
Ээжээ …
Та намайг огторгуйн хамгийн чухагт нандигнадаг билээ.
Та намайг хүн төрөлхтний оргил нь хэмээн саравчлан омогшдог билээ.
Та намайг бурхны ивээл хэмээн даатган залбирдаг билээ.
…
үнэхээр бурхан байдаг сан бол ээжийг минь урт наслуулаарай.
Ээжийгээ үүрч Лхаст мөргөл хийж яваа ачлалт хүүгийн зураг бичлэг вичатаар түг түмэнд цацагдаж, өндөр настай ээжээ хайрлан хүндэлж, ачлалын дээдийг биелүүлж яваа энэ монгол эрийг харсан бүхэн хүндэтгэн биширч байлаа. Энэ хүнийг Бүрэн-Өлзий гэдэг. Өвөр Монголын Алшаа аймгийн Алшаа баруун хошууны Алтанцог сумын Наранбулаг багийн хүн. Бүрэн-Өлзий өөрийн ээж, гэргий, эгчтэйгээ нэг долоо хоногийн өмнө Алшаа баруун хошуунаас гараад 07 дугаар сарын 19-ний өдөр Лхаст хүрсэн юм. Тэр Богдын оронд ээжээ үүрэн эргэл мөргөл хийж явна.

Бүрэн-Өлзийн ээжийг Дива гэдэг, халх удамтай. Энэ жил 84 настай, насаараа мал малласан, их сүжигтэй хүн. Дива ээж 8 хүүхэдтэй. Бүрэн-Өлзий бол түүний хамгийн бага хүү. Бүрэн-Өлзий ах, дүү хэдүүл жил бүр ээжээ үүрч сүм хийдээр мөргөл даатгал хийдэг. Гүмбэн хийд, Лавиран хийдээр олон удаа очиж байсан ба Монгол улсын Эрдэнэ зуу хийд, Хамрын хийдээр мөргөл хийсэн байдаг.
- Би ээжээ үүрээд Чингис хааны хөшөөнд мөргөл хийж байсан, ээжээ үүрээд явна гэдэг сайхан гэж Бүрэн-Өлзий ярьж байсан юм.
Лхас бол өндөрлөг газарт байрладаг учраас 84 настай ээжээ үүрээд мөргөл хийгээд явахад Бүрэн-Өлзийн хувьд төдийлэн амаргүй байлаа. Их ядарч байсан ч ээжээ үүрээд бурхны оронд ирсэндээ Бүрэн-Өлзий сэтгэл өндөр. Ээжийнхээ хүсэж мөрөөдөж байсныг биелүүлнэ, ээжээ баярлуулна гэдэг үнэхээр аз жаргал юм.

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой.
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай гэж Ц. Хулангийн шүлгээс уншиж, ээжийгээ урт наслуулж удаан жаргуулан, үр хүүхдүүдийнхээ сайн сайхныг үзэхийг хүсэж байна гэж тэрээр хэллээ.
- Ээж маань намайг зүндээ үүрч байсан, хамгийн тод цээжилж байгаа нь 1987 онд намайг 6 настай байхад ээж минь намайг үүрээд аравдугаар дүрийн Банчин-Эрдэнэд мөргөхөөр явсан байдаг. Нэг бүсгүй хүн 6 настай хүүхдийг үүрээд олон мөргөлчний дунд мөргөл хийнэ гэж үнэхээр амаргүй. Одоо бодоход тэр үед ээжийгээ дэндүү их зовоож байжээ. Одоо би ээжээ үүрээд хаашаа ч очихоос халшрахгүй, чадал байгаад боломж байдаг л юм бол ээжийнхээ хүрэх гэсэн газар бүхэнд ээжийгээ үүрч явна гэж Бүрэн-Өлзий ярьлаа.
Шүүдрийн мянган дуслаар ээждээ цай чанаж өгсөн ч ганцхан шөнө нойроо хугаслаж хөхүүлж байсан ачийг нь хариулж гүйцэхгүй гэдэг.
