
Сөнид зүүн хошууны Хонгор суурингийн Баянхонгор багт таван хошуу малаа малладаг Хүрэлбаатарынх хэмээх айл бий. Таван сүргийн хийморь бадраасан энэ айлыг сурвалжлахаар хүрсэн юм. Ойртоод очиход өег дулаан бууцтай, сайхан амьдрал угтана.
Сайны мэндтэй хүмүүстэй нь золгож танилцах гэгч юутай сайхан. Дээрээ настан бууралтай, дэргэдээ үр хүүхэдтэй энэ айлын амьдрал аз жаргалаар дүүрэн байлаа. Хүрэлбаатарын аав Даваа гуай 90 ойртсон ч бие тэнхээ сайн, ухаан санаа тунгалаг, өтлөх насандаа амьдралын сайхныг эдэлж явна. Буурал 50-иад онд хилийн цэргийн адууг хариулж байсан гэнэ. Ид хөдөлмөрлөж явсан насандаа их малч явж, мал сүргээ өнөр өсгөн, нутаг орондоо нэр хүндтэй явсан хүн. Буурал:
- Мал аж ахуйн оронд таван хошуу малаас дутуу байж болохгүй хэмээн цөөн хэдэн үгийг учир утгатай хэллээ. Энэ нь ихийг хүүрнэх ухаан шингэсэн үг болох нь маргашгүй.

Өнгөрсөн зун, намар энэ нутагт бороо хур сайтай байсан тул өтгөн шаргал бэлчээртэй өвөлжиж байв. 1333 га талбай бэлчээртээ зуслан, намаржаа, өвөлжөө, хаваржаа гээд улирлаар ээлжлэн ашиглах аж. Энэ өвөл 100 гаруй үхэр, 50 гаруй адуу, 60 гаруй ямаа, 300 гаруй хонь, 20 гаруй тэмээ онд орно. Эднийх тав зургаан жилийн өмнө өөрийн нутагтаа гурван улирлаар нүүж буун амьдарч байсан гэнэ. Одоо ч малаа нутаг сэлгүүлж малласаар. Бог мал мянга гарч, бод мал ч олон маллаж байжээ. Сүүлийн жилүүдэд нутаг бэлчээрийн даацдаа тохируулан бог малаа цөөлж, бод малаа илүү ихээр маллах болсон нь энэ.
Сайн үүлдрийн үхэр маллаж байгаа бөгөөд саяхнаас үнээ нь тугалж эхэлснээр шинэ сүү сааль тасраагүй байлаа. Нутгийн үхэр арчилгаа бага ордог ч үнэ ханшны талаар бусад үүлдрийн үхрийг хүрэхгүй болохоор Хүрэлбаатарынх энэ жил хоёр симентар үүлдрийн бух аваад байлаа. Адуу, тэмээ, ямаагаа ч цөөн тооны байхад нутгийн бэлчээр сэргэлтэд сайн гэж ярина.
- Би энэ айлын голомтын галыг нь бадрааж яваа бүсгүй хүн. Манайх удам сайтай айл. Угийн таван хошуу малаа маллаж ирсэн. Дээдийн үеэс уламжилж авсан сайн сайхан амьдралын заншил, мал маллах ухаанаа өвлөж явна. Таван эрдэнээ маллаж явна гэж Хүрэлбаатарын гэргий Дорноцэцэг ярив.

Дорноцэцэг зочломтгой үг яриа сайтай хүн байлаа. 2016 онд түүнд ӨМӨЗО-ы Ахмадуудын ажлын зөвлөл, Өвөр Монголын Ардын явдлын танхимаас “Ахмадаа хүндэлсэн ачлалт одон бичиг”-ийг гардуулсан байна. Хүү охин хоёртой, охин Золзаяа энэ жил их сургуулиа дүүргэж, хүү Хүсэлзаяа Өвөр Монголын Багшийн Их Сургуульд суралцаж байна.
Ийм нэгэн аз жаргалтай, амгалан тайван амьдралтай айл хилийн хонгор нутагт өнө шиг өвөлжиж байна билээ.
