Шилийнгол аймгийн Шулуун Хөх хошууны Шанд суурингийн Баянгол багийн малчин Хас-Эрдэнэ Хубилай хааны үеийн хааны ордны хүнсний судлалын тухай “Идээн ундааны товч” номыг ашиглан зоог бэлтгэн хийж, аялал жуучлалд ашиглаж байна. Түүний хийсэн “Шалзалсан галуу”, “Шаргал шөл” гэсэн хоёр зууш нь III удаагийн Өвөр Монголын хүнсний соёлын наадамд алтан медаль хүртсэн байна.
Малчин Хас-Эрдэнэ хувийн нутаг дээрээ “Малчин айл” аялал жуучлалын бааз ажиллуулах болоод он удаж байна. 2015 оноос тэр Хубилай хааны үеийн хааны ордны хүнсний судлалын тухай “Идээн ундааны товч” номыг судлан суралцаж эхэлснээр гурван жилийн хугацаанд арваад зуушны жорыг эзэмшсэн бөгөөд эдгээр зууш нь жуулчдын таашаалд ихэд нийцэж байгаа юм.

Юань гүрний Дээд нийслэлийн буурь
Шулуун Хөх хошуу аялал жуучлалын нөөц ихтэй нутаг. Ялангуяа8 соёл түүхийн давуу талаараа онцлогтой. Өвөр Монгол орны хэмжээнд цорын ганц дэлхийн соёлын өв - Юань гүрний Дээд нийслэлийн буурь энэ нутагт бий. Шулуун Хөх хошуу бол Монголын Юань гүрний соёлын голомт, цахар соёлын төлөөлөл бөгөөд Хятадын хэмжээн дэх монголчуудын баримжаа авианы өлгий, цахар хүнсний соёлын нутаг. Олон жилийн туршид тус хошууны Намын хороо, Засгийн газар болон аялал жуучлалын салбарынхан энэхүү давуу талдаа түшиглэн аялал жуучлалаа хөгжүүлсээр байна.
- Манай хошуу Юань улсын Дээд нийслэлийн музейн ордон, Дээд нийслэлийн үндэстний онцлогт аж үйлсийн хүрээлэн, Шанд нуурын экологийн аялал жуучлалын орон, Хубилай киноны хот зэрэг соёл жуучлалын гол болох төслийг бүтээн байгуулсан бөгөөд олон төрлийн соёлын наадмын арга хэмжээг зохион байгуулж байна. 2016 гэхэд V удаагийн “Хятад, Юань улсын Дээд нийслэл” соёл жуучлалын наадам, IX удаагийн Хятад улсын цагаан идээний соёлын наадам болон Тэмээний соёлын наадам зохион байгуулсан. Онцлон дурдахад, энэ оны 5 дугаар сард анх удаагийн “Хулан шарга даага” хаврын наадмыг амжилттай зохион байгуулаад 40 мянга гаруй жуулчдыг татсан гэж Шулуун Хөх хошууны орлогч засаг дарга Бадралт танилцууллаа.
Өнгөрөгч онд Шулуун Хөх хошуу давхардсан тоогоор 650 мянган жуулчдыг хүлээн авсан ба аялал жуучлалын салбарын орлого нь 450 сая юаниас давсан байна. Улмаар малчдаас эзэгнэсэн 132 аялал жуучлалын баазын 10 нь ӨЗО-ны зэрэглэлийн 5 одтой аялал жуучлалын төвийн стандартыг хангажээ.

Шулуун Хөх хошууны алтан цэцэгт тал
Өвөр Монгол орны хэмжээний аялал жуучлалын их хурал дээр дурдсан “Бүх бүс нутгийн хэмжээний аялал жуучлал, дөрвөн улирлын аялал жуучлалыг бүх талаар хөгжүүлэх” ерөнхий шаардлагын дагуу Шулуун Хөх хошуу соёлын аялал жуучлалыг эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратеги бодлогын шинжтэй тулгуур аж үйлс болгон хөгжүүлэх зорилт тогтоогоод буй. Энэ тухай Бадралт дарга:
- Бид түүх соёл, байгаль орчин, газар зүйн байрлал, зам тээврийн давуу талаа ашиглан Юаний Дээд нийслэлийн буурийн эргэн тойронд тал нутгийн өвөрмөц соёлоор онцлог болгосон “Хулан шарга даага” элсний аялал жуучлалын бүс, түүх соёлын үлдэгдлээр онцлог болгосон алтан цэцэгт талын аялал жуучлалын бүсийг бүтээн байгуулах болно. Мөн зуны улиралд “Хятад, Юань улсын Дээд нийслэл” соёл жуучлалын наадам, намрын улирлын Хятад улсын цагаан идээний соёлын наадам, “Хулан шарга даага” хаврын наадам зэргийг зохион байгуулж, улсын дотоод, гадаадад нэр төртэй аялал жуучлалын орныг бий болгоно гэж ярьлаа.
