
“Малчин хүн мянган ухаантай” гэдэгчлэн малчин Алтанбагана мянган адуугаа түмэн ухаанаараа маллаж магнаг талаа бүрхүүлсэн байна. Авга хошууны Ихгол сумын Их-Ус багтаа хашир адуучны алдрыг олон жил өргөж явсан тэрээр энэ жил тавь гарч байгаа. Тэрээр 1987 онд сургуулиа дүүргээд хөөдөө хүрч ээждээ тус дэм болон мал аж ахуйн үйлдвэрлэлд хүчин зүтгэж явлаа. Тухайн үед түүний аав нь суманд ажилтай байсан болохоор хөдөө хөдөлмөр хүч дутагдаж, ээждээ тус дэм болон малаа малласан нь түүний өнөөдрийн мянган адууны малч эзэн болох анхны замыг өлгүүлсэн гэлтэй. Алтанбагана таван хошуу мал маллах дуртай. Гэвч нутаг бэлчээрийн нөхцөлөөс болоод хонь, адуу маллахыг сонгов. Одоогоор өөрийн хувьчилж авсан нутаг болон түрээсэлж байгаа нутагтайгаа нийт 80 мянга гаруй мү (15 мү=1 га) бэлчээрт 2000 гаруй хонь, 1000 гаруй адуу маллаж байгаа юм байна. Үүнээс гадна ган гачигтай жил болоход адуу малаа хэсэг хэсгээр айлд сүрэг тавьдаг ( айлд өгч маллуулдаг). Тэрээр ийнхүү нутаг бэлчээрээ эвтэй ашиглан дэмтэй зохицуулж яваа аварга малчин.

80-аад оны хос хувьчлалын үед эднийх хоёр гүү, нэг морь хувьчлан авсан байв. Малчин заяагаа түшихээр зориг шуудсан Алтанбагана 1989 онд цөөн адуу худалдан авч адууныхаа тоог нэмэгдүүлэхийг хүсч, 1994 онд эхнэр Уранчимэгтэйгээ айл гэр болж 67 бага мал, 20-иод адуугаа хувьдаа авч туурга тусгаарлав. Малчин Алтанбаганын адуугаа өсгөж малласан нь олон үлгэр учралтай. Айл гэр болсноос хойш адуугаа хайрлан өсгөж, шинэ мянганы гараан дээр Алтанбаганынх 99 адуу, цөөн хонь, үхэр тоолуулсан байв. 2000 оны зудад тэдний адуу нэг ч хорогдсонгүй. Гэвч үүний цаана хэчнээн хүч хөдөлмөр, арга ухаан гарган малаа мэнд сайхан онд мэнд оруулсан гэдэг нь олноос онцгой мал маллах ухаан байж таарна.
Алтанбагана: - Их зудын жил манай энд бэлчээр маш сайн, хонь ороод үзэгдэхгүй сайн байсан. Цас зуд ихтэй онцгой хатуу жил ч болсон. Би ч адуу малаа уруудахаас хичээж, салалгүй дагаж явсан. Бүтээн байгуулалт ч сайн байсан болохоор мал хорогдоогүй хэмээн эргэцүүлэн ярив.
Түүний энэ ярианаас адуу малаа уруудуулахаас хичээж хүч таргыг нь хамгаалж, дундуур идэштэй ч дулаан нөмөрт зохицуулан сайхан арчлан малласан нь тодорхой. Адуу маллах нь зуд зурхан туулахад хэцүү гэдгийг ухаарсан Алтанбагана зуд болсон жилээс дараахан 2001 онд орлого зарлагаа бодож мал сүргийн бүтцэд өөрчлөлт хийж, 99 адуунаасаа 88 зарж, ес адуу, хоёр гүү үлдээв.
“Эр хүн зорьсондоо” гэдэгчлэн нэгэнт зориг шуудсан тэрээр 25 нас хүрсэн хайртай хээр морь, хар морио ч худалдсан байлаа. Адуундаа ухаангүй хайртай байсан тэрээр чадан ядан өсгөсөн адуугаа бараг бүгдийг худалдана гэдэг хэчнээн хатуу сонголт байсан аж. Энэ бүхний дараа хонио өсгөн 4000 хүргэж байсан удаатай.

Адуу гэдэг амьтантай хүй сэтгэлийн холбоотой байдгаас ч болов уу, хайртай адуугаа нэг л дээр худалдсандаа Алтанбаганын өдрийн бодол шөнийн зүүдэнд адуу нь эргэлдсээр...
2004 он болоход адуугаа маллаж, адуугаа дахин өсгөх бодол эзэмдэж, адуу худалдан авч, адууныхаа тоог бага багаар нэмсээр л байв. Ялангуяа 2012 он болоход амьдрал нь ч суурьтай болж, сэтгэл зүрхэнд нь татагдаад л байдаг монгол адуугаа өсгөн, хайрлан хамгаалъя гэсэн бодол нь улам бүр орон зай эзлэх болж, хөгшрөхгүй бол худалдаж зарахыг тэвчиж зудад хорогдуулалгүй өсгөсөөр иржээ. “Гай газар доороос” гэдгээр таван жилийн өмнө дүү Алтангэрэл нь хүнд өвчилж, ээж нь ч хэвтсэнээс тэд хошууны төвд сууж, хоёр айлын бүх ажил Алтанбаганын мөрөн дээр ирэв. Давхар давхар дарамт тохиолдсон Алтанбагана тэр цагаас эхэлж дүүгийнхээ мал сүргийг өөрийн малтайгаа нийлүүлж маллах болов. Дүү Алтангэрэл ч монгол адуундаа хайртай болохоор ах дүү хоёрын ярианд “Адуугаа өсгөн мянган адууны наадам хийж, манай нутагт монгол адуу байсаар, өсөн нэмэгдсээр, орон нутгийнхаа шилдэг үүлдрийг хамгаалсаар гэдгийг хүмүүст мэдрүүлэх хэрэгтэй” гэдэг бодлыг ургуулсан юм. Ингэж байтал дүүгийн өвчин нь улмаас улам хүндэрч өнгөрөх жил үнэний газарт хальсан байна. Ах болсон Алтанбагана “Мянган адууны наадам хийх үү, болих уу” гэж маш ихээр эргэлзэх болов. Хамгийн сүүлд “Энэ наадмыг хийх хэрэгтэй, заавал хийнэ. Дүүгийнхээ мөрөөдлийг нь биелүүлж сүнсийг нь баярлуулах хэрэгтэй” гэсэн чангахан бодол өвөрлөж, энэ жилийн эхэнд Үзэмчинээс 200 гаруй адуу худалдан авч адуундаа нийлүүлэн мянгын тоог бүрдүүлэн нижгэр наадам хийсэн нь энэ байлаа. Адуу маллахад уудам нутаг бэлчээр шаардагддаг. Харин ийм нөхцөлгүй бол адуу маллахад маш хүнд байдаг.
- Адуу маллах чаддаг хүнд ёстой амар, гэхдээ мэргэжил ухаан орно. Манай нутагт яг тохирно. Уур амьсгал хүйтэн сэрүүн, хад ихтэй, ихэнх жил өвөлдөө цас зуд их байдаг болохоор монгол адуу маллахад л тохирсон газар. Манай монгол адуу нь нутагтаа зохицсон өлчир байдаг. Иймээс арчилгаа хэрэггүй. Бэлчээр өвс нь сайн, ус унд нь дутахгүй бол болох нь тэр. Өвчин огт тусдаггүй гэж Алтанбагана ярив.

Дөрвөн улирлын нүүдлийн мал аж ахуйгаа одоо болтол баримталсаар ирсэн хашир адуучин Алтанбаганын адуу маллах онцлог нь хүн хар хөлсөлдөггүй. Хүү болон ач хүүтэйгээ хамт өөрөө голлон, түрээсэлсэн нутаг, өөрийн нутгийн хооронд сэлгэн бэлчээж адуулдаг.
- Адуу хаваржаандаа ирвэл гайгүй. Харин оторт явахад ажил ихтэй болно. Өдөрт хоёр удаа усална. Услахдаа зөөж усална. Одоо адуугаа гурван сүрэг хувааж усалж байна. Манай хүү, ач хүү бүгд адуунд сайн хэмээн Алтанбагана ярив.
Ийм л сайхан мал аж ахуйн соёлтой, малчин амьдралтай, хөдөлмөрч ухаалаг гэр бүл “Адуундаа гэвэл агтын тоосонд дарагдахгүй, атаандаа гэвэл хүний тоосонд дарагдахгүй” гэж хэлэхэд ахдахгүй.
Алтанбагана: - Мянган адууны наадмаа нижгэр сайхан хийлээ. Дүүгийнхээ мөрөөдлийг ч биелүүллээ. Одоо нутаг бэлчээрийн тэнцвэр, байгаль орчноо сайжруулан монгол адуугаа үлдээж, бусдыг нь зарах санаатай. Монгол адууны суурин газар, монгол адууны үрийн малын талбай зэргийг байгуулах сонирхолтой хэмээн ирээдүйн төлөвлөгөөнийхөө тухай ярилаа.
