Цогжавхлан нутгаа түрээслэн, малаа өөр хүнд даалган өгөөд хошуу сууринд ажил олж хийхээр ирсэн нь 2011 оны явдал байлаа. Харин Монгол шатарт сонирхолтой тэрээр Монгол сургуулийн шатрын багшаар уригдан өнөөдөр болоход долоон жилийн нүүр үзжээ. Түүхтэй, үнэнтэй, хатуужилтай, зүтгэлтэйгээр олон цаг хугацааг туулж ирсэн тэрээр хошууны хэмжээнд анхны Монгол шатрын сургалтын төвийг байгуулсан төдийгүй 120 гаруй сурагчдыг хүмүүжүүлэн уламжлалт соёлоо хөгжүүлэх дархан хариуцлагыг үүрч итгэл төгөлдөр хичээн зүтгэж явна. Цогжавхлан 2012 онд Сөнид баруун хошууны Монгол сургуулийн гуравдугаар бага сургуульд дур сонирхлын хичээлийн багшаар уригдан Монгол шатрын сургалт явуулжээ. Шатарт дур сонирхолтой боловч шатрын багшаар ажиллаж үзээгүй нэг малчин хүн хичээл заана гэдэг бэрхшээлтэй асуудал байлаа. Гэвч Монгол шатраа зааж сургана гэдэг бахархалтай ажил болохоор сургуулийн удирдлагын урилгыг шууд хүлээж авлаа. Тэрээр 2016 онд сургуулийн дэмжлэгээр хошууны хэмжээнд хамгийн анхны сурагчдын шатрын сургалтын ангийг нээж, системтэй сургалт явуулснаар сайн үр дүнд хүрч, сурагчдын тоо нэмэгджээ. 2017 онд “Гилгүүн Сөнид” Монгол шатрын сургалтын төвийг байгуулж, хошууны төв дээр байр түрээслэн, хөрөнгө оруулан шатар бэлтгэж, ширээ сандал, тоног төхөөрөмж бүрдүүлэн, сургалтын төвөө ажиллуулж эхлэв. “Гилгүүн Сөнид” Монгол шатрын сургалтын төв байгуулагдсанаас хойш одоог болтол 120 гаруй сурагч сургалтад хамрагджээ. Дунд сургууль, бага сургууль, паркийн анги гэсэн гурван анги хуваан сургалт явуулж, 66 сурагч сурч байна. Тэрээр Монгол шатрын сургалтыг дүрэмжүүлэх зорилгоор сургалтаа сайжруулж, Монгол шатрын сургалтын гарын авлагыг бүрдүүлж, А.Гансүхийн “Монгол шатар сурах бичиг” А.Пунцагийн “Монгол соёл ба Монгол шатар”, дэлхийн шатрын сонгодог ном бичиг, шатрын компиотерийн сургалт зэргийг уялдуулах аргыг эрэлхийлэн хайж нэлээд сайн амжилт гаргаж явна.
Цогжавхлан 2015 онд Сөнид баруун хошууны Ардын их наадмын 256 шатарчдын уралдаанд хоёрдугаар байранд орж, 2009 онд Шилийнгол аймгийн хоёр дахь удаагийн Монгол шатрын сонголт уралдаанд тэргүүлж, 2015 онд Хөвөөт Шар хошууны хошууны овоон тахилгын шатар наадмын тэргүүн, 2011 онд зүүн Сөнид хошууны Цагаан-Овоо суурингийн Ардын их наадмын Монгол шатрын уралдааны тэргүүн зэрэг 20 гаруй найр наадамд шагнал урамшуулал хүртэж явжээ. Түүний үүсгэн байгуулсан “Гилгүүн Сөнид” Монгол шатрын сургалтын төвийн тамирчид ч орон аймгийн уралдаанд амжилт гарган яруу алдраар мялаалгажээ. Цогжавхлан 2017 онд Өвөр Монголын Монгол шатрын нийгэмлэгийн Монгол шатрын шилдэг шүүгч, шилдэг багшаар шагнуулж, Өвөр Монголын Монгол шатрын нийгэмлэгийн байнгын хэрэг эрхлэгч, орлогч нарийн бичгийн дарга зэрэг нийгмийн тушаалыг үүрч байгаа бөгөөд Өвөр Монголын Монгол шатрын хоёрдугаар зэрэглэлийн шүүгч, Монгол шатрын анхан шатны дасгалжуулагч зэрэг тушаалтай аж.
