БНХАУ болон Монгол Улсын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан хоёр орны сэтгүүлчдийн хамтарсан цуврал сурвалжилгын нээлтийн ёслол 2019 оны дөрөвдүгээр сарын 11-нд болов. Энэхүү арга хэмжээний хүрээнд ӨМӨЗО-ы хөгжил болон хэрэгжүүлж буй сайн туршлагатай танилцах аяллын эх нь энэ юм.

Нээлтийн үйл ажиллагааны дараагаар бид Хөх хотын Сайхан дүүргийн орчин үеийн хөдөө аж ахуйн паркад зочиллоо.
Хөх хот хүрээгээ тэлж, оршин суугчдын тоо нэмэгдсэнээр орон сууц, барилга байгууламж олноор сүндэрлэж буй нь тариалангийн талбай хоргодох үндсэн шалтгааны нэг болжээ. Тиймээс иргэдээ чанартай хүнсний ногоогоор хангахын тулд хүлэмжийн аж ахуйг дэлгэрүүлэхээр ажиллаж эхэлсэн байна. Өдгөө Хөх хотын хэмжээнд 5,000 гаруй хүлэмж бий. Гэвч хүлэмжийн аж ахуй нь гадаа талбайн тариалалтаас өөр тул тариаланч, ногоочдод үлгэр жишээ болгох, зааж сургах зорилгоор энэхүү Хөдөө аж ахуйн паркийг 2012 онд байгуулжээ.

“Гадаа тариалан эрхлэхэд зай талбай их шаардана. Мөн улирлаас ихээхэн хамаардаг. Тэгвэл бид хүлэмжид ногоо, жимс тариалах болсноор дөрвөн улирлын туршид хүнсний ногоо, жимсний хэрэгцээгээ хангах боломжтой болсон. Манай парк нь аж ахуй эрхлэхээс гадна тариалах, арчлах, тарьж ургуулсан ногоо, жимсээ хэрхэн борлуулах зэрэг сургалтын байгууллага гэж болно” хэмээн тухай тус паркийн ажилтан танилцууллаа.

Хөдөө аж ахуйн парк нь хоёр томоохон хүлэмжтэй бөгөөд нийт 109,890 м.кв талбайд 160 сая гаруй юанийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан. Ажилчдын тоо 12 ба 1,700 гаруй төрлийн ургамал ургуулж байна.

Үүнээс бид нэг хүлэмжтэй танилцсан нь усан худгийн хүнсний ногооны парк, цэцгийн хүрээлэн, халуун орны ширэнгэн ой зэрэг нийт зургаан хэсэгтэй байв.

