solongonews
Гурван үеийн уяач
2019-01-22 16:25
Өвөр Монголын Шилийнгол аймгийн Сөнид зүүн хошууны Намын хороо, Засгийн газраас санаачлан Сөнид зүүн хошууны Соёл спорт аялал жуулчлалын товчоо, Сөнид зүүн хошууны Монгол морин уралдааны нийгэмлэг, “Уудам хараа” гэрэл зургийн газраас хариуцан зохион байгуулсан “Сөнид зүүн хошууны уяачдад цол олгох форум” Мандалт сууринд саяхан боллоо.

Форумын үеэр “Сөнид зүүн хошууны уяачдад цол олгох дүрэм” -ийг нийтэлж, Цойров, Дамдинжав, Ганбат нарын гурван уяачийг “Хошууны дархан уяач”, Батдэлгэр, Оюунбат, Оюудай, Ганзориг, Гадбаатар, Соёолбаатар, Хайр, Найралт зэрэг 8 уяачийг “Хошууны алдарт уяач”-аар цоллов. Цойровынх гурван үеэрээ “Хошууны дархан уяач”-аар цоллогдсон байна.

Энэ удаагийн хурлыг хэдэн сарын хугацаа, хүч хөдөлмөр гарган хошууны 49 багийн хэмжээнд 100 гаруй уяачдын намтрыг цуглуулан уяачдаа урамшуулан шагнасан юм. “Дүрэм”-д хошууны зэрэглэлийн наадамд 3 удаа үзүүрлэсэн буюу 20 удаа айрагдсан бол хошууны алдарт уяачийн стандартад хүрч болох аж. Мандалт суурингийн Саруул багийн хашир уяач Цойров гурван үеэрээ адуу маллаж, “Хошууны дархан уяач”-аар цоллогдож, хүү Батдэлгэр болон ач хүү Найралт нь “Хошууны алдарт уяач”-аар цоллогджээ.

- Уяач хүн гэдэг нөр их хөдөлмөр гаргадаг. Жилийн дөрвөн улирал хээр гадаа явна. Энэ удаа хошууны нам засгийн газраас алдарт уяачдаа цоллосонд маш их баярлаж байна хэмээн хошууны алдарт уяач Хадбаатар ярив.

Сөнид зүүн хошуу нь Шилийнгол аймгийн хэмжээнд анх удаа уяачдаа цоллосон хошуу болсны хувьд уяачдад морины толгойг мөнгөөр урлаж суулгасан, уясан эзнийхээ хүч хөдөлмөрийг төлөөлсөн айраг түрүүнд хурдалсныг илэрхийлсэн тэмдэг бүч цацагтай малгай бэлэглэсэн байна.

Хөгшин Хоохонгийн нутаг хэмээгдсэн Тамчийн талд байрлах ихэр Сөнид нь хурдан хүлэг төрдөг хурдны өлгий нутаг. Энэ жилийн хувьд Зүүн Сөнидийн хурдан хүлэг мөн амжилттай сайн давхижээ. Уяач Найралтын уясан морь Хятадын морин уралдааны уламжлалт наадамд хоёр удаа манлайлж, Ганзоригийн морь аман хүзүүдэж, Соёлбаатарын морь тэргүүлжээ. Одоогоор Сөнид зүүн хошуу нь 38500 гаруй адуутай. Сөнид зүүн хошууны монгол морин уралдааны нийгэмлэг нь нутаг орныхоо адууны удмыг хамгаалж адуун соёлоо хөгжүүлэх, адууны аж үйлсийг зах зээлд гаргах үүднээс маш олон ажил хийж байгаа ажээ.

- Бид хамгийн тэргүүнд монгол адуундаа “үнэмлэх” зохионо. Мөн 49 багт уяачдын гал уяа гаргана. Одоогоор хошууны монгол морин уралдааны нийгэмлэг мань 2000 гаруй гишүүнтэй том нийгэмлэг болсон байгаа. Манай нийгэмлэг нь уяачдыг цоллох, цэгээ сүү боловсруулах, монгол адууг хамгаалах зэрэг баг зохион байгуулна хэмээн Сөнид зүүн хошууны монгол морин уралдааны нийгэмлэгийн тэргүүлэгч Улаангэрэл ярьж байв.

Монгол адуу гэдэг мөнх тэнгэрээс заяатай, үй олон монголчуудын дайчин хань болсон ухаант амьтан билээ. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл