
Шилийнхот
Цагаан сар цастай сар. Баяншил мал аж ахуйн талбайд баярын мишээл дүүрэн.
Энэ жилийн цагаан сараар малчин Ван баяр хөөртэй мөн тун завгүй. Өглөө эртлэн босож саах төлөө нийлүүлнэ, гэдэс цатгалан хурга хороо дүүрэн тоглож эзэндээ шинийн мэнд хүргэнэ. Сар шинээр төлийн ажил эхэлж малчин Вангийнх үүрийн харанхуйгаар босон төл малаа нийлүүлж байгаа нь энэ.
- Энэ жил манай 350 гаруй эх мал онд орсон, тарга сайн. 2018 оны 11 дүгээр сараас эхлэн одоог болтол 100 гаруй хонь хургалаад байна. Өвөл хаврын төл ч 400 орчмыг тосно. Намар болоход нэг хурга 800 юань хүрвэл энэ жилийн цэвэр орлого 130 мянган юаньд хүрнэ гэж байлаа.
Сүүлийн жилүүдэд малчин Ван эхнэрийн хамт олон төрлийн хөдөлмөр эрхэлж үзжээ. Өнгөрсөн жил вичатыг ашиглан тэжээл бордоо нутгийн малчиддаа худалдаж 100 мянган юанийн ашиг орлого олсон байна. Малчин Ван тариалангийн машин засах газар нээж нутгийн малчдынхаа машин тоног төхөөрөмжийг түрээслэх, засан шинэчлэх үйлчилгээг үзүүлж айл гэрийнхээ орлогыг нэмэгдүүлж амьдралаа өөд нь татаж байна.
Төл малын ажлаа дуусган тэд гэртээ орж аав, ээж, хүүхдүүдтэйгээ золголт хийж, цагаан сарын цайгаа ууна. Ийнхүү энэ гэрт аз жаргал бялхлаа.
Баруун Үзэмчин хошуу
Цагаан сарын шинийн 9-ний өдөр. Бид Баруун Үзэмчин хошууны Хоолтын гол суурингийн Шинэбулаг багийн малчин залуу Оргилынд хүрэхэд хурга ишиг майлалдан төлжих хаврын сайхныг гайхуулна.
Оргилынх хувьчилж авсан 3000 мү (15 мү=1га)нутаг бэлчээртэй, 2500 мү нутаг бэлчээрийг түрээслэн 400 гаруй үзэмчин хонь, 18 үхэр, 53 адуу, 80 гаруй ямаа маллаж байна. Жилийн өнгө зах зээлийн байдлыг харан өвлийн төл, хавар эртийн төл тосох талд Оргил арга туршлага зузаан.
- Энэ хавар 320 хонь хургална. Одоо 150 гаруй хонь хургалаад байгаа. Ямаа ч 60 гаруй төллөсөн. Өвс тэжээлийн нөөц бэлтгэл бүрэн, жилийн өнгө ч сайн болохоор мал ч сайхан орлоо хэмээн ярив.
Тэрээр “Хятадын хөдөө аж ахуйн мэргэжил түгээх төслийн шинжлэх ухаан техник мэргэжлийн үлгэр жишээ өрх”, “Хөдөлмөрийн жишээч”, “Цэвэрч айл” хэмээх олон олон яруу алдартайгаар баян чинээлэг амьдралыг босгож явна.
Хөвөөт шар хошуу
Цагаан сарын шинийн дөрвөнд цас хаялан Цахар нутгийн элгэнд тос болж буулаа.
- Мал ч төллөөд дундаа орж, жилийн өнгө ч сайн, төл ч сайн. Энэ цас ч ёстой цагтаа орлоо, тоос дарагдаж малын өвчин хижгээс урьдчилан сэргийлэхэд тус болно гэж Хөвөөт шар хошууны Богдын гол сумын Бордавс багийн малчин Билэгбаатар ярина.
Билэгбаатарын төл ихэнх нь хөрөвжин өвсөнд орсон харагдана.
- Цагаан сар бидний хувьд хамгийн их ажилтай үе. Хүмүүс шинийн золголт гээд завгүй байхад бид төл тосоод тун завгүй. Мал онд сайн орсон болохоор сэтгэл ч тэнүүн байна гэж Билэгбаатар ярилаа.
Билэгбаатар өөрийн хувьчилж авсан 900 мү нутаг бэлчээртэй. 2600 мү нутаг бэлчээр түрээслэн 130 гаруй хонь, 20 гаруй үхэр малладаг. Энэ жил 80 гаруй хонь хургалснаас 20 гаруй нь ихэрлэж гэнэ.
- Сүүлийн жилүүдэд дээд шатны нам засгаас нутаг бэлчээрийн орчинг хамгаалах нөхвөр, эм эмнэлгийн нөхвөр, шилдэг үүлдрийн малын нөхвөр гэх мэт олон олон ашигтай бодлого бий болсон. Малчин бид сэтгэл амар байна хэмээн Билэгбаатар сэтгэл тэнүүн байлаа.
Сөнид баруун хошуу
Мөнхбаатар Сөнид баруун хошууны Сайхантал суурингийн Баруун булаг багийн малчин. Өнгөрсөн жил Мөнхбаатарынх 20 гаруй хонь, 170 гаруй хурга зарж, 130 мянган юанийн орлого олсон байна.
Энэ жил ч Мөнхбаатар өвлөөс өмнө өвс тэжээл нөөцлөн авч нэгдүгээр сарын 16-ны өдрөөс төлөө тосжээ. Одоогоор 180 гаруйг хурга тосоод байгаа аж.
Багийн удирдлага Ли Хайжүнь Мөнхбаатарынд хүрч, төл тосох ажилтай танилцаж, малын өвчин хижгээс урьдчилан сэргийлэх талд төлөвлөлт хийсэн байна.
Ли Хайжүнь даргын удирдлага дор малчин Дуань Жүньшя үйлдвэрлэл амьдралаа нямбай төлөвлөсөн байлаа. Дуань Жүньшя 130 гаруй төл тосоод байгаа аж. Өвс тэжээлийн нөөц бэлтгэл сайн болохоор сүүлийн цас орсон ч ямар ч нөлөө болоогүй, харин тоос дарагдаж хүн малд сайн боллоо гэж байлаа.
Сөнид баруун хошуу нь жилийн эхнээс одоог болтол 20 мянган төл тосоод байгаа бол онд орсон норм 99 хувьд хүрчээ. Энэ жил тус хошуу нь нийт 450 мянган төл тосохоор төлөвлөж, 05-р сарын 01-ний өдөр гэхэд төлийн ажил дуусна.
Сүүлийн жилүүдэд тус хошуу нь хур тунадас бага, ган хуурай байдалдаа зохицуулан ган гамшигт тэсвэртэй өндөр үр ашигтай хөдөө аж ахуйг хөгжүүлэх зам хайсаар ирсэн юм. Өнгөрсөн намраас малын дулаан таатай хашаа саравч барих бүтээн байгуулалтыг хийж, малчдын өвөл хаврын өвс тэжээл нөөцлөх ажлыг дэмжин, мал маллах арга хэлбэрийг өөрчлөн, малын үүлдрийг сайжруулсан юм.
