Өвөр Монголын Фэн Чуань Жю Шин архины компанийн үйлдвэрийн газрын дарга, Улаанцав хотын нийтийн халамжийг хөгжүүлэх нийгэмлэгийн дарга Жан Гэньжю яг ийм хүн. Тэрээр Хятадын хөдөлмөрийн баатраар энгэрээ мялаалгажээ.
- Намын XVIII их хурлын төлөөлөгч болж сонгогдоод их баярласан. Энэ удаа дахин төлөөлөгчөөр сонгогдоод сэтгэл өндөр байгаа бөгөөд үүрэг хариуцлага илүү хүнд болж байгааг мэдэж байна хэмээн 49 настай Жан Гэньжю сэтгэгдлээ хуваалцлаа.
Ерөөд оны эхээр Жан Гэньжю Улаацавын Аж Үйлдвэрийн Сургуулийг төгсөж, архины үйлдвэрт ажилласан байна. Ажилдаа гарамгай, сурч судлахдаа хянамгай тэрээр удахгүй хэн бүхний анхааралд оржээ.
- Хожим нь үйлдвэрийн тасгийн эрхлэгч тэтгэвэрт гарснаар бид түүнийг үйлдвэрийн тасгийн даргын тушаалд томилохоор тогтсон гэж компанийн орлогч менежер Люй Ланьжү танилцууллаа.

Жан Гэньжю эрхлэгч болсныхоо дараа мөн л даруу хичээнгүй сурч судалсан байна. Энэ бүхний дундаас хуримтлуулсан мэдлэг, туршлага нь сүүлийн ажилд нь тун их тус дэм болжээ. 1999 онд архины үйлдвэрийн нэрсэн архины чанар муудсанаар үйлдвэрийн бүх хэлтсийн бүх хүн түүхий эд, процесс, технологи зэрэг талыг хамарсан бүх бололцоог шалган хянасан боловч учрыг нь чадсангүй. Ингээд архи үнэ хүрэхгүй болж, архины үйлдвэр хүнд хэцүү нөхцөл байдалд тулгарсан байлаа. Яг энэ үед Жан Гэньжю түүхий эд хадгалдаг зооринд асуудал байгааг олж мэдээд үйлдвэрээ гал уснаас аварсан байна. Тэрээр тасгийн ажилтнуудаа удирдаж, зоорины нүхийг засаж, архины чанар муудаж байсан асуудлыг шийдвэрлэснээр үйл барам 1 сая гаруй юань хэмнэж чадсан байна.
- Сүүлийн жилүүдэд манай компани хэд хэдэн удаагийн технологийн өөрчлөлт хийсэн. Жан Гэньжю тун чухал хувь нэмэр оруулсан гэж компанийн менежер Жан Зэминь ярив.
Бээжингийн нийтийн халамжийн үйлчилгээний хөгжлийг дэмжих нийгэмлэгийн дарга Дэлинхүү 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Фэн Жэнь хотын Гуань Түнь Бао бага сургуульд хандив өргөх үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Жан Гэньжю энэхүү арга хэмжээнд оролцсоноор барахгүй Жан Гэньжю нийтийн халамжийн салбарыг хөгжүүлэх нийгэмлэгийг байгуулсан байна. Сүүлийн жилүүдэд түүний зохицуулалтаар Хятадын бусад муж хотууд Улаанцав хотод 600 мянган юанийн өртөг бүхий эд бараа хандивлаж, 232 амьдралын боломжгүй сурагчид туслан, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтаар хөдөө оронд бага сургууль, 20 гаруй номын өрөө байгуулсан байна.
- Миний зохицуулсан энэ бага сага хандив ядуу буурай гэр бүлийн бүхий л асуудлыг үндсээр нь шийдэж чадахгүй боловч намын гишүүний хувьд хүмүүстэй хамтран ядуу буурай амьдралтай ард иргэдэд анхаарал хандуулах дээр зорилго тавьж байна хэмээн Жан Гэньжю өөрийн хүсэл найдварынхаа тухай товч өгүүлжээ.
