solongonews
Уран гараараа бизнесийн цэцгээ дэлгэрүүлж явна
2017-06-21 11:12
- Баруун Үзэмчин хошууны оёдолчин Уранцэцэгийн тухай сурвалжилга

Баруун Үзэмчин хошууны Балгар гол сууринд монгол хувцасны оёдлын газар төвлөрөн байршсан Үзэмчин зах гэж бий. Энд монгол хувцас оёулах, торго дурдан худалдан авахаар ирсэн хүмүүс нааш цааш зөрж хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Иймээс ихэнх хүмүүс оёдлын газар ажиллуулахад хүрвэл бүгд л энэхүү Үзэмчин захад байр түрээслэн бизнес эрхэлдэг байна.

Баян хошуу сумын Цайдам багаар нутагтай Уранцэцэг арваад жилийн өмнө хувааж олсон 133 га нутаг бэлчээрээ бусдад түрээслэн, өөрөө Үзэмчин захад байр түрээслэн “Уран” нэртэй оёдлын газраа нээсэн байна. Уранцэцэгийнх ам бүл гурав. Хүү нь Хөххотод үсчний сургалтад сурч байгаа бөгөөд нөхөр нь ажлын зав чөлөөгөөрөө хөлсний тэрэг /Taxi/ барьдаг байна. Уранцэцэг нутаг усандаа алдартай уран оёдолчин байсан авга ээжийнхээ нөлөөгөөр хар багаасаа зүү утас барьж оёдол оёхыг сурснаар өнөөдрийг болтол уламжлалт үзэмчин хувцас гоёл, Авга, Цахар, Сөнид нутгийн онцлогтой дээл, малгай, урлагийн хувцас зэргийг урлан оёж хэрэглэгчдийн таашаалыг олсоор ирсэн болно.

Намар болоход хурим найрын дээл хувцас, насны ойн хувцас оёх гээд ажил нь маш их нэмэгддэг байна. Мөн энэ их ачаалалтай үеэрээ оёдлын газартаа оёдолчин авч ажиллуулдаг аж. Ажилгүй байгаа бүсгүйчүүдэд ажил олгон орлоготой болгож, улмаар өөрийн оёдлын газрын ажлаа ч хөнгөлдөг давуу талтай. Уранцэцэгийн оёсон хувцас нь үнэ ханшны хувьд боломжийн, хийц нарийн, хурдан гардаг болохоор хол ойрдоо алдаршсан байна. Өнөөдрийг болтол түүний оёдлын газар нь жил бүр бараг 60 мянган юанийн цэвэр орлоготой байдаг аж.

- Бид бүгд багаасаа уламжлалт үзэмчин дээл хувцсаа өмсөж эдэлсээр ирсэн. Иймээс үзэмчин хувцас заслаа өөгүй сайхан урлаж чаддаг. Үүнийхээ үндсэн дээр бусад нутгийн хувцас заслыг ч оёдог. Хожим уламжлалт загвараас орчин цагийн өнгө дагасан шинэ загварын дээл хувцас ч урлан оёхоор төлөвлөж байна. Монгол хувцас урлан оёх ажлаа илүү сайн хийж, оёх хувцасныхаа хамрах хүрээг өргөжүүлнэ хэмээн Уранцэцэг ирээдүйн ажлынхаа тухай ийнхүү танилцуулж байлаа.    

 

Зургийг интернэтээс авав.                          

Зохиогч: Х.БУЯНДЭЛГЭР
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл