solongonews
ЭРЭЭН ХОТЫН ШАВ ТАВЬСАН БҮСГҮЙ
2019-01-23 10:44
1998 оны намар. Дуудгай гуай сургуульд сурч буй зээгээ эргэхээр хоёр дахь удаагаа Эрээн хотод хөл тавив. Өндөр өндөр барилга, орчиж зорчих хүн зон, өргөн гудамж, олон өнгийн машин унаа энэ бүхнийг хараад Дуудгай гуай нүдэндээ итгэж ядлаа.


        Тийм ээ, энэ 55 жилийн өмнөх түүний шав тавьж, нутаг сонгосон газар юм. Яривал бас л их түүх бий.
1954 оны зун. Дуудгай гуай Сөнид зүүн хошууны гуравдугаар сумын эрүүл мэндийн гишүүнээр ажиллаж байв. Шилийнгол аймгийн эрүүл мэндийн сургуульд гурван жил суралцаад нутагтаа буцаж ажилласан Дуудгайгийн хувьд дөнгөж л хорь гарч байсан хонгор залуу нас.
        Гэтэл нэг өдөр хөтөлгөө морьтой дөрвөн хүн холоос ирж, Дуудгайн үүдэнд буужээ. Тэд сумын дарга, сумын хоёр мэргэжилтэн байв. Явж байгаа зорилго нь газар сонгох учир.
        Тухайн үед Бээжингээс Улаанбаатар хүрэх төмөр зам засах ажил сая л эхэлж, Сөнид баруун хошууны Сайхантал суурингаас Улаанбаатар хүрэхэд хилийн өртөө байгуулах шаардлагатай байлаа. Гэтэл газар сонгох нь том хэрэг. Бээжингээс ирсэн мэргэжлийн хүмүүс Сөнид нутгийг мэдэх биш. Иймээс л орон, аймаг, хошуу, сум дамжсаар явж эцэстээ Дуудгай гуайн гэрт иржээ. Сумын удирдлага нь Дуудгайг нутгийн хүн, эрүүл мэндийн ажлаар хөдөө айлаар олон явдаг, газар мэддэг гэж дагуулж ирсэн нь тэр байв.
        Сумаас ирсэн дөрвөн хүний хамт Дуудгай гуай унаа нийлүүлж, хил дамнасан төмөр замд өртөө сонгохоор явжээ.
        - Бид хэд явж байгаад л одоогийн давсан нуурын баруунд газар сонгосон юм. Сайхантал-Улаанбаатар хооронд энэ газар л шулуун шугам дээр таарч байна гэж санал нэгтэй үзсэн гэж Дуудгай гуай хуучилж байлаа.
        Ингээд хоёр мэргэжлийн хүн багаж хэрэгсэл гаргаж, утас татаж,  шаваг тэмдэг тавиад одоогийн Хятад, Монголын хамгийн том боомт, хилийн хот Эрээн хот байраа олжээ. 1968 онд Дуудгай гуай анх удаа Эрээн хотод ирэхэд галт тэрэгний өртөө л төдий байсан бол 1998 онд дахин ирэхэд тэнгэр газрын зөрөөтэй болсон байна.
200 гаруй хүүхдийг эх барив
        Дуудгай гуай одоогоор Сөнид зүүн хошууны Цагаан-Овоо сумын  Баян-Уул багт үрчилсэн охиныдоо амьдарч байна. Одоог болтол монгол гэртээ суусаар байгаа бөгөөд 85 насыг давжээ.
        Дуудгай гуай өөрөө хүүхэдгүй. Өөрөө хүүхэдгүй ч 200 гаруй хүүхдийг боосон хол ойрдоо алдартай эх баригч. Эргэцүүлж бодвол 85 настай Дуудгай гуай хөл хураатлаа хүүхэд боож явсан хүн. Түүнийх нь гэрч болж, хамгийн сүүлд боосон хүүхэдтэйгээ авхуулсан зураг нь ханын толгойд өлгөөтэй.
        - Би залуу наснаасаа л эх баригчийн ажил хийсэн. Шилийнголын эрүүл мэндийн сургуульд ч гурван жил эх баригчийн мэргэжил сурсан. Хол ойрын хошуу нутгаар явж байлаа. Ихэнхдээ хоёр Сөнид нутгаар явсан. Цахар, Авга, Үзэмчин нутгаар ч хүүхэд боож байсан гэж Дуудгай гуай хананд өлгөөтэй зургаа харан хуучилна.
        Зураг дээр “Ээж минь дэлхий” гэж бичжээ. Эх барьсан хүнээ “Ээж” хэмээн хүндлэн дууддаг нь монгол хүний уламжлал. Хамгийн сүүлд боосон хүүхэд нь одоо 20 гарсан залуу болжээ.
        Хэдий өндөр насыг зооглож, хөл хураасан ч Дуудгай гуай эх баригчийн ажилд байхдаа хэрэглэж байсан хэрэгслээ одоог болтол торгоор баглаж нандигнан хадгалсаар. Тэр дунд эртийн үед хэрэглэж байсан хайч, хямсаа мэтийн энгийн хэдэн зүйлээс өөр юу ч үгүй. Гэтэл өнгөрсөн зууны сүүлийн хагас зууны туршид Дуудгай гуай яг л энэ хэдхэн хэрэгслээр Сөнид нутгийн хөрсөнд хоёр зуу гаруй шинэхэн амийг алгандаа тосч байсан гэхээр юу юунаас эрхэм санагдах нь зүйтэй биз.
        - Намайг сумын эрүүл мэндийн ажлаа орхин хөдөө гэртээ ирээд байхад сумын удирдлага хүргэж ирсэн хэрэгсэл юм. "Дуудгай минь чи хөдөө нутгаар эх баригчийн ажил хийж явах хүн. Гартаа ганц хоёр юмгүй яаж болох вэ” гэж хүргэж ирсэн гэж Дуудгай гуай эргэцүүлж байлаа.
        Эх баригчийн ажилд хагас зуун жил зүтгэсэн Дуудгай гуай багийн эмэгтэйчүүдийн холбоот хуралд 22 жилийн туршид даргын ажил алба  хариуцаж байсан юм. Тэр дундаа хошуу аймгийнхаа олон шагнал өргөмжлөлийг хүртэж явсан бөгөөд ӨМӨЗО-ы шагналыг ч хүлээж байсан нь одоог болтол өргөмжлөлийн хуудасны хамт Дуудгай гуайн авдарт хураалттай.


