Монголчуудын уламжлалт овооны тахилга ойртож, билгийн улирлын таван сар ирэх ойртлоо. Овоо усаа тахих нь эх байгалиа шүтэн дээдэлдэг монголчуудын нандин ёс заншил учир жил бүр уламжлал ёсоор явагддаг. Харин овооны тахилгын дараа газар сайгүй хаягдсан архины шил, гялгар уут, ундааны сав зэрэг нь ёс заншилтайгаа арай зохицохгүй болоод нэлээд уджээ.

Сүүлийн жилүүдэд нэг хэсэг ойлгож сэхээрсэн хүмүүс юуны тэргүүнд хөдөө нутгийнхаа хог хаягдлыг цэвэрлэхийг уриалан, өөрийн эрхэм дээд бодит үйл ажиллагаагаараа харуулсан байдаг. Ийнхүү “Тулга хайр халамжийн нийгэмлэг”, “Ивээл байгаль орчин хамгаалах нийгэмлэг” гэхчлэн олон арван сайн дурынхны нийгэмлэг хойно хойноосоо байгуулагдсан байна. “Эдгээр архины шил зэрэг хаягдал нь хэдэн зуун жил болсон ч устаж үгүй болдоггүй. Тэр чигээрээ байгаль орчныг бохирдуулж, хүн малд хөнөөл учруулдаг. Манай нэг найзын ярьж байснаар үхэр нь өвс идэхээ байгаад гэдэс гүзээ нь хөөж үхсэн байна. Харин юунаас болсныг үзэхэд гүзээнээс нь 35 кг гялгар уут гарсан байна. Энэ мэтийн явдал мал аж ахуйн өрхүүдэд байнга тохиолддог. Энэ бүхнийг бодохоор үнэхээр сэтгэл шимшрэх юм” хэмээн Дархан Муумянган холбоот хошууны “Ивээл байгаль орчин хамгаалах нийгмийн асрамжийн нийгэмлэг”-ийн тэргүүлэгч Бадрангуй ярьж байлаа.


Бадрангуй 2006 онд Аргентин улсад суралцахаар очиж, 2012 онд буцаж иржээ. Хэзээ хаана хэчнээн хол явсан ч өсөж төрсөн өлгий нутаг гэдэг хүмүүсийн зүрх сэтгэлээс хэзээ ч уяатай. Хүний нутаг хэдий сайхан ч унасан шороо угаасан усыг гүйцэхгүй санагддаг. Аргентинд байх хугацаандаа Бадрангуй олон зүйл үзэж нүд тайлжээ. Тэдгээрийн дотроос хүмүүсийн байгаль орчноо хамгаалах үзэл ухамсар нь түүнд маш их сэтгэгдэл үлдээсэн байна. Тэрээр нутгийн хүмүүс эх байгалиа ёстой үзэх нүдний цөцгий шигээ хайрлаж хамгаалдаг. Нийтийн амралт тавих болгон хээр зугаалахаар гардаг. Хээр хооллож, голын уснаасаа шууд аваад уудаг. Тоглож наадаж дуусаад буцахдаа хог новшоо бүгдийг нь цэвэрлээд аваад явдаг. Эхний хүмүүс нь ууттай хог хаягдлаа мартсан ч дараагийн олж харсан хүн нь аваад явдаг заншилтай. Үүнээс гадна гудамж талбайд нохой нь баахад тэр доор нь цаас тавин дуусахад нь хогийн саванд хийдэг байна.

Үнэндээ монголчууд эрт дээр үеэс байгаль орчноо хамгаалдаг сайхан ёс заншилтай үндэстэн билээ. Нүүж буухдаа үнс хогоо цэвэрлэж, бууцандаа хог үлдээдэггүй ариун нандин ёс заншилтай. Энэхүү сайхан уламжлалаа хадруулах үүднээс Бадрангуй бусад байгаль орчин хамгаалах нийгэмлэгээс ч мэдлэг туршлага суралцсаны дараа “Ивээл байгаль орчин хамгаалах нийгмийн халамжийн нийгэмлэг”-ээ 2015 онд байгуулж, байгаль орчин хамгаалж, хог цэвэрлэх үйл ажиллагааг эхлүүлжээ.
Мөн байгуулагдсан тухайн жилдээ Бадрангуй хошууныхаа бөхчүүдийг уриалан Баатар овооноос эхлэн цэвэрлэгээ хийв. Дархан Муумянган холбоот хошууны хэмжээнд Баатар, Тохой, Баян-Ухаа, Давсань овоо зэрэг их бага 20 шахам овоо байдаг. Билгийн улирлын 05 дугаар сарын 13-нд арван хэдэн овоо тахидаг. Анх нэг хэсэг хүмүүс цэвэрлэгээ хийхэд нутгийн хүмүүс ойлгохгүй байв. Үүнээс гадна хог новшоо замын хоёр хажуугаар хаядаг малчид байнга тааралдана. Мөн машиныхаа цонхоор хог хаях нь зарим хүмүүсийн дадал зуршил болж, хувиа хичээсэн бодолтой болжээ. Бадрангуй машин тэрэгний цонхоор хаягдсан ундааны савнаас тойрч гарах гэж байгаад хөрвөж байсан машиныг нүдээр харж байв. Ийм болохоор тэрээр зам дээр хог новш байгааг үзэж чаддаггүй гэнэ. Нэг удаа том оврын машины дугуй зам дээр хаягдсаныг машиндаа ачин хошууны төвд ирээд машинаа угаалгаж таарахад хог хаягдал түүж амь зуудаг хүн юм уу та? гэж асуусан гэнэ. Үнэндээ хог хаягдлыг хошуу суурин орохдоо хогийн саванд хийх боломж олон айлд байдаг. Энэ бүхнээс үзэхэд байгаль орчин хамгаалахад гол нь олон нийтийн ухамсарт түшиглэх хэрэгтэй. 2015 онд Баатар овоог цэвэрлэж хоёр машин архины шилийг түүж цэвэрлэхэд зарим нь ойролцоогоор арав хорин жилийн өмнөх архины шил байжээ. Тэдний хог цэвэрлэж байгааг ойр орчмын мал хар нь хог новш идэн хохирч байсан малчид ойлгож, хамтдаа цэвэрлэж эхлэв.
Аажим аажмаар дөрөв дэх овоондоо цэвэрлэгээ хийж байхад малчид сайн дураараа цэвэрлэдэг болсон байна. Хошууны эвлэлийн хороо, Биеийн тамирын зөвлөлөөс ч тэдний үйл ажиллагааг дамжиж, бээлий, уут, хүрз, бензин тосоор хангах зэрэг зохих дэмжлэг үзүүлсэн байдаг. Үүнээс гадна Ивээл нийгэмлэгийн гишүүд нь бүгд сайн дурынхан бөгөөд өөрийн цаг хүч хөдөлмөрөө зарцуулан бусдад тус хүргэхийг бодсон буяны сэтгэлтэй хүмүүсээс бүрдсэн билээ. Тэд замын алжаал, ажлын ядаргааг юманд боддоггүй. 2016 онд Ивээл нийгэмлэг хошууны хэмжээний 22 овооны хог хаягдлыг цэвэрлэж, нийт 30 тонн хог цэвэрлэсэн байна. Үүгээр ч барахгүй тус нийгэмлэг Батхаалга сууринд байрлах Хонгортал ахмадын асрамжид хүрч, ахмадуудын үс гэзгийг нь засаж, газрыг нь хагалж хүнсний ногоо тарьж өгчээ. Хэдэн монгол буурал өдөр туж гахайн мах идээд сэрүүдэж байна хэмээн ярьж байсан болохоор хошууныхаа Наранмандал хоршоотой хамтран ажиллаж, хайрцагласан 2 бүхэл хонины мах болон Сүмбэр нэртэй малчны хүргэсэн амьд хонийг буурлуудад хүргэн хүлээлгэн өгч, шинэ махны шөл уулгаж, ахмадуудыг түрхэн хугацаанд ч гэсэн баярлуулжээ.
Өнгөрсөн жил овооны ойр орчмын хог хаягдлыг үндсэндээ цэвэрлэж дуусан, хог хаядлын хэмжээ ч илт багассан байна. Баярлууштай нь малчид, овооны наадмаар дэлгүүр ажиллуулж наймаа хийдэг хүмүүсийн ухамсар ч дээшилж, өөрсдийн хог новшоо өөрсдөө цэвэрлэдэг болжээ.

Өнөөдөр болоход Ивээл нийгэмлэг 400 шахам гишүүнтэй болж, ажлын зав чөлөөгөөрөө идэвхтэй оролцдог хүн маш олон болжээ. Мөн Батхаалга суурингийн Дулаан гэр нийгэм дүүргийн 45 наснаас доош насны хүмүүст зориулан тусгай нэг холбоо байгуулан хог цэвэрлэж байна. Ивээл нийгэмлэгийн хийсэн үйл ажиллагааны хариуд малчид талархлын тугаар урамшуулсан байдаг. Нэг удаа Бадрангуй хамт олонтойгоо Давсан овоон дээр цэвэрлэгээ хийж байхад Хишигначин гэх залуу өөртөө байсан 50 юаниа өгөн ус авч уугаарай гээд явж байсан удаатай. Энэ мөчид тухайн талбайд байсан хүмүүсийн царайнд баярын мишээл тодорч, сэтгэлд нь эрч хүч нэмэгдэж байсан гэдэг. Ийнхүү Ивээл нийгэмлэгийн хамт олны хийсэн ажил олон хүнд мэдрэгдэж танигдсаар байна…

Бадрангуй болон Ивээл нийгэмлэгийн гишүүдийн хувьд байгаль орчин хамгаалж, хог цэвэрлэх нь үүрэг хариуцлага болсон гэхэд болно. Ивээл нийгэмлэг уржнан бага сургуулийн 2-р анги, дунд сургуулийн 2-р ангийн сурагчдыг дагуулан Батхаалга суурингийн эргэн тойрны хог хаягдлыг цэвэрлэв. Сурагчдыг багаас нь байгаль орчноо хайрлаж хамгаалах хүмүүжил суулгах хэрэгтэй хэмээн Бадрангуй сургуулиар явж, яриа илтгэл хийдэг байна.
- Бид зөвхөн хог цэвэрлээд л болох зүйл биш. Харин хүмүүсийн үзэл бодолд байгаль орчноо хамгаалах үзэл ухамсрыг суулгах хэрэгтэй. Хүмүүсийн үзэл ухамсар дээшилж хогоо хаягдлаа сайн дураараа цэвэрлэж, байгаль орчноо хайрлан хамгаалдаг дадал зуршилтай болбол бидний ажил жинхэнэ утгаараа амжилтад хүрнэ хэмээн Бадрангуй ярьж байлаа.
