Хятадын адууны соёлын 2 дахь удаагийн наадам болон ӨМӨЗО-ы олон улсын адууны соёлын анхны үзэсгэлэн "Дөрвөн цагийн үзэмчин" адууны соёлын зураг авах үйл ажиллагаа 07-р сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд Зүүн үзэмчин хошууны Мандахбулаг сууринд болж өндөрлөлөө.
Зүүн үзэмчин хошуу нь алдартай зураглаач болон орчин цагийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон нутгаа ухуулах зорилгоор тус үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Энэ үеэр Бээжин, Шанхай, Гуанжөү, Хонконг зэрэг газраас нийт 300 гаруй зураглаач оролцож, "Хятадын шарга адууны нутаг" хэмээгдсэн Зүүн үзэмчин хошуу," Жороо морины нутаг" хэмээх Мандахбулаг суурингийн наадмын торгон агшин болон малчдын амьдрал ахуй, байгалийн үзэмжийг зураглаж мөнхөлсөн байна.
Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү наадам Шарга адууны шалгаруулалт, Үзэмчин эмээл хазаарын шалгаруулалт, Жороо морины уралдаан, Дааганы уралдаан, Түмэн агтын зураг авах, Морь уургалах, Цэгээ амсах, Морин дээрээс хадаг шүүрэх, Морины эдлэл хэрэглэлийн үзэсгэлэн, Адууны тухай уран бичлэгийн үзэсгэлэн, Аялал жуулчлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн, Нутгийн хүнсний бүтээгдэхүүн, Хувцас загвар, Улаанмөчир чуулгын тоглолт зэрэг арга хэмжээнүүд багтаасан нижгэр наадам болж хотол олноо баярлууллаа.
/ Зургийг Д. БОЛД/










