Эрт урьдын цагт харийн хааны эзэн ноён мянган цагаан тэмээний бэлэг өргөн барих гэж бэлдэж байтал яг 999 болж байтал нэг цагаан тэмээ ор тас дутжээ. Тэгэхээр нь яриг цагаан ингийг аваад царги цагаан ботгыг нь арван алд сураар аргай зандан модонд хүлээд орхижээ.
Эхээ санан шаналж буйлсан ботгыг өрөвдөөд аргай зандан мод түүнийг суллаад явуулжээ. Гэтэл эзэн ноён нь өнчин ботгыг барьж аваад хамгийн их зуудаг буурны хүзүүнээс арван алд төмөр гинжээр холбон орхижээ. Өнчин ботго гурван шөнө гурван өдөр буйлахаар нь эмнэг догшин буур уярч төмөр гинжийг тас хазаад ботгыг зорьсон зүгт нь явуулжээ. Гэвч эзэн ноён бас олж хараад агсам шарга мориороо ахин хөөхөд, шарга морь нь өнчин цагаан ботгыг дахин барихгүй хэмээн өрөвдөөд явахгүй зогсоод байжээ. Өнчин цагаан ботго цаашаа ташиж явтал нэгэн том гол таарчээ.Түүнийг туулан гарч чадахгүй өөдөө уруугаа гурван хоног гүйж, хоёр өдөр тэшин буйлж явахад нь нэгэн том загас өрөвдөж, гүүр мэт хөндлөн хэвтэж ботгыг гол гаталгажээ. Цааш тэшин явтал олон чоно тааралдаад багалзуурдан унагаахад хамаг зовлонгоо тоочиж “Чоно гуай та намайг зооглох гэвэл зооглоорой, дээрээс минь зоогловол шалчгар хоёр бөх минь байна. Хажуугаас минь зоогловол цөцгөр дөрвөн хөл минь байна. Хаа дуртай газраасаа зоогло доо” гэхэд өлөн чононууд өнөөх ботгыг өрөвдөөд бас явуулжээ.

Өнчин ботго тун их баярлаад тэшин явтал ээж нь хүүгийнхээ дууг гурван жилийн газраас сонсчхоод уйлан буйлан тэшиж иржээ. Ээж нь хүүтэйгээ уулзаад их л баяртай байтал олон цэрэг ирж явааг хараад миний хүү хурдан зугтаж амьдар гэсэн боловч ботго нь эхээсээ салж чадахгүй байжээ. Тэгэхэд ээж нь хөхнийхөө сүүгээр ширүүн бороо мэт шүршин байж арайхийн хойд уулан дээр гарган хэвтүүлэхэд олон хоногоор ядарч зүдэрч явсан ботго нь ээжийгээ харан харсаар унтаж орхижээ.
Нэг сэрсэн чинь ээжийнх нь байсан газар нь хоёр том хар юм байж гэнэ. Дээгүүр нь хорь гаруй том шувуу нисэн буух нь харагдана гэнэ. Тэгээд бөн бөн тэшсээр очсон чинь ээжийнх нь толгойг сэвстэй нь хаячихсан байв гэнэ. Түүнийг үзсэн өнчин цагаан ботго дуран хар нүднээсээ бөөм бөөм нулимс асгаруулан, гурван хоног ээжийнхээ толгойтой хошуу нийлүүлэн буйлж байхад нь баруун хойноос баахан олон улаан тэмээд гарч ирээд өнчин цагаан ботгыг өрөвдөн хайрлан авч одсон гэнэ.
