solongonews
Цөхрөс даргын “Зуун мянган километр”
2018-05-23 20:46
Өвөр Монголын Ордос хотын Эзэнхороо хошууны Алтанширээт сумын төвөөс зүүн зүгт 50-иад километр аялаад Нарийнтохой сумын Хуягт тосгонд хүрдэг. 2014 оны 09 дүгээр сараас Эзэнхороо хошууны Намын хорооны албан танхимын ажилтан Цөхрөс тус тосгонд “Нэгдүгээр нарийн бичгийн дарга”-аар томилогдон, энэхүү замаар өдрийн хоёр удаа аялдаг болсноор гурван жил гаруйн хугацаанд нийт 100 мянган километр замнажээ. Ингээд бодохоор дэлхийн бөмбөрцгийг 2,5 тойрсонтой тэнцдэг аж.

Тавдугаар сарын 14-ний өдөр бид энэхүү замаар Цөхрөс даргатай хамт гарч, Хуягт тосгонд хүрсэн юм. Энэ өдөр тэр ядуу буурай өрх Лю Шүй-Юйгийнд хүрч, ядуурлаас ангижруулах дээд шатны төрийн бодлогын холбогдох хүснэгтийг бөглүүлэх ажилтай яваа аж. 68 настай Лю Шүй-Юй биднийг утган гарч ирлээ.

- 2016 оны хаврын нэгэн өдөр би тарианы газар дээрээ эрдэнэ шиш тарьж байснаа гэнэт ухаан алдаж унасан. Хоёр хүүхэд маань дэргэд байхгүй учир эхнэр маань хамгийн эхэнд Цөхрөс даргаас л тусламж гуйсан. Ингээд Цөхрөс дарга өөрийн машинаараа намайг хошууны эмнэлэгт хүргэж, амийг минь аварсан юм. Тэр цагаас хойш мөн олон ч удаа эмнэлэг явсан. Байнга л Цөхрөс даргын машинаар явдаг болсон гэж Лю Шүй-Юй ярьж байлаа.

Цөхрөс дарга /зүүн/ Лю Шүй-Юйгийнд

Нарийнтохой сумын ядуурлыг бууруулах ажлыг хариуцаж байгаа сумын орлогч засаг дарга Жан Юйтин Цөхрөсийн тухай ярихдаа:

- Ажилдаа их үнэнч хүн. Өдөр бүр л оргилсон халуун сэтгэлээр ажилдаа орж, тосгоны иргэдийн их бага ажил бүгдэд нь үйлчилдэг. Одоогоор бараг л манай тосгоны хүн болсон гэж үнэллээ.

Баг тосгоны олон нийтийн аж үйлдвэрийг хөгжүүлэх нь бүс нутгийн ядуурлыг бууруулах ажлын нэг сайн арга зам юм. Сүүлийн жилүүдэд залуус хотод орж ажил алба хийх болсноор хөдөө орон нутагт хөдөлмөр хүч дутагдах болжээ. Хуягт тосгонд л гэхэд хөдөлмөр хүчний 85 хувь нь 60 наснаас дээш насны хүмүүс байдаг. Энэ нөхцөл байдалд зориулж ямар хэлбэрийн олон нийтийн аж үйлдвэр эрхлэх вэ хэмээн Цөхрөс дарга нэлээд удаан тархиа ажиллуулсны дүнд гахай тэжээх талбай гаргасан байна. 2017 онд тэд 200 мянган юанийн зээл авч, 400 метр квадрат бүхий гахай маллах суурингаа байгуулсан боловч гахайн тоорой авах мөнгөгүй байв. Ийнхүү Цөхрөс өөрөөсөө 20 мянган юань гаргаж 20 тоорой худалдан авчээ.

- Тосгоны нийтийн аж ахуй хөгжөөгүй хэдий ч бид туршлага хуримтлуулахаар гол зорилгоо болгосон. Өнгөрсөн жил 20 гаруй гахай зарж, хэдэн арван мянган юанийн орлого олсон бөгөөд тэр мөнгөөрөө ядуу буурай амьдралтай сурагчдад тэтгэлэг олгосон. Хамгийн гол нь бид энэ ажилдаа итгэлтэй болоод байна. Энэ жил 40 гахай нэмж тэжээхээр төлөвлөж байна хэмээн Цөхрөс итгэл төгөлдөр ярьж байлаа. 

Зохиогч: Оюунбат, Шилийнгэрэл, Гоо, Эрдэнэжаргал
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл