
Сэтгүүлчид 10 хоногийн хугацаанд Түвдийн Танка зургийн хүрээлэн, Лхас хотын эрүүл мэндийн үйлдвэрлэлийн Жиндү парк, төвд эмнэлгээр айлчилж, дэлхийн соёлын өв Будлан ордон, Их зуу хийдтэй танилцан, ТӨЗО-ны эдийн засаг, нийгмийн хөгжлийн ололт амжилт, соёл уламжлалыг хамгаалах талаар гаргасан нөр их хөдөлмөр, баялаг үр дүнтэй танилцсан юм.

Мөн Линьзи нутгийн эртний Тайжао хотын туурь, Лулангийн ойн далай, олон улсын жуулчлалын сууринд очиж, орон нутгийн түвд иргэдийн гэрээр зочлон, тэдэнтэй чөлөөтэй ярилцаж, орон нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, байгаль орчин хамгаалах, соёл, аялал жуулчлалыг нэгдсэн журмаар хөгжүүлж, орон нутгийн ард иргэдэд асар их үр өгөөж хүртээж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.


Сэтгүүлчдийн баг Сычуань мужид ажилласан 4 хоногийн хугацаанд түвд үндэстний өөртөө засах Ганьзи жөүгийн Даочэн, Литан, Яажян, Кандин зэрэг газар нутгаар аялж, орон нутгийн соёл боловсрол, аялал жуулчлал, ядуурлыг бууруулах, мөн ардын зан заншил, соёл уламжлалаа хамгаалан хөгжүүлж байгааг сурвалжилсан юм.

Сэтгүүлчдийн багийн гишүүд бүгдээрээ Хятадын ТӨЗО, Сычуань мужид анх удаагаа айлчилж байгаа тул сэтгэл өндөр байлаа. Тэд төвд нутгаар сурвалжилга хийх алтан боломжийг ашиглан, төвд нутгийн олон салбарын хөгжилтэй танилцаж, иргэдийн амьдралыг гүнзгий ойлгон, олон хэлбэрээр сурвалжилга хийж, Монголын ард түмэнд өргөн мэдээлэл хүргэхэд бэлэн болоод байна.

Аялан сурвалжлах багт МОНЦАМЭ, МҮОНТ, UBS, Eagle News TV, TV5, Монголын мэдээ сонин, MPA.MN сайтын 11 сэтгүүлч оролцсон бөгөөд, 14-нд Бээжин хотод хүрэлцэн ирж сурвалжилгаа эхлүүлсэн юм.





