Захирал Хасбаатар Цахар нутгийн хүн, Эрээн хотноо ажил албатай боловч тэтгэвэрт гарсан тэрээр 2013 оноос эхлэн хүргэн дүү Эрдэнэтэйгээ хамтран айраг гаргах, жуулчдад морь унуулах, нум сум харвуулах, ингэний хоормог борлуулах ажлыг хийсээр ирсэн байна.
Эрээний их хөндий, говь нутгаар тэмээ олон байдаг ч тэр газрын малчин айлууд ингээ сааж ашиг орлого олох ажил хийдэггүй. Ийнхүү тэмээ олон байтлаа түүний сүү саалийг борлуулдаггүй нь Хасбаатарт олон зүйлийг бодуулсан бололтой. 2013 онд тээрээр 150 мянган юанийн хөрөнгө орлуулж, Сөнид зүүн хошууны Сайханговь сумаас арван хээлтэй ингэ авч сурган номхруулан, сүүг нь сааж сургаснаар ойрын хоёр жилээс сааль сүүг нь борлуулж ашиг хүртэж байна. Анх их сургуулиа төгссөн Алшаа нутгийн нэг оюутнаар тэмээ маллах ажил хийлгэж байсан бол эдүгээ Монгол Улсаас саальчин урьж ингэ сааж байгаа аж.
Ховор цөөн хэрэглэгчид байгаа нөхцөлд ингэний хоормогийг зах зээлд гаргах тухай Хасбаатар:
- Монгол Улс ингэний сүүний ашиг шимийг эртнээс ашигласан бөгөөд бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргаж байхад бид ийм сайн нөхцөл боломжтой атал нээж ашиглахгүй байгаа нь хайран санагдах юм. Учир нь ингэний хоормог бол шим тэжээл сайтай ундаа болно. Гэвч ихэнх хүн ингэний сүүний шим тэжээл, ач холбогдлыг сайн мэддэггүй бөгөөд ингэний сүүний зах зээлийн тухай ойлголт ч сайн бус байсаар. Хамгийн гол нь энэ талын сурталчилгаа их дутагдаж байгаа. Бид ингэний хоормогийг үргэлж уухад хүний биеийг олон төрлийн өвчнөөс сэргийлэхэд тустай гэж ярьдаг. Зарим нь үнэн худлыг нь ялгаж чаддаггүй. Ингэний хоормогийг настай хүн уувал бие нь тэнхэрч чийрэгждэг. Харин ойрын хоёр жил ингэний хоормог уугаад чихрийн шижин өвчин нь эдгэсэн хүн бий. Зүрх нь сайжирсан хүн ч бий, нойр нь сайжирсан хүн бий гээд бодит жишээ олон. Хүмүүс ингэний хоормогийн эмд ордог ач тусыг таньж эхэлж байгаа гэлээ.
Ингэний хоормогны исгэлт нь айраг исгэхтэй ерөнхийдөө ижил байдаг. Ингийг дөрвөн улиралд сааж болдог. Нэг ингэнээс өдөрт 1.5 кг орчим сүү байдаг. Хасбаатарынх энэ жил 10 ингэ сааж байв. Тэрээр нутаг түрээслэх, саальчдынхаа цалин мөнгө гээд багагүй зардал байдаг тухайд: - Хүмүүс эхлээд ингэний сүүг сайн ойлгохгүй болохоор борлуулалт багатай байсан. Тиймээс ажилчдынхаа цалинг өгч чадахгүй байдалд ч хүрч байлаа. Анх хэрэглэгчдэд таниулахын тулд 0.5 кг-ийг 35-40 юань орчим үнээр зардаг байсан бол одоо олон хүний мэддэг болж 0.5 кг-ийг 50 юаниар зарж байна. Хэмжээ нь бага болохоор үнэ хүргэхгүй бол бид чинь зарлагадаа хүрэхгүй байдал олон. Гэвч хэрэглэгчид одоогоор ингэний сүүний чанарыг ойлгодог болсноор 50 юанийг үнэтэйд тооцохгүй болжээ.Тиймээс миний хувьд цаашдаа ингэний хоормогны ажлыг хөгжүүлэх нь зах зээл сайтай гэж үзэж байна. Манай малчид ч ингээ сааж энэ талын ашиг орлогыг хүртвэл зохино гэлээ.
