Хөххотын Төмөр замын товчооноос 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн “Боомт” нэртэй аялал жуучлалын галт тэргийг албан ёсоор ашиглалтад оруулах юм байна. Хөххот-Эрээн хот чиглэлийн тус галт тэрэг нь А, Б хоёр шугамаар аялах бөгөөд “Хятадын зуслангийн орд” хэмээгдсэн Уланцав аймгийн нутгаар дайран, аянчдын хамт Жинин-Эрээн хот чиглэлийн олон улсын төмөр замын дагуух үзэсгэлэнт байгальтай танилцан, Баянцагаан, Улаанхад зэрэг галт уулын цугларал ба Сайханталын байгалийн үзэсгэлэнг сонирхох болно. Мөн Монгол, Хятад хоёр орны хамгийн том хуурай газрын боомт Эрээн хотоор аялан, Монгол Улсын хилийн хот Замын-Үүдтэй танилцах боломжтой. Нэг удаагийн явж буцах нийт 982километрийн аян нь 3 хоног үргэлжлэх ажээ.
ӨМӨЗО нь тал нутаг, элсэн цөл, нуур цөөрөм, гол горхи, халуун рашаан, ой шугуй, уул хайрхан болон цөөн тоот үндэстний түүх соёл хэмээх “өвөрмөц долоон” аялал жуучлалын баялагтай. “Боомт” гэгдэх энэхүү мянган газрын галт тэрэг нь тал нутагт гялалзах зуу зуун тана сувдыг хэлхэн холбох мэтээр Өвөр Монголын аялал жуучлалын хөгжлийн аянд нэгэн үзэсгэлэнт өнгө төрхийг нэмэрлэх болно гэдэгт итгэж байна.
