- “Жинхуар монгол гоёлын дэлгүүр”-ийн эзэн Жинхуарыг сурвалжлаад

Өнгөрсөн хэдэн жил алтан эдлэл хэрэглэх урсгал болж байсан бол сүүлийн жилүүдэд монгол охид бүсгүйчүүд шүр мөнгөн эдлэлээр чимэх болжээ. Шүр мөнгөн эдлэл нь ч шинэ цагийн урсгалыг даган уламжлалт онцлогийн дагуу шинэ цаг үеийн загварыг уялдуулах болсноос одоогийн охид бүсгүйчүүдийн сайхан засал чимэглэлийн хамгийн тэргүүний сонголт болж байна. Харин нийгмийн хэрэглээний зах зээлийг олж харан, үйлсээ болгож явсан хүний нэг бол Шилийнхотын Баянбулаг сумын уугуул, одоогоор Шилийнхотод “Жинхуар монгол гоёлын дэлгүүр”-ийг эрхэлж байгаа Жинхуар байлаа.Түүний үйлс урагштай сайн байгаа чимээгээр би ч үүний тухай ойлгох санаатай Жинхуар эгчтэй уулзахаар хүрсэн билээ.
Намайг “Жинхуар монгол гоёлын дэлгүүр”-т ороход Жинхуар эгч шүр хэлхэж байлаа. Намуун зөөлөн ааштай, монголжин гоо төрхтэй сайхан бүсгүй байлаа. Дэлгүүрээ өөрийн хийсэн бүтээлээрээ чимж, харсан бүхэн өөрийн эрхгүй нүд тусгаж үзмээр сайхан гоёлын зүйлс харагдаж, янз бүрийн шүр мөнгөн толгойн засал, ээмэг, бөгж, хүзүүний зүүлт зэргийн аль нэгийг үзэвч авч эдэлмээр сэтгэл эзэмдэж байлаа. Жинхуар эгч: - Эрт үед монголчууд шүр мөнгөн эдлэлийг их хэрэглэж байсан гэсэн. Харин сүүлийн үед алт оюу алмаз зэргийг хачирхан авдаг байсан бол одоо монгол охид бүсгүйчүүд дахин шүр мөнгөн эдлэлээ илүү эдлэх болсон. Тэгээд өөрөө түүхий материалаа оруулж зүүлт хийхээр туршиж үзсэн. Хамгийн анх найз нөхөд, эгч дүүдээ хийж өгч үзсэн. Харин тэдний зүүсэн байгааг хүмүүс хараад сонирхсон тул түрээс хямд газрыг хайж бага хэмжээний дэлгүүр нээсэн нь энэ гэж ярив. Жинхуар эгч “санаж байвал бүтнэ” гэсэн хатуу зоригийг өвөрлөн, анх эхлэхдээ өөрийн дур сонирхлоороо бага хэлбэрийн ээмэг бөгж хийдэг байснаа ном бичиг эргүүлэн толгойн их бага засал оролдож хийх болж, газар нутгийн хувцас заслын онцлог шинжид тааруулан тусгай шүрэн гоёл хэлхдэг болсноор монгол хувцас оёдлын газраас эхлэн, хурим найранд ч хэрэглэх зүйлээ захиалгаар хийлгэх болсноор Шилийнхотын Бүрэн барааны том дэлгүүр дэх гоёл чимэглэлийн дэлгүүр өөрийн гэсэн онцлогоороо олон зочдыг угтдаг болжээ.
Мэдээж Жинхуарын хийсэн толгойн засал хурим найр, наадамд хэрэглэх, тоглолтод хэрэглэх зэрэг олон төрөлд хуваагдаж уламжлалт цахар заслын бүтээлийг нь хурим найрт зарах нь олон болжээ. Шинэ маягийн засал нь залуучуудын эрэлт хэрэгцээнд ордог байлаа. Заслаа хэрхэн төлөвлөн хэлхэж байгаа тухайд нь асуухад: - Би бүр өөрөө хэлхэж хийдэг. Нэг том толгойн засал хийвэл хоёр өдөр болдог. Жижиг нь нэг өдрийн хэд хэдээр хэлхдэг. Ээмгийг өдөрт хоёр гурвыг хэлхдэг, сардаа бараг 20-30 хийдэг гэж байлаа.
Энэ дэлгүүрээс гадна вичат дээрээ өөрийн хийсэн заслаа худалдаж, дараа нь ТаоБао интэырнэт худалдаан дээр дэлгүүр нээхээр төлөвлөж байна гэж байв.
“Хичээл зүтгэл хүнийг гомдоохгүй” гэдэгчлэн Жинхуар цагийн урсгалыг даган өөрийгөө цэнэглэж, монгол заслын ажилдаа гялалзуулж явна. Гоё сайхан толгойн засал нь хамгийн үнэтэй нь мянга таван зуун юань хүрч, Шилийнголоос гадна Бээжин, Шанхайд борлуулагдаж байгаа бол бүр Японд хүртэл зарагдаж байсан ажээ.
