solongonews
Өргөн Шилд бичигдсэн мал аж ахуйн яруу туульс
2019-03-01 21:02
- Шилийнгол аймгийн мал аж ахуйн хөгжлийг тэмдэглэв

Өөрчлөлт нээлтийн уриан дор өргөн Шилийн уудам бууцанд мал аж ахуйн шинэ дуу он дараалан хангинаж, малчны яруу туульс жил дараалан бичигдэж ирсэн нь бахархалтай.

Хөгжлийн зам нээсэн суут бодлого

Мал аж ахуй нь Шилийнгол аймгийн уламжлалт үйлдвэрлэл болно. Тус аймгийн мал аж ахуй өөрчлөлт нээлт хийсэн 40 жилийн хөгжлийн явцад аяны жолоогоо зөв залан, зохицуулалтаар дамжин сайжирч, үйл явцдаа хүчирхэгжиж ирсэн билээ.

80-аад оны эхний хэдэн жил тус аймгийн мал аж ахуйн оронд мал бэлчээрийг өрх айлд хувьчлуулах дүрэм хэрэгжиж, хүн, бэлчээр, мал гуравт дахин зохицуулалт хийжээ. Ийнхүү мал аж ахуй эрхлэлтэд анхны үндсэн өөрчлөлт гарч, улирлын өнгөөр отор нүүдэлд явж, сайхан жил бол малаа өнөр өсгөж, хааяа зуд зурханд мал сүргээ алддаг байдал өөрчлөгдөж, орчин үеийн маллах аргыг эрхэмлэн, дэд бүтцийг сайжруулж, байгалийн гай гамшгийг туулах хүч чадалтай болжээ.

Өмнөх мэдээллээс харвал мал аж ахуйн том хошуу хэмээгдсэн Зүүн Үзэмчин хошуу 1980 онд 770 мянга гаруй тоо толгой малтай байсан бол 1985 оны эцэс болоход 1.23 сая тоо толгой малтай болсон байна. 1989 онд Зүүн Үзэмчиндээ хамгийн олон малтай сум хэмээн алдаршсан Баян-Хөөвөр сумын мал 160 мянган тоо толгойг давж, сумын хэмжээнд 49 “Мянгат өрх” төрөн, хүн амдаа хуваавал дунджаар 94 мал тусаж байсан.

  Хөдөлмөр зүтгэлээрээ малаа өсгөж чадвал баян чинээлэг амьдрах нь мэдээж. Нутаг нутагт чинээлэг амьдрал босгосон үлгэр жишээч малчин ар араасаа гарч, түмэн олондоо үлгэр дуурайл болж, хороо дүүрэн хоньтой болох зорилго тавин малчид жилийн жилд малаа онд мэнд оруулан, тус аймгийн мал сүрэг жил дараалан өнөр өсөн үржиж, 1989 он болоход малын тоо толгой нь 10 саяыг давж, мал аж ахуйн том аймаг хэмээгдэн улс орон даяар алдар өргөж билээ.

Байгалийн бэлчээрт суурилсан мал аж ахуйг эрхлэхэд малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулах нь заавал журамлах хатуу жам байв. Мал сүрэг жил дараалан өнөр өсөн үржиж, 1999 он болоход Шилийнгол аймгийн малын тоо толгой 18 саяыг даваад ирэхэд нутаг бэлчээрийн даац хэтрэх хандлагатай болжээ. Ингээд малчид маань малын үүлдрийг сайжруулж, цөөн малаас үлэмж ашиг хүртэх замыг эрхэмлэх болов. Үүний зэрэгцээ нутаг бэлчээрээ хамгаалж ашиглах арга замыг хайж, мал бэлчээрийн тэнцвэрийг баталгаажуулах дүрэм, бэлчээр нөхөн сэргээх, мал бэлчээрлүүлэхийг зогсоох, бэлчээрээ сэлгэх дүрмийг тогтоон хэрэгжүүлж, мал аж ахуйн хөгжлийн суурийг бэхжүүлэв.

