятад улсын хувьд сар шинээр нэг долоо хоногийн амралт тавьдаг. Хот газар ажиллаж амьдарч байгаа залуучуудын хувьд энэхүү амралтын долоо хоног маш богино ч нандин, утга учиртай байдаг билээ. Олонх залуус амралт болоход нутаг ус, аав, ээжийгээ зорьдог бол нэг хэсэг залуус гаднын улс орноор аялдаг. Хүн бүр, айл өрх бүр сар шинийг өөр өөрийн онцлогтой утга учиртай тэмдэглэдэг. Миний хувьд ар гэртээ харьж аав, ээжийн хамт элгэн садантайгаа уулзаж учран уламжлалт маягаар цагаан сараа тэмдэглэх нь хамгаас чухал санагддаг.

Энэ жил ч мөн адил цагаан сарын амралтаар нөхөр хүүхдийн хамт ар гэртээ харих замаа өлгөсөн юм. Нэг л мэдэхэд энэ замаар 10 жил замнажээ. 1000 километрийн хол замыг хурдны замаар 10 цаг сунатал давхиж арай хийн гэртээ хүрдэг. Гэлээ ч олон олон замын дундаас гэртээ харих зам хамгийн сайхан, хамгийн жаргалтай нь.

Миний төрж өссөн нутаг Өвөр Монголын Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Баянхуа суурингийн хөдөө нутагт. Бид жил бүр битүүний өдөр гэртээ хүрдэг. Энэ жил нутагт маань цасгүй, их л хоосон санагдана. Үр хүүхэд нь том болж, жигүүр урган алс газар ажил албатай болсноор аав, ээж маань нутаг усаа сахин малаа маллана. Биднийг ирж байгаа чимээгээр аав, ээж маань байн байн гаднаа гарч саравчлан саравчлан хүлээдэг байх. Нас нэмэгдэж, аав ээжийн маань үрчлээ, буурал үс олширч байх юм. Үр хүүхдүүдтэйгээ хамт байх нь тэдний хамгийн том аж жаргал биз ээ. Өрөм, зөөхий, мах, чихэр гээд хамгийн шинэ, хамгийн сайхан бүхнээ дэлгэн биднийг угтана. Биднийг ирэх бүр аав, ээж маань тавагтай цагаан идээнээс эхлээд шинийн бэлэг дурсгалын юмаа бүгдийг бэлэн болгочихсон байдаг. Ээж маань тавагтай цагаан идээгээ хэн хүнээс илүү сайхан засдаг. Сар шинийн бүхнээс эрхэм нэгэн зүйл нь ч тавагтай цагаан идээ. Ээж минь уламжлалт ёсоор дугуй хэлбэртэй том боов хайрч, хамгийн шинэ өрөм, зөөхий, тосоо гарган цагаан идээгээр элбэг дэлбэг таваг засжээ. Харин энэ жил бэлэг дурсгалын том том хайрцагтай боов боорцог харагдахгүй байгаад би их гайхаж, давхар санаа зовж байсан юм.   

- Ээж ээ, дэлгүүр ороогүй юм уу? Нөгөө шинийн бэлэг дурсгалын юмаа аваагүй юу гэхэд ээж:

- Охин минь, энэ жилийн цагаан сараар хүмүүс золгож шинэлэхдээ том хайрцагтай боов боорцог өгөхгүй, харин шинийн бэлгэнд өөрийн гараар хайрсан боов боорцог өгнө гэсэн. Би ч нэлээд хэмжээний боов боорцог  хайран бэлдсэн байгаа гэлээ.

Манай нутагт шинийн золголтын боов боорцгийг хүмүүс харилцан бие биедээ өгдөг заншилтай. Малчид үйлээ үзэж үсээ тоолж олсон хэдэн төгрөгөөрөө шинийн бэлэг дурсгалын юм авдаг. Сүүлийн жилүүдэд хоршоо дэлгүүр олшрон, боов боорцгийн сав баглаа боодол сайхан болохыг дагаад үнэ ханш нь ч өндөр болсон. Хүмүүс хамгийн үнэтэй, хамгийн сайхныг нь бие биедээ авч өгөх гэж мөнгө төгрөгөө үрдэг. Энэ жил манай багийн Эмэгтэйчүүдийн эвлэлийн дарга малчид хоорондоо сайхан хайрцаг баглаатай бэлгийн зүйл солилцохгүйгээр өөр өөрийн гараар хийсэн боов боорцог өгөхийг уриалсан байна. Энэ нь миний нутгийн энэ жилийн цагаан сарын хамгийн том өөрчлөлт байлаа.

Шинийн нэгний өглөө хот айлаараа харилцан хадаг барин золголоо. Манай нутгийн ёсоор бол айлын эхнэр шинийн нэгний өдөр айл хэсэлгүй гийчин зочноо угтан гэртээ байдаг. Гэтэл би хот газар айл босгосон тэр цагаас цагаан сараар нутагтаа харих бүр шинийн нэгний өглөө аав, ээжтэйгээ золгоод дараа нь айл саахалт садан төрлөөрөө орж шинэлдэг болсон.

Айл айлын гийчин зочин угтдаг өрөөнд хайрцагтай боов боорцог уул шиг овоолсон харагддаг байсан бол энэ жил огт харагдсангүй. Харин уламжлал маягаар хайрсан боовтой шинэлж байсан нь үнэхээр сайхан санагдлаа.  

Нутагт минь цасгүй, зудгүй сайхан сар шинэ болж байна. Монгол түмэн минь сайхан шинэлээрэй.

 

 

 

 

 

 

 

 

 

Зохиогч: Х.АРВИНТАЛ
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл