Хөххот гаалийн статистикийн мэдээгээр энэ жилийн эхний хоёр сард ӨМӨЗО-ны гадаад худалдааны импорт, экспортын барааны нийт өртөг 16.5 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 9.6 хувиар өссөн нь бүх Хятад улсын гадаад арилжааны импорт, экспортын барааны өсөлтийн хурдаас 8.9 нэгжээр илүү байгаа юм.
Тухайлбал, импортын барааны нийт өртөг 10.62 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар өссөн байна. Экспортын барааны нийт өртөг 5.88 тэрбум юаньд хүрч, 8.8 хувиар өсчээ.
Эхний хоёр сарын байдлаас үзэхэд Өвөр Монгол орны гадаад арилжааны бүтэц үргэлжлэн сайжирч, хэдэн талын онцлог илэрсэн байна. Тодруулбал, ерөнхий худалдаа түргэн өссөн бөгөөд эзлэх харьцаа нь ч нэмэгдэж, импорт, экспортын нийт хэмжээ нь 10.46 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 15 хувиар өсөв. Энэ хугацаанд нийт Өвөр Монгол орны гадаад худалдааны импорт, экспортын барааны нийт өртгийн 63.4 хувийг эзэлж буй. Жижиг хэмжээний худалдааны импорт, экспортын барааны нийт өртөг 3.99 тэрбум юаньд хүрч, ӨМӨЗО-ны гадаад худалдааны импорт, экспортын барааны нийт хэмжээн дэх эзлэх харьцаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2.8 нэгжээр буурсан байна. Үүнээс гадна, бонд агуулахын баталгаат барааны импорт, экспортын нийт хэмжээ 1.39 тэрбум юаньд хүрч, 33.3 хувиар өсч, эзлэх харьцаа нь 1.5 нэгжээр өсөв. Боловсруулалтын худалдааны импорт, экспортын нийт хэмжээ 590 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 21.1 хувиар буурч, эзлэх харьцаа нь 1.4 нэгжээр буурав.
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд импорт, экспортын үндсэн хүч болж, импорт, экспортын барааны нийт хэмжээ нь 11.16 тэрбум юаньд хүрсэн ба өнгөрсөн оны мөн үеэс 9 хувиар өсч, ӨМӨЗО-ны гадаад худалдааны импорт, экспортын барааны нийт хэмжээний 67.7 хувийг эзэлсэн байна. Энэ хугацаанд мөн төрийн өмчит аж ахуйн нэгжийн импорт, экспортын барааны нийт өртөг 4.27 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 11.2 хувиар өсөв. Түүнээс гадна, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн импорт, экспортын барааны нийт хэмжээ 1.06 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 8.6 хувиар өсчээ.
“Бүс ба зам”-ын дагуу улс орнуудтай хийсэн гадаад худалдааны өсөлт нилээд сайн байж, импорт, экспортын барааны нийт өртөг 10.19 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 9.1 хувиар нэмэгдсэн ба гадаад худалдааны хөгжлийг дайчлах шинэ хөдөлгүүр хүч болж байна.