Ардын дууны Дуудгай
        Дуудгай гуай хар багын сурч судлах дуртай, дуу хөгжилд авьяастай нэгэн. Арван хоёр насандаа тухайн үеийн Сөнид зүүн хошууны Баруун Хөтөл гэдэг газарт байгуулагдсан охидын сургуульд орж, анх удаагаа соёл эрдмийн гарааг алхсан боловч цаг төрийн үймээнээс болж сургууль нь тарж арга бус гэртээ харьжээ.
        Хожим нь үргэлжлүүлэн сургууль соёлын мөр хөөж, хошуу сумаар ажиллаж явсан ч 1961 онд улс нийгмийн урилгаар ажлаасаа бууж хөдөө гэртээ харьжээ. Цаг үе гэдэг ингэж л хүн хүний хувь заяаг хөтөлдөг асар их хүчтэй.
        1956 онд Дуудгай гуай Өвөр Монголын залуучуудын багт орж, өмнөд орон, далай дагуух хотоор аялсан бөгөөд нийслэл Бээжинд болсон төрийн арга хэмжээнд оролцож, тэргүүлэгч Мао Зэдүн, ерөнхий сайд Жөү Энлай нартай дурсгалын зураг татуулж, залуучуудын наадамд ордны дуу дуулжээ. Тухайн үдэшлэгт ӨМӨЗО-ы тэргүүлэгч байсан Улаанхүү ч оролцсон бөгөөд Дуудгай гуайд: "Ордны дуу, өв соёлоо уламжилж, хамгаалж, хөгжүүлж яваарай” гэж захьсан байна.
        - Би хар багын л ордны дуу, ардын дуу дуулдаг. Хэнээс гэж сурах вэ, ард түмний дунд дуулж л байдаг дуу. Гэхдээ Бээжинд болсон залуучуудын багийн үдэшлэгт ордны дуугаа өргөсөндөө одоог болтол баярлаж явдаг гэж Дуудгай гуай сэтгэл догдлон ярьж байлаа.
        Залуу зандан нас гэдэг үзэхийн төдийд л өнгөрнө. Харин дуулж явсан дуугаа заримыг мартаж, заримыг цээжилж, заримыг нь дахиж сурсаар нэг л мэдэхэд олон жил өнгөрчээ. Тиймээс Дуудгай гуай дуулж чаддаг дуугаа тэмдэглэж үлдээе гэсэн бодолтой болж, ганц хоёр бадгаар тэмдэглэсээр одоо 100 гаруй дуу бүхэл бүтэн тэмдэглэлийн дэвтрийг дүүргэжээ.
        - Би ч яах вэ, 80 гарсан хүн. Харин намайг үгүй болоход эдгээр дуу ч дагаад явчих байх гэж санаа зовох юм. Тиймээс ардын дууг эмхэлж тэмдэглэсэн нь энэ. Сүүлийн үед нүд муудаж хүүхдүүдийг гуйж байж л бичүүлдэг боллоо. Тэмдэглээд үлдээчихвэл ирээдүйд хүүхдүүдэд хэрэг болж магад хэмээн ярьж байлаа.
        Сөнидийн уудам талд 85 жилийг элээж, энэ нутгийн амьд түүхийг хуучилсан Дуудгай гуайн эрүүл бие, саруул ухаанд үнэт өв хадгалагдсаар. Дуудгай гуайн хоймортоо хураадаг авдар, хойч үедээ үлдээх уламжлал болж, бидний өмнө зөвхөн өнцөг төдий дэлгэгдсэн нь энэ билээ.

Зохиогч: Нийтлэл: Мөнхбаяр
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Амьдрал гаригийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл