solongonews
Ногоон зүрх
2017-08-15 22:30
“Өвөр Монгол - 70 жил” гадаад сурталчилгааны сэтгүүлүүдийн сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлага

Эрхэм уншигч та бүхний амрыг эрэн мэндчилье. Уншигч та бүхэнтэйгээ “Өвөр Монгол -70 жил” гадаад сурталчилгааны сэтгүүлүүдийн сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын үеэр сурвалжилж, үзэж танилцсан Хөххотын Хорингэр шяньд байрлах тал нутгийн экологийн музей “Монгол өвс”, Ордос хотын Энхбай экологийн парк, Бугат хотын “Хот доторх хөдөө” зэрэг экологи байгаль орчин, цөлжилт, элсний нүүдэл зэрэгтэй холбогдох сонин сайхнаас хуваалцах болсондоо таатай байна. Дэлхий нийтээрээ экологийн асуудлыг хурцаар тавьж байгаа сүүлийн жилүүдэд цөлжилт, элсний нүүдэл, өвс ургамлын тачирдал, хөрсний эвдэгдэл гээд байгаль дэлхийн өөрчлөлтийн эсрэг хийж байгаа ажлуудыг эдгээр газруудаас олж харлаа.

Хөххотын Хорингэр шяньд байрлах “Монгол өвс” компаний хувьд ургамлын болон хөрсний талаарх судалгаа явуулах, лабораторид туршилт явуулан өвсний үр болон өвсийг арвижуулж үржүүлэх, хуурай, хагас хуурай хөрсөнд ургах боломжтой ургамлыг бойжуулан тарьж ургуулах, цөлжилтийг зогсооход чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг юм байналээ.

Энэхүү компанийг үүсгэн байгуулагч ноён Ван Жаомин оюутан байхдаа гурван дугуйт түрээслэн авч цэцэг худалддаг байжээ. 1997 онд тэрээр их сургуулиа төгсөх үедээ гурван цэцгийн дэлгүүртэй болж, жилийн орлого нь 80-90 мянган юаньд хүрч, хөрөнгийн эх үүсвэрээ тавьж байсан гэнэ. Гурван дугуйт түрээслэн ширхгийн цэцэг худалдаалдаг байсан оюутан Ван Жаоминий бизнес өргөжин тэлсээр цэцгийн дэлгүүр болж, яван явсаар одоо харин тал нутгийн байгаль экологийг сэргээх тал дээр Хятад улсдаа тэргүүлэх болсон байна. Тус компаний гол хийж буй ажлыг товч сонирхуулахад:

1. Байгаль экологийг сэргээх: “Монгол өвс” компани нь судалгаа болон практикийг хослуулан хээрийн өвс ургамлыг гаршуулан тарих, усанд хэмнэлттэй ган гачиг даадаг өвс ургамлын зүлэг, цэцэрлэг зүлэгжүүлэлтэд ашиглах технологийг нэвтрүүлсэн бөгөөд цуглуулсан ургамлын төрөл зүйлийн нөөц болон экологийн Dата тоо баримтдаа түшиглэн экологийн стандартаар байгаль экологийг сэргээж байна. Үүнд: Тал нутаг, уул уурхай, хужирлаг газар, хогийн овоо, аж үйлдвэрийн хаягдмал газар, говь, элсжиж цөлжсөн газрын экологийг сэргээхээс гадна, усанд хэмнэлттэй цэцэрлэг, байгаль орчны үзэсгэлэнт орон байгуулах зэрэг багтдаг юм байна.

2. Судалгаа хийж технологи хангах: Хээрийн өвсийг гаршуулан тарих  технологи болон цуглуулсан ургамал, хөрсний төрөл зүйлийн нөөц, экологийн Dата тоо баримтдаа түшиглэн өвсний судалгаа хийх, өвсний үрийг борлуулах, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлыг явуулдаг.

3. Орчин үеийн өвсний аж ахуй: Байгаль экологийг сэргээх ба судалгаа хийж технологийг хангах суурин дээр “Монгол өвс” компани Хятад улсын хэмжээнд хамгийн том “Малын өвс ханган нийлүүлэгч” болохоор хичээн ажиллаж байгаа юм байна. Одоогийн байдлаар “Тал нутгийн экологийг сэргээх, тарих, худалдан авах, импортлох, боловсруулах, хадгалах, худалдаалах” бүх чадавхыг бүрдүүлж,  сайн чанарын бэлчээрийн өвс ургамал, таримал өвсийг их хэмжээгээр тарьж, адууны өвс, бог малын өвс, үхрийн өвс гэх зэрэг олон төрөл зүйлд хувааж байна. Боомтоор оруулах ажлыг хэрэгжүүлж, өвсний бүтээгдэхүүний хангалтын тогтвортой байдал, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг баталж байна.

Мөн тус компани Ганд тэсвэртэй ургамлыг судлах хүрээлэн, Хээрийн ургамлыг судлах хүрээлэн, Хүйтэнд даацтай ургамлыг судлах хүрээлэн, Элсэн цөлийн ургамлыг судлах хүрээлэн, Тал нутгийн экологийн системийг судлах хүрээлэн, Хужирлаг газрыг өөрчилж сайжруулахыг судлах хүрээлэн зэрэг 10 том экологийн судалгааны хүрээлэн байгуулсан гэдгийг дуулгаж байлаа.

Одоогийн байдлаар тал нутгийн олон төрлийн ургамлын загвар 1800 гаруй төрөл зүйл, 8000 гаруй хувийг цуглуулан хадгалж, янз бүрийн хөрсний загварыг хэдэн зуун мянган төрөл зүйлээр нь хадгалан Хятад улсын хэмжээнд тал нутгийн хөрс шороо, ургамлын төрөл зүйлийг хамгийн бүрэн бүтэн цуглуулан хадгалсан сан хөмрөгийг байгуулжээ. Энэхүү компани одоогоор “Нэг бүс нэг зам”-ын санаачилгыг даган Монгол, Орос, Сингапур, Дубай зэрэг улс оронтой хамтран ажиллаж үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Мөн ОХУ болон Монгол улстай хамтран ажиллах хамтын ажиллагааны хүрээнд тус улс орнуудад ургадаг өвс ургамлыг авч импортлон судалгааны болон туршилтын ажлуудыг хийж байгаа юм байна. Өвөр Монголын газар нутгийн хөрсний байдлыг нь судалсны үндсэн дээр аль газар нутагт ямар төрлийн өвс ургамал ургадаг болохыг лабораторид судлан тооцоолж байгааг харлаа. Жилийн дөрвөн улиралд мөнх ногооноороо байдаг ургамал, цельсийн -4 хэмд хадгалагдаж байгаа ургамлын үр, хэдэн зуун мянган хөрсний сан хөмрөг нь тун сонирхолтой байсан юм. Харин хот дотор байгалийн унаган төрхөөрөө хадгалагдан үлдсэн хэсэг газар бүр ч сонирхолтой байсныг дуулгахад таатай байна. Орчин үед хот доторх ногоон төгөл, “Ногоон зүрх” хүний гараар бүтдэг болсныг мэднэ. Харин Бугат хотын “Хот доторх хөдөө” буюу “Сайхан тал” экологийн парк нь тус хотын таван дүүргийн дунд байрладаг байгалийн тогтцоороо байгаа хэсэг газар юм. Парк нь нийт 770 га талбайг хамардаг бол үүнээс ой модтой хэсэг нь 150 га, өвс ургамалтай газрын хэсэг нь 500 га талбайг хамардаг байна. Өмнөөс хойд тал уруу нарийн урт үргэлжлэх тус парк бараг 4.1 км урт, зүүнээс баруун тал руугаа өргөн нь 2.2 км урттай бөгөөд Хятад улсын хотуудад байгаа байгалийн тогтцоороо байгаа “Ногоон зүрх”-ний хамгийн том “Хот доторх хөдөө” юм билээ. Энэхүү паркад хотын иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дугуй унах, хүүхэд хөгшдийн цэвэр агаар амьсгалах, хосуудын болзох нам гүм таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн хотын доторх “Ногоон зүрх” болсон газар гэдэг нь тодорхой байлаа. Биднийг очих үед шинэчлэн засан сайжруулж, хамгаалах төслийн ажил ид явагдаж, энэхүү байгалиараа байгаа ногоон төглийг энэ хэвээр нь хадгалан хамгаалж үлдэхээр их ажил хийж байгаа харагдана лээ. Ингээд элсэн цөл ногоон бүрд болж, элсэн цөлд хүнсний ногоо, жимс тарьж ургуулдаг Энхбай гэдэг газарт очлоо. Энэ газар өмнө нь өнгө шимлэг бэлчээртэй, үзэсгэлэнт сайхан газар байжээ. Сүүлд байгаль орчны өөрчлөлт, ган гачиг, хүн төрөлхтний байгаль дэлхийтэйгээ буруу харьцсаны уршгаар жилээс жилд элсжиж, эвдэгдэн ард иргэд нь оршин амьдрахын аргагүй болсон байна. 1959-1974 оны хооронд 100 гаруй өрх аргагүйн эрхэнд нутгаа орхин дүрвэн нүүж, 1989 оны үед хоёр гуравхан өвсөн овоохойтой “Дэлхийн бөмбөрцгийн өмөн үү өвчин”-д нэрвэгдсэн халцгай газар болсон байжээ.

Харин одоо цөлжилтийг зогсоож, ногооруулснаараа тус газар нь дэлхийн олон орны жуулчид, судлаач шинжээчдийн анхааралд ороод байна. Энхбай экологийн парк нь Ордос хотын Далд хошууны Хөвчийн цөлийн дунд хэсэгт байрладаг бол нийт талбай нь 20 мянган га талбайг хамардаг.

20 гаруй жилийн хугацааг туулан өнөөдрийг хүрэхэд 6000 гаруй га талбай элсийг засан сайжруулж, хүний хүчээр 5300 га талбайтай сайн үүлдрийн бэлчээрийн өвс тарьж, 6 сая гаруй мод, бутлаг ургамал, 600 гаруй га талбай эмийн ургамал, 5.3 га цэцэг, 3.3 га усан үзэм тариалж, гурван цөөрөм байгуулан 30 сая куб метр ус нөөцлөх хүчин чадалтай болжээ. Тус парк элсэн цөлийг засан сайжруулсны зэрэгцээ хөдөө аж ахуй болон туслах аж ахуйг хөгжүүлж байгаа юм байна лээ.

Элсэн дээр байгуулсан хүлэмж дотор тарьж ургуулсан элдэв төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнийг амтлан элсэн цөлд бас хүнсний ногоо жимс жимсгэнэ ургаж болдгийг нүдээр үзэж, амталгаа хүртэл хийлээ. Ямар ч химийн бордоогүй цэвэр байгалийн бүтээгдэхүүнийг элсэн цөл дэх “Ногоон зүрх”-нээс амталлаа. Эдгээр жимс хүнсний ногоо болон үрийг нь сансрын туршилтад зориулан эндээ тарьж ургуулдаг гэж хэлж байсан. Мөн сансрын нисгэгчдийн хэрэглэх жимс, хүнсний ногоог энд тарьж ургуулдаг юм байна.

2016 оны нэгдүгээр сард Хятад улсын Аялал жуулчлалын товчоо болон Байгаль орчны хамгааллын яамнаас Ордос хотын Энхбай цөлийн паркийг Улсын экологийн аялал жуулчлалын үлгэр жишээ паркаар нэрлэсэн гэдэг.

Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт зүлэгжүүлэлтийг нэмэгдүүлэх, цөлжилтийг сааруулах, зогсоох, өвс ургамал тарьж ургуулан олшруулах, бүр цаашлаад жимс хүнсний ногоог хүртэл элсэн цөлд тарьж ургуулж болдог гэдгийг эндээс л нүдээр үзлээ. Бас суралцах хэрэгтэй гэдгийг ойлгож мэдлээ.

 

Зохиогч: Ё.ХИШИГБАЯР, Б.ТУЯА, М.БАНДИ
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл