
Энэ уулын замаар Арвинхишигийн ул мөр гүн тамгалагдаж, уулын зэрлэг янгир ямаатай “нөхөрлөж”, ус унд ойртуулж өгсөөр байгаад ижил дасал болжээ. Амьтан зургаан зүйлтэй нөхөрлөсөн үлгэрийг ардын аман үлгэрээс сонсдог байсан. Тэр сайхан ардын аман үлгэр Арвинхишигээс дахин амилах нь тун сонин санагдлаа.
Янгир бол Арвас уулын “Сахиус эзэн”, Улсын хоёрдугаар зэрэглэлийн гол хамгаалалтын зэрлэг амьтан. Гэрэл зурагчин Арвинхишиг Ордос хотын Отог хошууны Чи Панжин сууринд амьдардаг болохоор энэ газар нь Арвас уулын харанхуй хөндийгөөс маш ойрхон байдаг. Уул түшсэн хүн байгалийн үзэсгэлэнг зургаар буулгахаар зургийн аппаратаа барин арван хэдэн километр давхиад харанхуйн уулыг өгсөн уруудан буудаг байв. Гэнэтийн тохиолдлоор янгиртай тааралдахад тэрээр маш их баярлан, мөрийг нь мөшгөн ажиглав. Малчин хүний ухаанаараа янгирын хөхүүл үед сүү муутай, ишиг нь цадахгүй байгааг ажиглаж мэдээд, энэ аглаг ууланд ус ховор байна. Хэрвээ ус хүрэлцээтэй бол сүү нь нэмэгдэх байх гэж бодоод ус зөөж усалбал гэсэн бодол төржээ. Энэ 2010 оны учир явдал юм.

Бодсоноороо хийх гэж хэцүү оролдсон нь үнэнтэй. Эдгээр зэрлэг амьтныг услахад зохистой газар сонгох хэрэгтэй. Тэрээр яван явсаар уулын жалганд ус хадгалах боломжтой хадны хонхор хайн олжээ. Ингээд гэрээсээ 15 литр ордог хувинд усаа дүүжилж дамнаж, мурий сарий замаар уулын орой өгсөж явна. Уулын завсар дагуулж усны саваа 100 гаруй метр гүн уулын гуу руу урсгаснаар хонхорт хурдаг байв. 58 хүрч буй Арвинхишиг өдөр бүр хүнд усны сав үүрч ууланд авирах нь үнэндээ хялбар зүйл биш. Тэрээр эгц хадыг авирч үзлээ, хад овоолж гишгэж гарлаа, бас мөлхөж ч явлаа, модоор хөшүүр болгож туршин, хүч тамираа шавхтал ус зөөж явжээ.
- Тэр үед янгир цөөн байсан. Жаахан чимээ авсаар үргээд бараагүй болдог гэж Арвинхишиг ярина.
Тэрээр хадны хонхроос 50, 60 метрийн зайтай уулын нүхэнд нуугдаж, янгир ирж ус уухыг хүлээн суудаг. Арвинхишиг ингэж өдөр бүр савтай усаа цалгиж асгахаас хичээн, “Тэнэг хүний ухаанаар” нэг нэг алхмаар ууланд авирч жил гаруй явган ус хүргэжээ. Сүүлдээ мотоциклоор нэг удаад 20 гаруй литр ус ачиж өдөр алслан зөөж хүргэжээ.

Хүч тамир сайтай ч нас 60 дөхөж яваа Арвинхишиг гуай ус хүргэх өөр арга бодох хэрэгтэй болоод байлаа. 2012 оны зун билээ. Хэдэн найзтайгаа уул давж, хэдэн зуун метр урт усны хоолой авчирч уулын жалганд хадны хонхор хүртэл татаж хүргэв. Ингэж байж өдөр бүр усаа татаад уулын оройд хүргэвэл усны хоолойгоор уулын оройгоос шууд урсган хадны хонхорт хүргэж чадахаар болжээ. Усны хоолой татсанаар хүч хэмнэсэн төдийгүй ус гадагш асгахаас ч зайлсхийж чаджээ. Ингэж ус дүүжлэхийг нь мэдсэн эхнэр нь харж суулгүй 56-тайдаа жолооны үнэмлэх авч, машинаар ус зөөх болжээ. Уулын оройд тавьсан усны хоолой нь харин өвлийн хүйтэн даахгүй хөлддөг болохоор Арвинхишиг усаа хөлдөөгөөд мөс болгож, дахин нүдэж нунтаглаад хүргэж өгдөг байв.
Янгиртай нөхөрлөснөөс хойших энэ хэдэн жил Арвинхишиг янгирын сүргийн амьдрал ахуйг анзаарч, өсөлтийг нь ч мэдэх болжээ. Түүний ярьж буйгаар хамгийн түрүүнд янгирын тоо толгой нь нэмэгджээ. 2010 онд тэрээр арав гаруй удаа ууланд гараад гурав дөрвөн янгир олж харж байсан бол одоо ууланд гарах бүр янгиртай тааралдах болж, хэдэн арваас хэдэн зуу болон нэмэгдсэн гэнэ. Мөн янгир хүнтэй ижилдэн дотносжээ. Уг нь хүний бараа үзэхийг бүү хэл, бага зэргийн чимээ анирласаар үргэн зугтдаг байсан бол одоо харин хэдэн метрийн цаана ирээд ойртсон ч зугтахгүй болохоор Арвинхишиг гар утсаараа зургийг нь авч амждаг. Янгир тарга хүч сайтай болов. Энэ нь Арвинхишигийн зөөсөн усыг уусантай холбоотой. Янгирын сүргийн ухна, эм ямаа нь харьцангуй өөрчлөлттэй болов. Уг нь хүмүүс хулгайн ан хийж байгаад ухнын тоо толгой их цөөрчээ. Сүүлийн жилүүдэд хуулиар хамгаалах болж, хүмүүсийн ухамсар дагаад дээшилж, агнах явдал үндсэндээ үгүй болж, ухна ихээр нэмэгдэхэд эм ямаа нь харин цөөрсөн байна.

Арвинхишиг зундаа мотоцикл унан ууланд гарч, өвөл эхнэр нь машинаар ус зөөж хүргэдэг байна. Ус хүргэх бүр үүрийн гэгээтэй уралдан босоод үд болоход буцаж ирдэг байна. “Янгир дуунд дуртай амьтан” гэж Арвинхишиг ярина. Үнэхээр гар утасны дуугаа тавихад янгир их таатай сонсдог бөгөөд энэ хооронд амжуулан янгирын сайхан зургийг дарж, бичлэг хийж амждаг байна.
Хэзээ нэгэн өдөр уул давж, хадны сахиус янгиртай уулзаж чадахгүй үедээ компьютер дээр хадгалсан энэ үнэтэй зургаа хараад бахархаж суух болно. Хөөрхий эдгээр амьтадтай дэндүү дасжээ. Хэдэн өдөр харагдахгүй бол хүүхэдтэйгээ адилхан санах юм гэж Арвинхишиг ярив.
Энэ хэдэн жил Арвинхишиг уулын замаар тоогүй олон удаа явахдаа 2 мотоцикл элээж, мотциклийн 4 банк сольж, 4 удаа усны хоолой солив. Бэрх бартаатай уулын замыг тэрээр одоо алганы зураас шиг мэдэх болж, янгирын сүрэгтэй нөхөрлөж, хүн, байгаль, амьтны нөхөрлөлийн түүхийг хүүрнэсээр…
