Энэ оны намрын улиралд зохиогдсон үзэмчин хонины дуудлага худалдаа амжилттай болж өнгөрлөө. Нутаг нутгийн малчид бие бялдар сайтай, хэвлий янз онцгой, тарга хүч дүүрэн үзэмчин хонио сүргийн дундаасаа шилж сонгон тээж очсон байна. “Үс, тосон доогуур өөхөн цагаан бөмбөг” хэмээн магтагддаг, үзэх нүдийг хужирласан үзэмчин цагаан хоньдын дотроос малчин Дугаржавын хоньд олны анхааралд хүрч, үнэ дуудах хүмүүс үнэ нэмсээр нэг төлгөн хуц нь 20 мянган юаниар үнэлэгдсэн байна. Мөн шилдэг үүлдрийн малын сонгон шалгаруулалтад Дугаржавын төлгөн хуц, охин төлөг, хурган хуц нь тус тус тэргүүлж, 30 мянган юанийн шагнал тоссоноор хоёр өдөрт 50 мянган юань өвөртлөөд гарсан малчин Дугаржав харсан бүгдийг бишрүүлж, хашир туршлагатай малчин гэдгээ гайхуулан, ганзага дүүрэн буцсан байна.

Дугаржав Зүүн Үзэмчин хошууны Ээжнуур суурингийн Сайн-Ус багийн малчин. Далан насны өндөр давааг давж яваа аавыгаа хоймортоо завилуулсан Дугаржав гэргий хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эднийх цэвэр үүлдрийн үзэмчин хонь маллаад өнөөдрийг болоход 11 жилийн нүүр үзжээ. 2008 оноос эхэлж Дугаржавынх хонины үүлдэр сайжруулах ажлыг сайн хийсээр ирсэн нь цаанаа учиртай.
Энэ оны 08 дугаар сард болсон Баруун Үзэмчин хошууны “Удамт” холбооны II удаагийн Үзэмчин хонины шалгаруулалтад Дугаржав 2 охин хурга, 2 охин төлөг, 1 эм хонь, 1 төлгөн хуц нийт 6 хонь оролцуулсан бол нэг охин хурга нь тэргүүлж, охин төлөг нь гуравдугаар байр, охин хурга нь шилдэг байранд шалгарсан байна. Мөн өнгөрсөн жилийн шалгаруулалтад охин хурга нь тэргүүн байранд шалгарсан аж. Хоёр жил дараалан охин хургаараа тэргүүн нэрийг авсан нь Дугаржавын хувьд хэмжээлшгүй их баяр бахдал болжээ. Энэ оны 08 дугаар сарын эхээр болсон Шилийнгол аймгийн шилдэг үүлдрийн малын шалгаруулалтад тэрээр Зүүн Үзэмчин хошуугаа төлөөлөн хуц, охин төлөг, хурган хуц зэрэг гурван хонио оролцуулж, охин төлөг, хурган хуц нь тус тус тэргүүн байранд шалгарсан бол дараа нь болсон Зүүн Үзэмчин хошууны IX удаагийн Үзэмчин хонины наадамд 2 төлгөн хуц, 1 охин төлөг, 1 хурган хуц зэрэг нийт 4 хонио шалгаруулалтад оролцуулан, төлгөн хуц, охин төлөг, хурган хуц нь тус тус тэргүүн байранд тодрон, малчин эзнийхээ магнайг тэнийлгэн баясгаснаар барахгүй, үзэмчин хонины дуудлага худалдааны үеэр төлгөн хуц нь 20 мянган юанийн өндөр үнэ хүрч, хүн зондоо шагшуулсан нь энэ билээ. Малчин хүн малаараа бахархах нь хамгийн дээд жаргал билээ. Мөн чанар чансаа, тарга хүч хослуулсан малаараа олон түмнээрээ шагшуулах гэдэг юутай жаргал. Энэ нь түүний олон өдөр, зузаан хоногийн хөдөлмөр хүч.
- Малын шалгаруулалтад оролцоод, арваад өдрийн дотор олон арван мянган юанийн шагнал хүртлээ. Төлгөн хуцаа дуудлага худалдаагаар 20 мянган юаниар зарсан нь санаанд хүрэмгүй явдал боллоо. Миний хувьд үзэж сонсч байгаагүй өндөр үнэ хүргэлээ. Үзэмчин үүлдрийн хонь маллаж яваа малчин хүний хувьд маш их баярласан. Нэг тал шагнал хүртсэндээ баярлаж байгаа, нөгөө талаар орон нутгийн шилдэг үүлдрээ үржүүлж маллах нь мөн өндөр үр ашиг олж чадна гэдгийг харуулж байна гэж Дугаржав олзуурхан ярилаа.
Гучин насны дөрөөн дээр гялалзаж яваа залуу малчин Дугаржав цөөн малаас өндөр үр ашиг хүртэх замаар замнаж, үзэмчин үүлдрийн малынхаа чанар чансааг сайжруулан малласаар өнөөдрийг хүрсэн байна. Эднийх өнгөрсөн хэдэн жил үрийн мал сонгохдоо шилдэг үүлдрийн хуц худалдан авдаг байсан бол сүүлийн хоёр жилээс харин үрийн малын тусгай хоршоо буюу үрийн мал маллаж буй малчин айлуудаас шилдэг үүлдрийн хуцыг сонгон 45-50 хоногоор түрээсэлж, үнэ төлбөрийг нь тухайн жилийн хурганы үнэ ханшаар стандарт болгож тогтоодог байна. Өнгөрсөн жил нэг хуцыг 800 юаниар түрээсэлж, 150 эх малдаа нийт 3 хуц түрээсэлжээ.
Эх мал сонгохдоо өнгө зүсэм, бие бялдар, хэвлий нуруу, үс ноос, тарга хүч зэргийг голлон хардаг. Үзэмчин үүлдрийн хонь нь хар-нүдэн зүсмээр голлодог ба мөн цагаан, шар-нүдэн зэрэг зүсэмтэй байдаг. Дугаржав энэ баримжаагаар жил бүр хурганыхаа эхэлж төрснөөс бэлтгэл эх мал болгон 50 орчмыг үлдээдэг бөгөөд малын чанар чансааг батлахын тулд бэлтгэл эх малаа төллөх нас болохоос өмнө үрийн малтай огт нийлүүлдэггүй байна. Энэ тухай тэрээр хэлэхдээ:
- Хургыг 07-08 дугаар саруудад зардаг. Манай өвс бэлчээр хүрэлцээтэй байдаг учраас жил бүрийн 10 дугаар сар болж байж малаа зардаг. Хоёр сар хүлээгээд зарахад нэг хурга дунджаар 5 килограммаар нэмэгдэнэ. Энэ нь орлогын тал дээр бага бус ашигтай бөгөөд хурган хуцаа үрийн малын стандартаар зардгаас харьцангуй өндөр үнэ хүрдэг. Мөн анхны төл охин хургаа бэлтгэл эх малаар үлдээж, сүүлийн төл охин хургаа зах зээлийн үнээр зардаг гэлээ.
Дугаржавынх хувийн эзэмшлийн 840 га нутаг бэлчээртээ 300 гаруй үзэмчин хонь, 70-аад үхэр, цөөн тооны адуу маллаж байна. Тэрээр нутгаа гурван хэсэг хувааж, бэлчээр сэргээн ээлжлэн малладаг. Энэ нь бэлчээр өвсийг сэргээж, экологийг хамгаалах үр дүнтэй арга бодлого болж, мал сүргийнх нь үүлдэр сайжран, байгаль орчноо хамгаалах хос үр ашгийг өгсөн байна.
- Экологи, нутаг бэлчээрийг аль дээр үеэс анхаарсаар ирсэн. Нутаг бэлчээр, экологио хамгаалахгүй бол сайн үүлдрийн малыг яаж малласан ч үр ашиг авч чадахгүй юм. Өөрийн эзэмшил дэх нутаг бэлчээрийн төлөвлөлтийг сайн хийж, бэлчээр сэлгэн малласнаар өнөөдрийн энэхүү үр өгөөжийг хүртлээ хэмээн бодож байна. Хамгаалсны сайнаар энэ хэсэг нутаг бэлчээр маань манай хэдэн малд өгөөжөө өгсөн хэмээн Дугаржав ярилаа.
Хашир малчныг маллаж байгаа малаас нь шинжин таньж болдог ажээ. Дугаржавын малыг харсан болгон “Энэ малын эзэн ч малчин түмний үлгэр дуурайл болсон үзүүр сайн малчин байх даа” хэмээн ам дамжин ярина.
