ӨМӨЗО-ы Ар хорчин хошууны Баян-Өндөр сумын Баянцагаан бригадын малчин залуу Хурцаа энэ сарын 15-нд бурхан шашны ариун орон Утайн зүг хүлгийн жолоогоо залав.

Монгол морины гайхамшгийг төрийн тэргүүнээс түмэн олноо хүртэл бахдаж байгаа энэ цаг үед малчин залуу Хурцаа монгол хүний хатан зориг, монгол морины хүч шандсыг дахинтаа мэдрүүлэхийн тулд энэхүү морьтой аяллаа эхлүүлжээ. Түүний аяны дөрөөг мялааж, нутаг усныхан нь үдэн мордуулав. Тэрээр зам зууртаа шууд нэвтрүүлэг хийж, өөрийн үзэж харсан, бодсон санасан зүйлээ найз нөхөдтэйгөө хуваалцаж явах гэнэ. Түүний аяллын өөр нэг зорилго бол шууд нэвтрүүлгээр дамжуулан, Баян–Өндөр нутгийнхаа онгон дагшин байгаль, соёл уламжлалыг олон нийтэд таниулах явдал юм.

