
Сүүлийн үед вичатаар цацагдаж байсан уламжлалт далантай аргалын шалгаруулалтын шагнал гардуулах ёслолыг 5 дугаар сарын 8-ны өдөр Шилийн хотын Титэм компани дээр явууллаа. Энэ удаагийн далантай аргалын шалгаруулалтын уралдааныг Шилийн хотын Баяншил мал аж ахуйн талбайн Туурын тал хуваарь талбайн малчин Алтанхуар санаачилсан бол Шилийнгол аймгийн бүх хошууны 60 гаруй оролцогчийн дотроос хорин найман оролцогч шагнал хөхүүлэл хүртсэн байна.
“Ажилч айлыг аргалаас нь” гэдэгчлэн Монголчууд далантай аргалаа сайхан хураасан айлыг ажилч хөдөлмөрч хэмээн магтдаг уламжлалтай. Сүүлийн жилүүдээс хөдөө нутгаар нүүрс түлж, цахилгаан, газ ашиглах болсноос аргал хөрзөнгөө хураадаг малчид цөөн болсон бөгөөд аргал хураах ёс заншил ч мартагдах хандлагатай болсон. Тиймээс малчин Алтанхуар өөрийнхөө байгуулсан “Зөвхөн Монголдоо” хэмээх вичат холбоогоор дамжуулж ажилч хөдөлмөрч монголчууддаа зориулан далантай аргалын адилтган шалгаруулалт өрнүүлсэн нь энэ байлаа. Алтанхуар: “Аргал хураах нь монголчуудын дээдээсээ уламжилж ирсэн ажлын нэг юм. Иймээс энэхүү зан үйлээ уламжлан залгамжлах үүднээс энэхүү уралдаан тэмцээнийг зохион байгууллаа. Энэ удаагийн уралдаанд манай вичат холбооны хүмүүс идэвхтэй оролцсон” гэлээ.
Тэмцээний шүүгчээр Авга хошууны Хонгоргол суурингийн Өргөн-Ундрал багийн Адъяа гуай далантай аргалын зургийг хараад хүмүүст аргал хураах зан үйлийн тухай тайлбар хийж билээ. Аргал хураах нь зөвхөн хураах дээр байгаа биш харин хураасан далантай аргалаа бэхжүүлэх, ширүүн салхинд нурахгүй, бороонд норохгүй зэрэг олон талыг анхаарах хэрэгтэй байдаг. “Аргалыг газар газар адил бус хураадаг. Манай нутагт аргал хөрзөнгөө салгаж хураадаг заншилтай, учир нь хөрзөнгийн хумаг нь малын дулаалга болдог, аргалаа түлэхэд ашигладаг. Тэгвэл аргалыг олонхдоо далагнуулж, оройн хэсгийг гурвалжлуулж налуу хураадаг. Ингэж хураасан аргал хатахад хялбар, борооны ус нэвтрэхгүй сайн талтай. Хэрвээ дөрвөлжилж хураавал заавал нуруулж хураах хэрэгтэй бөгөөд оройг нь үхрийн баасаар илж өгнө” гэж Адъяа гуай тайлбарлалаа.
Уралдаанд оролцогчид далантай аргалынхаа зургийг чатааар цацан холбоонд явуулж, холбооныхоо сүлжээн дээр далантай аргалын вичатыг нийтлэн сүлжээгээр оноо олгох хэлбэрээр шалгаруулж билээ. Уралдааны шалгаруулалтаар тэргүүн байранд Баяншил мал аж ахуйн талбайн Туурын тал хуваарь талбайн малчин Ялалт тодорч, Шилийн хотын Булган сумын Баяндэлгэр багийн Нарантуяа, Авга хошууны Цагааннуур суурингийн Өргөн-Ундрал багийн Одонтуяа тус тус хоёрдугаар байр, Шилийн хотын Булган сумын Саруултал багийн Нарантуяа, Шулуун хөх хошууны Бошоотой сумын Дорнотуяа, Баяншил мал аж ахуйн талбайн Туурын тал хуваарь талбайн Саранцэцэг нар тус тус гуравдугаар байранд тодорлоо.
Хэдийгээр тус тэмцээнийг малчин хүн зохион байгуулж байгаа ч оролцогчид маш идэвхтэй оролцсон байна. Мөн нийгэм нийтэд сайн нөлөө үзүүлжээ. Уралдааны талбайд саатсан Тахимаа гуай: “Уг нь манай малчид аргал хөрзөнгөөрөө л галаа түлдэг учраас айл бүр хаврын улиралд аргалаа сайхан хураадаг заншилтай. Тухайн үед аргалаа тэгш, бэхлэг сайхан хураахаар барахгүй аль айл нь ажилч хөдөлмөрч эсэхийг нь гаднах аргалаас нь хараад мэддэг. Тиймээс хүмүүс хоорондоо уралдаж байгаа юм шиг аргалаа нэг нэгнээсээ сайхан хураадаг байсан. Тэгээд манай Алтанхуар дүү маань малчин түмнийхээ энэхүү сайхан ажилч хөдөлмөрч зан үйлийг орхигдуулахгүйн төлөө өнгөрсөн жилээс эхлэн далантай аргалын уралдааныг зохион байгуулаад хүмүүст их хүрсэн байна” гэжээ.
Зугаа цэнгэл, уралдаан тэмцээнээр дамжуулж хүнд нүсэр хөдөөний ажил хөдөлмөрөө ахиулах нь уламжлалт монгол соёлын нэг чухал агуулга бөгөөд түүнийг үнэн зөвөөр нь өвлөж уламжлах нь манай залуу үеийнхний үүрэг хариуцлага буюу. Сайхан хураасан далантай аргалаа шалгаруулж хөдөө нутгийн хаврын улирлын нэгэн хүнд нүсэр ажлаа дуусгасан тус үйл ажиллагаа нь уламжлалт мал аж ахуйн соёлоо дээдэлж яваасай гэсэн ёсыг залуу үеийнхэнд улам гүнзгий таниулсан байна.
