solongonews
Хишиг шимээ хүртээсэн хийморьлог монгол адуу
2019-07-31 20:52
Хишиг шимээ хүртээсэн хийморьлог монгол адуу

“Монгол хүн морьтойгоо мандаа хийсгэсэн түүхтэй, молор эрднийн хэлхээтэй”. Монгол нутгийн тэнэгэр өрцөд монгол соёлын дархан голомтоо бадрааж, үе улиран нүүж буун, амьдралын галаа асааж явахдаа хүлэг мориноосоо монголчууд ер холдоогүй. Адууны удам угсаа, үржил үүлдэр, бие галбир, өнгө зүсэм, хариулга маллагаа, бэлчээр тэжээл, эдэлгээ хэрэглээ, адууны тоног хэрэглэл, морь шинжих, уяа сойлго зэрэг талд бүрэн дүүрэн судлан шинжилж, ашиг шимийг нь хүртэн ажил амьдралаа эрхэлсэн юм.

ӨМӨЗО-ы газар орны өвөрмөц нөөц баялгийн давуу тал болон аж ахуйн давуу талаа бүрэн хадруулан, адууны соёлыг хамгаалах суурин, гүүний аж ахуйн суурин гэх зэргээр адууны аж ахуйг хүчтэй дэмжиж байна. Өнөөдөр болоход адууны соёл нь Өвөр Монголын онцгой нэгэн соёлын  брэнд болсноор барахгүй, гүүний сүүг нарийн боловсруулж адууны ашиг шимийг зах зээлд гарган ашиг орлого олж байна.

Өвөр Монголын Олон улсын адуун соёлын анхдугаар үзэсгэлэнг тохиолдуулан "Шимтэй идээ” компанийн захирал Чулууг сурвалжилж, түүний монгол адуугаа гэсэн нэгэн үзүүрт сэтгэлийг нь бахдан биширч явсан юм.

Чулууны анх эхэндээ Шилийнхотын Булган суманд адуу арчилж, айраг исгэж, Хөххот дахь Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн харьяат Дунд сургуулийн баруун гудамжинд айраг зарж байжээ.

Сүүлд нь саалийн архи худалдах болсон байна. Адууны ашиг шимийг дээшлүүлэх талд анхны туршлага хуримтлуулсан Чулуу 2015 оноос Улаанхад хотын Баарин зүүн хошуунд хүрч адуу маллан, гүүний сүүгээр бүтээгдэхүүн хийж туршжээ. Гэхдээ энэ зам нь тийм шууд шулуун биш байлаа. Бэлчээрлүүлэхийг хязгаарласан болохоор адуугаа хашиж тэжээх хэрэгтэй. Адууг хашиж тэжээхэд заавал зохих хэмжээний гүйж давхих талбай байх хэрэгтэй. Мөн дан цул өвс буюу иш сүрлээр тэжээвэл шим дутагдах буюу бусад хэвийн бус байдал илэрдэг. Жишээлбэл гүү цагтаа ороо орохгүй буюу дахин дахин ороо орох, хээл хаях эсвэл тогтсон цагтаа унагалахгүй, заримдаа эх унагатайгаа үрэгдэх байдал ч гарах эрсдэлтэй байдаг. Тиймээс Чулуу адууг хашиж тэжээж болох эсэх, хашиж тэжээгээд сааж болох эсэх, саахад хүрвэл ойролцоогоор хэдэн өдөр саах боломжтой, ороо орохгүй буюу хээл хаях байдлыг хэрхэн шийдэх тухай судалж шинжилсээр өнөөг хүрсэн байна.

- Адуу маллахад хангалттай бэлчээр устай байж, байгалийн маягаар маллавал хамгийн сайн. Одоогийн байдлаар хүн ам олширч, нутаг бэлчээр тачирдсанаас малчид адуу маллаад ашиг орлого олно гэхэд мундаг их хүч зарцуулна. 2014 оноос эхлээд адууны үнэ ханш их буурчээ. Энэ жилээс л үнэ ханш нь нэлээд гайгүй  болсон гэж Чулуу ярив.

Монгол адуу олон зуун жилийн турш монголчуудад хишиг шимээ хүртээн, аж амьдралд нь тусалж иржээ. Морийг гаршуулах, тамгалах, эмнэг сургах гэдэг чинь их ухаан мөртөө ихээхэн хүч зориг шаардагдах ажил билээ. 

- Мал аж ахуйн амьдрал, монгол адуунаасаа холдох бүр монгол хүний эр зориг, биеийн тамир тэнхээ, биеийн уян хатан чанар бүр аажмаар муудаж байна. Тиймээс чадах хэрээрээ адуутайгаа ойрхон байхын тулд хөдөө нутагтаа буцаж адуугаа судалж байгаа нь энэ юм. Хэрвээ нөхцөл боломж бүрдвэл адуугаа Хөххотод ч аваад явна гэж Чулуу инээд алдан ярилаа.

Цаг үеийн шаардлага нийгмийн хөгжлөөс үүдэж, адууны ашиг шим зөвхөн айраг, цагаан идээн дээр л хязгаарлагдаагүй юм.

Баруун Үзэмчин хошууны Одонгэрэл 2012 онд их сургуулиа төгсгөөд 2018 онд Өвөр Монголын аймаг хошуудын 700 гаруй малчин, жижиг аж ахуйн нэгжтэй хамтран хөрөнгө мөнгө хуримтлуулж, “Өэлүн арилжаа худалдааны солилцооны газар” монгол үндэстний онцлогтой бүтээгдэхүүнийг арилжаалан борлуулах тавцанг байгуулсан байна. Тус тавцангаараа гүүний саамаар хийсэн гоо сайхны бүтээгдэхүүнийг багтаасан 30 шахам төрлийн бүтээгдэхүүнийг солилцон борлуулж, нэлээд их үр олсон байна.

- Сүүлийн жилүүдэд малын үнэ ханш хямдарч, малчдын орлого багасч байгааг хараад малын ашиг шимээр монгол үндэстний онцлогтой бүтээгдэхүүн хийх тухай бодож сэтгэж эхэлсэн юм. Хэдэн жилийн судалгаа суралцлагаар дамжаад монголчууд эрт дээд үеэсээ гүүний саамыг нүүрний арьсны төлжилт буюу гоо сайханд хэрэглэж байсныг мэдсэн. Эдгээрийг мэдсэний суурин дээр хэрхэн шалгаруулан ашиглах тухай нэлээд сандарсан. Хятад улсын дотоодод ийм төрлийн мэргэжлийн дэмжлэг хангах компани байхгүй. Сүүлд БНСУ-ын Morechem компаниас бидэнд мэргэжлийн дэмжлэг үзүүлэхээр болж, удаан хугацааны хамтран ажиллах гэрээ хэлэлцээр байгуулсан юм. Ингэснээр Morechem компанийн мэргэжилтэн тогтсон хугацаатайгаар Өвөр Монголын Шилийнгол аймагт ирж гүүний саамыг сонгон шилж, дахин Хятад улсын өмнөд бүс нутагт орших Гуанжөү хотод аваачиж үйлдвэрлэх болсон. Одоогийн байдлаар нүүрний маск, нүүрний ус, нүүрний тос, нүүр цэвэрлэгч зэрэг 4 төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Мөн бүтээгдэхүүнээ гол төлөв Өвөр Монгол, Бээжин, Шанхай, Хөхнуур, Шиньжян зэрэг газар оронд борлуулж байгаа. Энэ жилийн 09-р сараас эхлэн Монгол Улсад борлуулна. Бид одоогийн байдлаар сар бүр 500-600 мянган юанийн орлого олж байна гэж "Өэлүн арилжаа худалдааны солилцооны газар”-ыг үүсгэн байгуулагч Одонгэрэл танилцууллаа.

Гүүий саамны гоо сайхны бүтээгдэхүүнийг бусад төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнтэй харьцуулбал өөрийн гэсэн өвөрмөц хэрэглээтэй. Саам доторх агуулагдац нь нүүрийг зөвхөн гоо сайхан л болгох төдий биш, харин бүр төлжүүлж засан сайжруулах үйлдэлтэй, байгалийн бөгөөд шинжлэх ухааны стандартад нийцсэн болохоор хүмүүсийн таашаал итгэлийг ихэд олж байгаа ажээ.

Цаашдын хөгжил төлөвлөгөөнийх нь тухай асуухад, гүүний саамаар хийсэн ундаа үйлдвэрлэх тал дээр их чармайн ажиллаж байна. Сүүн бүтээгдэхүүн бол эрүүл идээний төрөл бөгөөд зах зээлд ч илүү их байр суурьтай байдаг гэж Одонгэрэл ярив.

Монгол адуу тэр чигээрээ эрдэнэ юм. Монгол хүн байтугай дэлхийн түмний хишиг эрдэнэ юм. Гэхдээ бид адууны ашиг шимийг нарийвчлан судалж хөгжүүлж хараахан чадаагүй байна. Энэ тухай олон хүн оролдож туршиж байгаа боловч одоог болтол санаандаа хүртэл хийж чадаагүй байсаар. Тиймээс морь молор эрдэнэ гэж онголон дээдэлдэг монгол түмэн маань монгол адуугаа хөгжүүлэхэд зөв зохистой арга хэмжээг авах хэрэгтэй байна. Тухайлбал гүүний саамыг хэрхэн үнэ өртөгтэй бүтээгдэхүүн болгох, хурдан морийг хэрхэн уяж арчлан өсгөх, аялал жуулчлалд зохицуулан адууг өсгөн ашиг шимийг нь хэрхэн өргөтгөх зэрэг талд бодож сэтгэх хэрэгтэй ажээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл