2030 га талбай бүхий нутаг бэлчээртэй аж. Хонин сүргээсээ энэ хавар 800 гаруй төл авсан гэж байлаа. Үүдэнд нь зогсох “TOYOTA 4000” машинаа аваад зургаан жил хэрэглэж байгаа гэх боловч шинээрээ харагдаж, цэвэр цэмцгэр гамтай гэдэг нь харагдана. Ханш болбол төл эхэлнэ хэмээн саах туухад унах хонины морьдоо хүртэл барьж бэлдээд байлаа.
Өнгөрсөн жил нийт 700 мянган юанийн орлого олжээ. Билэгбаатар өөрөө зангиат бөх хүн, ажлын заваараа найр наадмаар зодоглож сэтгэлээ сэргээдэг гэнэ. Гэргий Оюунчимэг нь гэр гаднахгүй цэвэрхэн авч явдаг үйлэнд уран, саальд гарамгай ажилч бүсгүй байлаа.
Монгол хувцасны хөгжлийг дагаад хот хөдөөгийн хүмүүс бүгд л монгол хувцас гоёлоо хүнээр оёулж өмсдөг болсноос хөдөө нутагт монгол үйл оёдолтой уран бүсгүйчүүд ховордож эхэлжээ. Ингэхэд малчин бүсгүй Оюунчимэг харин малаа маллахын хажуугаар үйл оёдлоо ч амжуулж явдаг нь үнэхээр гайхалтай. Эднийх бараг жилийн дөрвөн улиралд булгаар гутал, дээл тэрлэгээсээ салдаггүй, гоёонд өмсөх шинэ дээл, ажилд өмсөх хуучин дээл гээд олон олон дээл тэрлэгтэй аж. Жил бүр шинээр нэмж оёдог байна.

Оюунчимэг 15 настайдаа ээжээсээ оёдол сурчээ. Тэр цагаас хойш оёдлоо огт орхиогүй байна. Янз бүрийн гадаад загварын хувцас өмсөх болсон өнөө цагт ч уламжлалт хувцас гоёлоо дээдлэн өмсөхийг эрхэмлэсээр ирсэн аж.
- Өөрийн өмсөх тэрлэг дээлээ өөрийн гараараа оёх нь миний хувьд их амар санагддаг. Монгол хувцас гоёлоо эрхэмлэн дээдэлж, өмсөж эдлэх нь бидний үүрэг гэж боддог. Ялангуяа монгол хувцас гоёлоо урлаж оёх нь манай монгол бүсгүйчүүдийн хариуцлага гэж боддог. Тийм ч учраас би аав ээж, нөхөр хүүхдийнхээ дөрвөн улирлын бүх монгол хувцас гоёлыг өөрөө оёдог. Хамаатан садандаа бэлэглэх хувцас гоёлыг ч өөрөө оёдог. Жилдээ дор хаяж 6 зах монгол хувцас оёж байгаа гэж Оюунчимэг үйл оёдлын хажуугаар ярьж суулаа.
Оюунчимэг зүү ороох, хаваас хавах, эсгэх зэрэг нарийн ажлыг бүгдийг өөрөө хийнэ. Мөн цамц, тэрлэг, малгай, эсгий оймс, дах зэргээ бие дааж ганцаараа оёдог байна. Багагүй мөнгө хэмнэдэг гэдгийг ч түүний ярианаас мэдсэн юм.
- Үйл оёдол гэдэг чинь уйгагүй оролдох ажил, залхуурвал бэлэн аваад өмсөж болох л юм. Гэхдээ миний хувьд хүнээр оёулаад өмсөх болон өөрийн гараараа оёж өмсөх нь сэтгэл санааны хувьд маш их ялгаатай санагддаг. Заримдаа дал мөрөө хөштөл оёдог ч оёод дуусахад сэтгэл санаа сайхан болдог болохоор үйл оёдолд шамдах нь миний амьдралын бас нэгэн жаргал гэлтэй хэмээн Оюунчимэг олзуурхан ярилаа.


Амгалан хилийн малчид амьдралаа ийм сайхан цогцлоож байгааг харсан хэн бүхэн бахархахгүй ч яах билээ. Сэтгүүлч миний бие ч шагшин биширч, тэдний амьдрал үйлдвэрлэлийг дурандаа шингээн, та бүхэндээ сонирхуулж байгаа минь энэ билээ.
