solongonews
Алшаа нутгаар...
2018-08-15 22:32
06-р сарын 18-ны өдрөөс 21-ний өдрийг хүртэл Монгол Улсаас ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй Солонго мэдээллийн төвийн сэтгүүлч бид “Боомтын үлгэр” сурвалжлагаар дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй анхны цэг “Хачин чулууны өлгий” хэмээн алдаршсан Алшаа аймагтай танилцан хүн ардтай нь уулзсан билээ.

ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИЖ БУЙ ЦЭХЭЭ БООМТ

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Алшаа аймаг. Алшаа аймаг нь Зүүн хошуу, Баруун хошуу, Эзэнээ хошуу гэсэн гурван хошуунаас бүрддэг. Алшаа нь говь цөл газар. Гэвч энд мод тарьж ойжуулсан болохоор Алшаа аймагийн төв Баянхот хэднийнээ нов ногоон өнгөөр хучигдаж амжжээ.

Энд Үндэстний цөөнхөөс монгол үндэстэн, хотон, халх, торгууд, буриад, барга ястнууд оршин суудаг бөгөөд хөгжил дэвшлээр түүчээлж байгаа ногоон байгууламж ихтэй хот ажээ. Бүтээн байгуулалт ид өрнөж, аялал жуулчлал хөгжиж, говийн байгалиа хамгаалахын төлөө асар их зүйл хийж байгааг нь харагдана. Алшаа нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ Өвөр Монголд хамгийн том засаг захиргааны нэгжээр тооцогддог ч, хамгийн цөөн хүн амтай аймаг. Хойд талаараа Монгол Улсын Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай аймагтай хиллэдэг. Алшаа аймагт Монгол Улстай нүүрлэж байгаа Цэхээ боомт, Өлзий боомт гэх хоёр боомт бий. Цэхээ боомт нь 1992 онд хоёр орны зөвшөөрлөөр хоёр талын улирлын чанартай боомтоор нээгдэж ашиглалтад орсон бол Өлзий боомт нь одоо хараахан ашиглалтад ороогүй барилга бүтээн байгуулалтаа ид хийж, тун удахгүй ашиглалтад орох шатандаа яваа юм.

Цэхээ боомт нь Хятад, Монголын хилийн дагуу 572 хилийн шугамаар зааглагдаж, Хятадын талаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эзэнээ хошууны нутаг дэвсгэрт, Монгол Улсын талаас Өмнөговь аймгийн Гурван Тэс сумын нутагт орших Шивээ Хүрэн боомттой нүүрлэдэг.

Говийн өргөн талыг эвхэн эвхэн өндөр хурдны замаар хурдалсан машин Баянхотоос таван цаг тавхиулан Эзэнээ хошуунд ирэв. Алшаа нутгийн бас нэг гайхамшиг нь Эзэнээ хошуу. Амьд амьтан үгүй мэт зах хязгааргүй үргэлжлэх элсэн цөлд зун цагт тооройн төгөл ногоорон үзэмж төгс, сэтгэлд мөн таатай. Байгалийн энэ л гоо үзэсгэлэн, басхүү амар амгаланг мэдрэх гэсэн жуулчид намартаа хэдэн зуун мянгаараа ирдэг гэж дуулсан билээ.

- Тооройн төгөл намар цагт өнгө солонгорон үнэхээрийн сайхан гэж Алшаа аймгийн Худалдаа аж үйлдвэрийн товчооны дарга Алтан-Уул ярьж байв.

Үндсээрээ газрын гүнээс ус олж өөрийгөө тэжээж, тэтгэж чаддаг Тоорой мод ямар ч ган гачиг, хуурай салхи, хүйтэн өвлийг ажиг ч үгүй сөрж ургаж чаддагаараа алдартай. Алшаа нутгийнхан өөрсдийгөө тоорой модтойгоо зүйрлэн ярих дуртай.

Эзэнээ хошуунаас холгүй байрлах Цэхээ боомтод хүрэхэд нүүрсний тээврийн машин, авто машин хэдэн зуугаар орж ирж буй нь харагдана. Эзэнээ хошууны эдийн засгийн хурдтай хөгжлийн дагуу Цэхээ боомтын суурь төхөөрөмж өдөр ирэх тусам төгөлдөржиж, ус, цахилгаан, зам харилцаа, үйлчилгээ, нийгмийн үйлдвэрлэлийн хөгжил нь боомтын том нээлт, хөгжлийн их хэрэгцээ шаардлагыг хангаж чадах болсон байна. Эзэнээ хошууг үзэсгэлэнт сайхан, цэцэглэн хөгжсөн боомтын хот болгон бүтээн байгуулахаар холбогдох албаныхан хичээн ажиллаж байна.

 - Өдөрт 700 гаруй ачааны том машин орж ирдэг. Автомат хяналтын камераар боомтоор өнгөрдөг болсноос ачааны машин 3 минутын дотор боомтоор өнгөрдөг. Маш их хялбарчилсан гэж Цэхээ боомтын удирдах Зөвлөлийн дарга Мөрөн ярив.

Хүний хүчийг хэмнэсэн, интернет сүлжээг ашигласан нь боомтын асар их хөгжлийг харуулна.

- Том ачааны машины замын хажуугаар жижиг машин явдаг хар замтай. Ямар ч тулгам, хүнд асуудал гарахгүй их сайхан байна. Энэ боомтоор гол төлөв Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтайн хүмүүс явдаг гэж Монгол Улсаас ирж яваа нэгэн иргэн ярилаа.

- Зургаан хоногт нэг орж ирдэг. Нэг удаа 600 юань олдог. Сард 3000 юань олдог. Амьдралд хүрэлцэж байна хэмээн нүүрсний машины жолооч Монгол Улсын иргэн ярьж байлаа.

Тиймээ Хятад, Монголын эдийн засагт зохих хувь оруулж яваа хүмүүсийн нэг бол том ачааны машины жолооч нар юм. Тэд маш их ачааллыг мөрөн дээрээ үүрэн, нойр хоолоо умартан нааш цааш зүтгэсээр явна. Амьдрал хөдөлбөр дээр босдог. Олон хүний хүчин зүтгэл байж хотын хөгжил, иргэдийн амьжиргаа сайжирч байдаг.

Цэхээ боомтын удирдах Зөвлөлийн дарга Мөрөн:

- 2016 онд хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын шав тавих ёслол болж, одоогоор зураг төсөв нь ч гарсан байгаа. Мөн хил нэвтрэлтийг илүү хялбарчилж, виз орлон гүйцэтгэх цэг байгуулах төлөвлөгөөтэй байна. Хоёр улс, хоёр аймгийн хамтын ажиллагааг бүх тал дээр дэмжин ажиллаж, олон талын итгэлцэл, найрсаг харилцааг өргөжүүлнэ гэдэгт найдаж байна. Мах махан бүтээгдэхүүн оруулах талын асуудлыг хоёр тал шийднэ гэдэгт ч итгэлтэй буйгаа илэрхийлсэн.

Тэрээр Эзэнээ хошууны зүгээс энэ жил Монгол Улсын Шивээ хүрэн боомтод 3 сая юанийн хөрөнгө оруулж, Шивээ хүрэн боомтын хилийн шалгалтын байр байшингийн шинэчлэл, сагсан бөмбөгийн талбай байгуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байгааг мэдэж авлаа.

Цэхээ боомт нь 1992 онд ӨМӨЗО-ы зөвшөөрлөөр хоёр талын улирлын чанартай боомтоор нээгдэж, 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс байнгын үйл ажиллагаанд шилжсэн. 2005 онд Хятад, Монголын байнгын ажиллагаатай, хоёр талын шинжтэй авто замын боомт болсон байна. 2016 онд төмөр замын боомт, мөн Монгол Улсаас мах махан бүтээгдэхүүн оруулах тусгай боомт болгохоор зөвшөөрөгдсөн байна. Уг боомтоор одоог хүртэл 100 сая тонн бараа бүтээгдэхүүн өнгөрсөн ба боомтоор орж гарсан хүний тоо 3.3 саяыг давж, 2.8 сая машин өнгөрсөн гэж Алшаа аймгийн Гадаад хэргийн албаны дарга Алтанбагана ярив.

Бид Цэхээ боомтын удирдах Зөвлөлийн дарга Мөрөн, холбогдох байгууллагын хүмүүсийн хамт Эзэнээ хошууны Цэхээ боомтоор амьд мал импортлох, экспортлох, нядлах, боловсруулах Да Чэн үйлдвэртэй танилцлаа.

Эзэнээ хошууны Да Чэн худалдааны ХК нь 2016 онд үүсгэн байгуулагджээ. Импорт, экспортын амьд малыг нядлах, боловсруулах үйлдвэр нь Цэхээ боомтын аж ахуйн нээлттэй бүсэд байгуулагдсан хамгийн анхны мах махан бүтээгдэхүүний аж ахуйн нэгжийн нэг болно. 20 сая юанийн хөрөнгө оруулалттай байгуулагдсан тус үйлдвэр нь импорт, экспортоор орж ирсэн малыг тусгаарлах талбай, нядлан хөлдөөх цех, хөлдөөж хадгалах цех болон тоног төхөөрөмжийн угсралт зэрэг бүгд бүрэн бүтэн болсон байлаа.

- Монгол Улс болон Хятад улс нь хөрш зэргэлдээ, уламжлалт мал аж ахуйгаар голлосон улс орон. Үхэр, адуу нь байгалийн нүүдэллэн маллах аргаар голлодог бохирдолгүй таатай орчинд нутаглаж байгаа тул махны чанар сайн, шим тэжээл өндөр учраас улсын дотоодын хэрэглэгчдэд таалагддаг гэж Мөрөн дарга ярьж байлаа.

Хоёр орны харилцаа гүнзгийрэхийг дагаад боомтын бүтээн байгуулалт сайжирч, иргэдийн амьдралын нөхцөл ч дээшилсэн байлаа. Цэхээ боомтод маш олон Монгол Улсын иргэд ажиллаж амьдардаг ба хүүхдүүдээ ч монгол сургуульд хүргэх бүрэн боломжтой болсон.

Эзэнээ Цэхээ боомтын олон улсын цэцэрлэг нь 2016 онд ашиглалтад орж, 70 гаруй хүүхдийг хүмүүжүүлж байгаагийн 18 нь Монгол Улсын хүүхэд болно. Монгол Улсын 5 багш энд мөн багшилж байна.

Монгол Улсаас ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ:

- Бид Цэхээ боомт, мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэртэй танилцлаа. Мөн Монгол Улсаас орж ирж буй машины зогсоол, зочид буудлын бүтээн байгуулалт зэрэгтэй газар дээр нь очиж танилцсан. Эзэнээ хошууны зүгээс Монгол Улсын Шивээ Хүрэн боомтын талд 3 сая юань буюу тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийж байгаад баярлаж байна. Энэ боомт өргөжин тэлснээр хоёр оронд харилцан ашигтай юм гэжээ.

ЭРЧИМТЭЙ БОСОЖ БУЙ ӨЛЗИЙ БООМТ

Хур бороо цөөн ордог гэж дуулсан, бид энэ нутагт анх ирж байгаа нь энэ. Бүгд л их сонин содон. Үнэхээр өвөлдөө тэсгэм хүйтэн, зундаа шатам халуун эрс тэс уур амьсгалтай, элсэн цөлд дасан зохицож амьдарна гэдэг тийм ч амар бус.

Бид Баянхотын цэцэрлэгт хүрээлэнг сонирхлоо. Хөдөлмөр хийсэн газар үр шим, үр дүн байдаг. Өмнө нь нэг ширхэг ч мод байгаагүй энэ цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр болоход хүний хүчээр мод тарин газрын гүний усны асуудал шийдэгдсэн байлаа. Мөн иргэдийн ая тухтай, таатай амьдрах нөхцөл боломжийг бүрэн хангажээ. Баянхотод жилд ирдэг жуулчны тоо 300 мянга байсан бол энэ жил 400 мянган жуулчин хүлээн авах гэж байгаа гэнэ.

Алшаа нутгийнхны бас нэгэн бахархал нь гоёо, тэмээ, чулуу гурав. Тэд жилдээ хоёр удаа гоёогоо хурааж, цагаан, улаан гоёоны наймаа энд хаа сайгүй цэцэглэдэг аж. Эмийн ховор ургамлуудын тоонд багтдаг энэхүү гоёог тэд өөрсдөө тарьж, элсний нүүдлээ зогсоож, цөлжилтөөс хамгаалахаар багагүй ажил хийж байгаа гэнэ.

Нийтдээ 170 мянга гаруй тэмээтэй гэж ярих Алшаа нутгийнхан сүүлийн үед хонь, ямаанаас илүүтэйгээр тэмээ өсгөх болж, тэмээний ноосон бүтээгдэхүүний үнэ ч өсөж байгаа аж. Мөн бүтээгдэхүүнээ Япон, Солонгосын зах зээлд гаргаж, багагүй ашиг олно.

Говь, элсэн цөлийн голоор дэвсэгдсэн өндөр хурдны замаар бидний аян үргэлжилсээр Өлзий боомтын үндсэн байдал, үйл ажиллагааны төлөвлөгөө, үйлдвэрлэлийн тогтолцоо, бүтээн байгуулалтын ажил байдалтай танилцахаар Өлзий боомтыг зорилоо.

Зам зуур Өндөр Мод багийн малчин Цолмонгэрэлийнд бууж сүүтэй цай ууж, замын чилээ тайлахын далимаар амьдрал ахуйтай нь танилцаж бас амжлаа. Говь нутгийн малчин айл гэдэг их өөр. Малын хашаатай, тэмээ ноосолдог хүрээтэй, хоёр өрөө байшинтай өнөр өтгөн амьдралтай энэ айл 100 гаруй тэмээтэй, 300 гаруй хонь малладаг. Хоёр жилийн өмнө нам засгаас Цолмонгэрэлийнд хоёр өрөөтэй байшин барьж өгснөөр халуун хүйтэн устай болж, ая тухтай таатай амьдрах нөхцөл боломжтой болжээ.

- Энэ жил бороо хур бага, их гантай байна. Монголчууд бид амны билгээс ашдын билэг гэж ярьдаг ард түмэн. Бороо хур бага ч сайхан зун болж байна гэж малчин Цолмонгэрэл сэтгэл тайван ярина. Аяга цай уух зуур олон зүйлийг асууж мэдэж авлаа. Ингээд бид үргэлжлүүлэн аяндаа мордлоо.

Өлзий боомт нь Хятад, Монголын хилийн дагуу Хятадын талаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Алшаа зүүн хошууны Өлзий сумын нутаг дэвсгэрт, Монгол Улсын талаас Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Цагаан дэл уулын чиглэлд байрлах бол хоёр талын зорчигч, ачаа тээврийн байнгын ажиллагаатай авто замын боомт болох юм. 2004 оноос Алшаа аймаг нь Өлзий боомтыг нээлттэй болгох ажлыг эхлүүлж, арав гаруй жилийн шаргуу идэвх зүтгэлээр боомтыг нээлттэй болгох ажил нь томоохон ахиц дэвшилтэй явна. Албаны байр нь аль хэдийн босжээ. Боомтын бүтээн байгуулалтын ажилд барилгын ажилчид толгой өндийх завгүй ажиллана. Монгол, Хятад хоёр орны Гадаад хэргийн яам, боомтын зөвлөлийн түвшинд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Өлзий-Цагаан дэл уул боомтын бүтээн байгуулалтын загварын талаар маш сайн судалсан байна. Өлзий–Цагаан дэл уул боомтыг нээх ач холбогдлын талаар Өлзий боомтын бүтээн байгуулалтын удирдах төвийн дарга Ли Вэйшя:

- Тус боомтыг ашиглалтад оруулах нь “Бүс ба зам”, “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор”-ыг ахиулах чухал арга хэмжээ юм. Хятад, Монголын бүс нутгийн эдийн засаг, соёл, аялал жуулчлал, экологийн солилцоо, хамтын ажиллагаанд чухал дэмжлэг болно гэлээ.

Тус боомт нь Хятад улсын баруун бүсийн гол нүүрс зэрэг ашигт малтмалын нөөц, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт, экспортын түшиц газар, Өвөр Монголын гол стратегийн бараа материалын нөөц болон онцгой байдлын үед ашиглах бараа бүтээгдэхүүний хангамжийн түшиц газар, хил дамнасан аялал жуулчлалын суурин болно.

Монгол Улсаас ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ:

- ӨМӨЗО-ы Монгол Улстай хиллэх 8 дахь эх газрын замын боомт болно. 2014 онд тус боомтын шав тавих ёслол болж, 2016 оны 10-р сард нээлтийн үйл ажиллагаа болж байсан. БНХАУ нь 38 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар Монгол Улсын Цагаан дэл уул боомтын бүтээн байгуулалтын асуудлыг шийдэхээр болсон юм. Боомтын үйл ажиллагаа эхэлснээр Монгол Улсын хамгийн төд, гол цэг дээр уг боомт оршиж байгаараа давуу талтай болж байгаа юм. Энэ бүхнээр дамжин Монгол Улсын бараа бүтээгдэхүүн төд замаар нийлүүлэгчид хүрч, дэлхийн зах зээлд гарах давуу талтай болно.

Өлзий боомтын бүтээн байгуулалтын удирдах төвийн дэд дарга Хасбагана:

- 2004 оноос Алшаа аймаг нь Өлзий боомтыг нээлттэй болгох ажлыг эхлүүлж, арав гаруй жилийн хичээл зүтгэлээр боомтыг нээлттэй болгох ажил үр дүнтэй явагдаж байгаа. 2014 оны 02-р сарын 21-ны өдөр Монгол Улсын Засгийн газар Өлзий-Цагаан дэл уул боомтыг нээлттэй болгож, зорчигч, ачаа тээврийн байнгын ажиллагаатай боомт болгохоор тогтсон байна. Одоо яг Өлзий боомтын барилга, бүтээн байгуулалтын ажил маш хурдтай явагдаж байна. Уг боомт нь мөн ч цаг үеэ олсон, нийгэм, эдийн засаг, салбарын хөгжилд чухал ач холбогдолтой юм гэлээ.

Өлзий-Цагаан дэл уул боомтын барилга байгууламжийн бүтээн байгуулалт маш хурдтай явагдаж, тун удахгүй ашиглалтад орох юм байна. Боомт ашиглалтад орсноор Хятад, Монгол хоёр орны зорчигч ачаа тээврийн байнгын ажиллагаатай автозамын боомтын тоо нэгээр нэмэгдэж, хөрш орнуудын харилцаа өргөжих болно. Ийнхүү бидний Өлзий боомт дахь хоёр цаг гаруйн сурвалжлага өндөрлөж жаргах нартай хамт буцах замдаа орлоо.

Зохиогч: Х.АРВИНТАЛ, Т.БУЯНХЭШИГ
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл