
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххот
2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр
Солонго мэдээллийн төвийн хамт олонд:
Юуны өмнө та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.
Монгол, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн баяр болон БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг бид хамтдаа угтан авлаа.
Монгол, Хятад хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн хугацаанд хоёр орны дээд түвшний уулзалт хэлэлцүүлгийг олон удаа зохион байгуулж, иргэд хоорондын харилцаа тасралтгүй хөгжиж, хоёр талын хамтын ажиллагаа өргөжин, нөхөрсөг хөршийн үлгэр жишээ болж, хамтдаа хөгжин цэцэглэсэн билээ.
Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа нь улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн зэрэг олон салбарт хурдацтай хөгжиж, түүхэн шинэ түвшинд гарсан. Энэ бүхэнд та бүхний хичээл зүтгэл хувь нэмрийг дурдах ёстой. Бидний хамтын хүчин зүтгэлээр хоёр орны ард иргэдэд үнэн бодит үр ашгийг хүртээж, Монгол, Хятад хоёр орны нөхөрсөг харилцаанд шинэ хувь нэмрээ оруулна гэдэгт бид итгэл дүүрэн байна.
БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баяр болон Монгол, Хятад хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн баярыг тохиолдуулан миний бие Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консулын газрын нэрийн өмнөөс та бүхэндээ мэндчилгээ дэвшүүлж байна.
Та бүхэнд ажлын өндөр амжилт, айл гэрийн аз жаргал бүхнийг хүсэн ерөөе.
Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий Консулын Газар
Консул ГАНТУЛГА