Шинэ зуунд тус аймаг хөгжлийн хэлбэрээ санаачилгатай өөрчилж, үйлдвэрлэлийн бүтцийг сайжруулан, орчин үеийн мал аж ахуйн тогтолцоо, үйлдвэрлэлийн систем, эрхлэх системийн төлөвлөгөөгөө хурдасгаж, мал аж ахуйн хангамжийн талын бүтцийн чанартай өөрчлөлтийг гүнзгийрүүлж иржээ. Мал аж ахуйн цар хүрээ, стандарт, үйлдвэржилт, брэнд болгох талд анхаарч, тал нутгийн мал аж ахуйг улсын дотоод гадаадын том зах зээлтэй холбох замыг хайж, мал аж ахуйн тэргүүлэх аж ахуйн нэгжийг хөгжүүлэн, малын гаралт бүтээгдэхүүнээ гадагш гаргаж, “Шилийнголын хонины мах” хэмээх брэндийг бий болгож, байгалийн гаралтай үхэр, хонины махыг Хятад улсын хэмжээнд борлуулж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийг хурдасгасан байна.

Мал сүргийн өнөр өсөлтийг дагаад зах зээлийн борлуулалтын асуудал тулгарч, мал аж ахуйн ашиг шим, малчдын орлогын нэмэгдэлд асуудал нүүрлэхэд малчид маань сайн үүлдрийн үхэр маллах аж ахуйг хөгжүүлэх замыг сонгож, цөөн малаа чанартай маллаж, орлогоо нэмэгдүүлэх болов.

Үүний зэрэгцээ тус аймаг орон нутагтаа том том аж ахуйн нэгжийг татан оруулах арга зам хайсны дүнд Азидаа бүтээгдэхүүний хүчин чадлаар хамгийн том, орчин үеийн тоног төхөөрөмжийг бүрдүүлсэн мах махан бүтээгдэхүүний жишиг аж ахуйн нэгж болох “Да Жуан Юань групп”-ийг нутагшуулсан нь тус аймгийн мал аж ахуйн хөгжлийн нэгэн түүхэн үйл явдал болсон. Да Жуан Юань түрүүтэй том аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн хүчин чадал нь тус аймгийн малын зарцуулалт, малын ашиг шимийн бүтээгдэхүүний гаднах борлуулалтыг эрчимтэй болгож, үйлдвэрлэлийн хэлхээг бүрдүүлэн, орчин үеийн мал аж ахуйн хөгжлийн шинэ замыг нээсэн байна.

Шинэ зууны шижир хуудас

Өөрчлөлт нээлтийн 40 жилд Шилийнгол аймгийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн өртөг жилд дунджаар 10 гаруй хувиар нэмэгдэж, 80-аад онд 1 тэрбум юанийг даван 2007 онд 5 тэрбум юанийг давж, 2012 онд 10 тэрбум юаньд хүрч, 2017 он болоход 14.822 тэрбум юаньд хүрснээр өөрчлөлт нээлтийн эхний үеэс 83.74 дахин нэмэгдсэн байна.

Мал аж ахуйн хөгжил нь малчин түмний хөдөлмөр зүтгэлийн үр шим юм. Өөрчлөлт нээлтийн 40 жилд малчин түмэн маань цагийн аясыг дагаж, үзэл бодлоо тасралтгүй шинэчлэн, нам төрийн уриалгаар үйлдвэрлэл эрхлэлтийн арга замаа өөрчилж, орчин үеийн үр ашигтай мал аж ахуйн хөгжлийн түүхэн хуудсыг бичиглэж байгаа аж.

Үзэмчиний үзүүр баян хэмээх алдартай Бадамсүрэн олон жилийн турш уламжлал шинэчлэлийг уялдуулан, хөдөлмөр ухаанаараа хөрөнгөжсөн аварга малчин. Түүний энэхүү 40 жилийн мал аж ахуйн арга замнал нь тал нутгийн мал аж ахуйн хөгжлийн замыг товчилсон. Хос хувьчлалын үед түүний нутаг Эрээнбулаг баг анх удаа мал бэлчээрийг дахин хуваах үеэс тэрээр бусдын голоод авахгүй үлдээсэн эрлийз хонийг авч, гурван жил зүтгэж байж малаа өсгөж, 1000 малтай болж, малчин хүний алдрыг олон нийтэд таниулсан. Дараа нь тэрээр малын үүлдрийг сайжруулах ажлыг хийж, Үзэмчин үүлдрийн хонио өсгөж, хэдэн мянган малтай гэр бүлийн мал аж ахуйн талбай байгуулж, стандартжуулсан, эрчимжүүлсэн байдлаар жилдээ 2000 шахам төл тосон, 2000 шахам мал зарж борлуулсан түүхтэй. Тэрээр зах зээлийн боломжийг судлан, мал борлуулах талд мал өсгөхөөс илүү хүч тавьж, малыг хөлөөр нь худалдах, нядалж худалдах, үүдэндээ худалдах, өөр газар авч орчин худалдах зэрэг олон аргыг хэрэгжүүлж, ашиг орлогын тооцоогоо нарийн хийж, мал аж ахуйн үр ашгаа нэмэгдүүлсэн. 90-өөд онд тэрээр гадаад улс орноор явж, орчин үеийн мал аж ахуйтай танилцаад үзэл бодлоо илүү шинэчлэн, хөгжил гэдэг чухам юуг зааж байгааг гүн гүнзгий ойлгож, мал аж ахуйгаа орчин үеийн арга замаар замнуулах зориг нь хөвчлөгдөн, малын тоо толгойгоо цөөлж, зах зээлийн үнэ өндөр сайн үүлдрийн ангис үхэр маллаж, малын үр ашгийг хэд дахин нэмэгдүүлж, шинэ мал аж ахуйн замыг нээсэн байна.

Зах зээлийн эдийн засгийн хөгжил нь малчин түмэнд малын ашиг шимээ олон арга зам, олон төрөл, олон газар борлуулах чөлөөт орон зайг хангасан. Малчид ч цагийн сайханд зах зээлд хараагаа бэлчээж, аль болох олон шинэ арга замаар үйлдвэрлэлээ хийж, борлуулалтын ухаанд суралцаж, орлогоо нэмэгдүүлж, чинээлэг амьдрах болсон нь олны нүдэнд илхэн.

Сүүлийн жилүүдэд малчид өндөр үр ашигтай үхэр маллах үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь идэвхжиж, сайн үүлдрийн үхэр маллаж, экологийг хамгаалах төдийгүй ашиг орлогоо нэмэгдүүлсэн амжилт байгуулсан үлгэр жишээч өрх олон олноор төржээ. Шулуун хөх хошууны Нарт сумын Гогостой багийн Хасбаатар элсэн цөлтэй нутагт өндөр үр ашигтай үхэр маллан олондоо үлгэр жишээ болж яваа малчин юм. Тэрээр хориод жилийн өмнө хонио цөөлж, үхэр маллах замыг сонгон, сайн үүлдрийн симентар үхэр зах зээлд үнэ хүрч байгааг судалж мэдээд үхрийн үүлдрээ сайжруулж, одоо үхэр сүрэг нь гурав, дөрөвдүгээр үеэс дээш симентар үүлдэр болж, жил бүр тугалаа зарахад 10 мянган юанийг давдаг. Хасбаатарын хувьчилсан нутгийн талбай нь бага болохоор тэрээр 2 га талбайд өндөр ургац хураалттай өвс тэжээл тарьж, ихэнх тэжээл өвсний асуудлаа шийдэж, өвс тэжээлийн суурин байгуулах болон үхрийн үүлдрийг сайжруулах хоёр ажлыг гол болгон өндөр үр ашигтай мал аж ахуйг хөгжүүлж, үр шимийг нь хүртэж байна.

Шинэ зуунд Шилийнгол аймаг “Мал аж ахуйн том аймгаас мал аж ахуйн хүчирхэг аймаг”-ийг байгуулах амжилтын хуудсыг үргэлжлүүлэн бичиглэсээр. 2017 онд “Шилийнголын хонины мах” хэмээх брэнд Хятад улсын брэнд бүтээгдэхүүнээр бүртгүүлсний дараа Хятад улсын Хөдөө аж ахуй, Хөдөө тосгоны яамнаас “Шилийнголын хонины мах” брэндийг Хятадын зуун хүчирхэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний газар орон нэгэн нийтээр хэрэглэдэг брэнд болгож, Шилийнгол аймгийг Шилийнголын тал нутгийн махны чиглэлийн хонины Хятадын онцлогтой хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний шилдэг гаралтын орноор өргөмжилжээ.

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл