solongonews
ӨМӨЗО-ы 14 дэх удаагийн спортын наадмын нээлт боллоо
2018-08-19 00:00
ӨМӨЗО-ы 14 дэх удаагийн спортын наадмын нээлт боллоо

ӨМӨЗО-ы 14 дэх удаагийн спортын наадмын нээлтийн ёслол 08-р сарын 18-ны өдөр Улаанцав хотын Жинин шинэ хот дүүргийн Спортын талбайд боллоо.

Талбайд байрлах аварга том зангиа нь эрийн гурван наадмыг бэлгэдэж, олимпын таван цагираг нь дэлхий спортын хөгжлийг харуулж, олон төрлийн бүжиг, жагсаал нь Улаанцав хотын соёл иргэншил хийгээд 2 сая 870 мянган ард түмний халуун дулаан сэтгэлийг илэрхийлж, эрүүл чийрэг соёлтой амьдралыг уриалсан, шинэ цаг үеийн хөдөлмөрч ард түмний өөдрөг хүслээр наадмыг нээлээ.

ӨМӨЗО-ы спортын наадам нь 1959 онд анх Хөххотод зохион байгуулагдаж байсан бол энэ жил 59 дэх жилийнхээ нүүрийг үзэж, 14 дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Тус наадам нь дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Өвөр Монголын хэмжээнд хамгийн том, хамгийн их хүрээ хэмжээг хамардаг, үр нөлөө нь хамгийн өргөн, чанартай спортын наадам болно.

Энэ удаагийн наадамд ӨМӨЗО-ы 12 аймаг хот болон 21 их дээд сургуулийн 33 багийн 16 мянган тамирчин оролцож байгаа аж.

Аймаг хот, олон нийтийн, их дээд сургуулийн гэсэн гурван хэсэгт хуваан зохион байгуулж байгаа тус спортын наадмын аймаг хотын хэсэг нь 34 том төрөл, 833 бага төрлөөр, олон нийтийн хэсэг нь 14 том төрлөөр, их дээд сургуулийн хэсэг нь 8 том төрөл, 96 бага төрлөөр 08-р сарын 26-ны өдрийг хүртэл өрсөлдөх юм байна.

Найруулагч: О.МЭРГЭНБИЛИГ
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл