
Энэ бол Баруун Үзэмчин хошууны Балгаргол сууринд байрладаг “Отгонтэнгэр” хоолны газар юм. Жижигхэн, ердөө хонины махан шөлтэй гурилтай хоол хийдэг энэ хоолны газар чухам яагаад олны сайн танил болсон бол⁈ Энэ тухай ойлгохоор хоолны газрын захирал Содгэрэлтэй уулзаж ярилцлаа. Содгэрэл Баруун Үзэмчин хошууны Улаанхуа суманд нутагтай. 2007 онд хүүгээ цэцэрлэгт оруулахын тулд нөхөр Баатартайгаа Балгаргол сууринд иржээ. Хоёул хүүгээ харахын зэрэгцээ хөдөлмөрлөж явж, суух гэрийнхээ түрээсний мөнгө, сул зардал зэргээ аргалдаг байлаа. Содгэрэл архины үйлдвэр, хоолны газар зэрэгт ажиллаж байснаа хошууны төв дэх “Хурах хоолны газар”-т гурилтай хоол хийх ажлыг хийгээд 6 жил болов. Ингээд хэдэн жил туршлага судлан, өөрөө бие даан бизнес хийх бодол төрж өөрийн гэсэн хоолны жижигхэн газраа ажиллуулж эхлүүлсэн байна.
2013 онд Содгэрэл Балгаргол суурингийн Нэгдүгээр бага сургуулийн зүүн тал, замын өмнө талд хойш хандсан тавиад хавтгай дөрвөлжин метрийн талбайтай гэрийг 20 мянган юаниар түрээслэн “Отгонтэнгэр” нэртэй хоолны газраа нээв. Эхлээд хоол хийх талаар хэрэглэгчийн санаагаар юу захиалвал юуг нь хийж, ирсэн зочдоо гомдоолгүй үйлчлэхээр зүтгэжээ. Гэтэл дөрөвхөн ширээтэй жижигхэн хоолны газарт нь зочин тасрахгүй, зочдын янз бүрийн хоолны захиалгыг хангаж дийлэхгүй болж эхлэв. Өглөөний цайнаас эхлээд боов боорцог хайрах, үд оройн ногоо будаа гэхчилэн борив бохисхийлгүй ажиллаад гүйцэгдэх юм биш. Учир нь нэг зочин гурилтай хоол авахад, нөгөө нэг нь цагаан будаа, хуурга авна гэх. Ингээд ирэхэд ганцхан тогооч амжихгүй болоход захиалагчаа хүлээлгэхгүйн тулд Содгэрэлд нэг зөөгч, нэг тогооч ажиллуулах бодол орж ирэв. Тогооч болон зөөгчийн цалин сард хамгийн багадаа 8000-аас 10000 юань зарцуулна. Нарийн тооцон бодож үзвэл ингэж хийвэл завгүй ажилласан ч орлогынхоо хагас шахмыг нь бусдад өгч, өөрөө төдийлэн орлого олохгүй болохоор дахин арга бодож эхэлжээ.

Содгэрэл хоолны газрынхаа хоолонд өөрчлөлт хийж дан төрлийн гурилан хоол хийж туршихаар зориг шулуудаж, ганц төрлийн хонины махтай гурилтай хоол хийх ажлаа эхлүүлэв. Тэгэхэд зарим нь “Ганц төрлийн хонины махтай гурилтай хоолыг хэн нь төдий идээд л байх вэ. Ингэж хоолны газар ажиллуулвал олигтой ашиг орлогогүй байх гэж сануулна. Гэвч Содгэрэл Баатар хоёул эдгээр яриа хэлэлцээнд гуйваагүй.. Ингэж хоолны төрлөө ганцхан болгон өөрчилсөн чинь харин санаснаас ч олон үйлчлүүлэх болов.
Содгэрэл хоолны газар ажиллуулахдаа өөрийн хийж чаддаг хөдөө нутгийн үнэр амттай гурилтай хоолоо л хийж, өөрийн гэсэн аргаараа олноос онцлогдож явна. Тэрээр
- Хүн гэдэг их юманд гар орохгүй ч нэг төрлийн ажлаа чанартай сайн хийж явбал алсын замтай. Үүнийгээ их өргөтгөхийг яарах хэрэггүй. Гол нь чанарыг батална гэж итгэлтэй ярьсан юм. Одоо Балгаргол сууринд “Отгонтэнгэр” хонины махтай гурилтай шөл гэвэл мэдэхгүй хүн цөөн, ширээнийхээ тоог нэмсэн ч зочид нь багтахгүй сандаргадаг.
Содгэрэл хоолны газрынхаа бүх ажлаа ганцаараа амжуулах ба сарын цэвэр орлого нь 5000 — 6000 юаньд хүрч, олзтой, олон хүнд танигдаж мэдрэгдэж яваагаа бодох бүр аливаа алжаалаа мартагдан, улам ч урам зоригтой ажиллана.
