solongonews
Торгоор урласан зам
2018-05-31 15:16
Торгоор урласан зам

Бүсгүйчүүд өөр өөрийн өнгөөрөө хорвоог чимэх нь юутай сайхан. Хүн бүхэн өөрийн гэсэн гоо сайхны эрэлхийлэл, мэдрэмжтэй байдаг ч бүсгүйчүүдийн хувьд өөрөө мэдрээд л болох биш, бусдад гоо сайхны таашаал өгөх үүрэгтэй байдаг нь үнэн.
 Уран үйлээр зүсээ чимсэн ээж охин хоёр
Шилийнхотын Гоёлол үндэсний хувцас загварын дэлгүүрийн Цэцэнчимэг, Сүндараа ээж охин хоёртой азтай тохиолоор уулзсан юм.

Уран оёдолчин Цэцэнчимэг

Гоёлол хувцас загварын дэлгүүрийг ээж охин хоёр 2015 онд байгуулсан байна. Анх охин нь сургуульд байхдаа уралдаанд оролцох болгон ээжээрээ хувцас хийлгэн өмсдөг байжээ. Ээж охин хоёр тэр үеэс л эхлэн торгоор урласан “зам”-ыг сонгосон байжээ. Одоо тэд гоо сайхны төлөө зүрх сэтгэлээ зориулсан сайхан ажил үйлстэй болсон. Цэцэнчимэг үсний даруулгыг хамгийн анх торгоор боож монгол онцлогтой болгож туршиж үзсэн байв. Охин Сүндараа  үсний даруулгыг хараад л: - Ээжээ бид үүнийгээ WeChat-аар заръя гэсэн санааг гаргасан гэнэ. Ээжийнхээ уран үйл, хийсэн зүйлийг нь олон нийтэд түгээх ухаан, охины шинэ цагийн бодол хоёр нэгдсэнээр гоо сайхны үйлс ийнхүү эхэлсэн байна. Сүндараа торгоор хийсэн үсний даруулгыг WeChat-даа хуваалцаад удаагүй байхад Эрээн хотын нэг хүн худалдан авсан байна. Ээж охин хоёр үсний даруулгаа авсан хүнд нь хүргэлтийн үйлчилгээгээр явуулжээ. Харин тус худалдан авагч цааш нь худалдаад дахин бөөнөөр нь авах санал тавьжээ.

 Сүндараа

Цэцэнчимэг “Гоёлол” брэндийг бүртгүүлж, 20-иод төрлийн бүтээгдэхүүн хийгээд байна. Торгоор урласан үсний даруулга, бөгж, гинж, хүзүүний ороолт гээд торгоор урласан гоё чимэглэл нүд баясгана.
Цэцэнчимэг нэг удаа Чингис хааны киног үзэж байгаад үсний гэр гэдэг заслыг олж харсан байна.

“Үсний гэрийг Хүннү гүрний үед хэрэглэж байсан гэдэг. Одоо 2500 жилийн түүхтэй” гэсэн Сүндараа хүүхний яриа ээжийнхээ хийж бүтээж байгаа зүйлийг дэмжсэн сэтгэлийн дэм болж надад сонстов.

- Бид зүгээр л гоёл чимэглэлийн зүйл хийж байна гээд шинэчлээд байж болохгүй. Түүхэнд ямар байсан гэдгийг нь мэдсэний суурин дээр алийг нь шинэчлэх ёстой гэдгийг бодох хэрэгтэй. Монгол бүсгүйчүүдийн эрт дээр үед хэрэглэж байсан гоёл чимэглэлийг уламжилж хийх нь цаанаа үнэ цэнэтэй гэх Цэцэнчимэг үзэсгэлэнтэй харагдаж байв.
Гоёл чимэглэлийн зүйлсээ оёж хатгахдаа дуртай, шөнөжин суусан ч ядардаггүй гэж ярих Цэцэнчимэг үйлээ урлаж, харин ээжийнхээ сэтгэл гаргаж хийсэн зүйлсийг охин нь дээдэлж, бас ээждээ загвар өмсөгч нь болж, бүх зүйлсийг WeChat-аар зарах ажлыг нь хийдэг аж. Охин нь WeChat ашиглан борлуулахдаа төлөөлөгч борлуулагчтай болжээ. Одоогоор төлөөлөн борлуулагч нь нийт 60 орчимд хүрээд байгаа бөгөөд онлайн дэлгүүр ажиллуулж, наймаа нь маш сайн байгаа гэнэ. Нэг л удаад гэхэд хэдэн мянган юанийн захиалга авах тохиолдол маш олон. Тэдний үйлс өөдтэй өнгөтэй үргэлжлэн, торгоор чимсэн зам дээр ээж охин хоёр гоо сайхныг түгээж, үзэсгэлэн төгсөө гайхуулж, үйлсийн сайхан, сэтгэлийн сайхнаараа бахархал болж явна.

 Үйлийн уран, үйлсийн сайхан
Саяхан Авга хошууны Бэлгүүдэй суурингийн Шинэ үе монгол оёдлын газарт очиход эзэн Өнөрцэцэг шинэ бууцандаа нүүж ирээд Хөххотоос бөөндөж оруулсан бөс бараагаа эмхэлж цэгцэлж таарлаа.
Өнөрцэцэг Авга хошууны Бэлгүүдэй суурингийн Алтанхангай багийн хүн. Түүний ээж нь хол ойрдоо алдартай уран оёдолчин биш ч гэр бүлийнхээ дөрвөн улиралд өмсөх дээл хувцсыг урладаг бүсгүй байсан. Хар бага байхын ээжийнхээ үйл оёдлыг нууцхан сонирхдог Өнөрцэцэг маань заримдаа хийж байгаад нь гар хүрээд загнуулдаг байсан ч хажууд нь харж суудаг байжээ. Айл аймгийн настай буурлууд түүнийг уран оёдолчин болно гэж магтдаг байжээ.

 Өнөрцэцэг оёсон хувьсаа хэрэглэгчид танилцуулна

Амны бэлэг хаашаа бол ашдын бэлэг тийшээ гэдэгчлэн Өнөрцэцэг уран оёдолчны нэгээр бүртгүүлж явна. Тэрээр 2013 онд хүүхдээ сургуульд суулгахаар хошууны төв Бэлгүдэй сууринд ирэв. Хүүхдээ харж харгалзахын хажуугаар зав чөлөөгөөрөө Монгол Улсын багштай оёдлын газар хоёр жил суралцжээ. 2015 онд тэрээр 50 мянган юанийн хөрөнгө оруулан Шинэ үе монгол оёдлын газрыг ажиллуулж эхэлсэн байна. Өвлөж ирсэн авга уламжлалт дээл, сурч эзэмшсэн шинэ маягийн монгол хувцас загварыг уялдуулан оёж, чанарын баталгаа, итгэлийг барин ажиллаж тун удалгүй хүмүүст танигдсан байна. Хоёр жилийн хугацаанд 200 мянган юанийн хөрөнгө цуглуулсан тэрээр 2017 онд 170 кв/м талбайтай хоёр давхар байрыг 500 мянган юанийн бэлэн мөнгөөр худалдан авсан байна. Өнөрцэцэгийн ажил үйлс өдрөөс өдөрт өргөжин, одоо зургаан хүнийг ажлын байраар хангаж байна. Өнгөрсөн жил 300 гаруй тэрлэг оёсон гэнэ.

 Өнөрцэцэг дээл эсгэж байгаа нь


Манай дэлгүүрийн гутлын наймаа маш сайн байдаг. Зургаан сарын нэгэн ойртоод ирэхээр захиалга их байдаг. Одоо 44 хүүхдийн тэрлэг, гуталны захиалга ирээд байна хэмээн сэтгэл хангалуун ярьж байв.
Үйлчлүүлэгчийнхээ итгэл найдварыг олж, борлуулалтын замаа өргөжүүлэх нь тэдний баримталдаг зарчим.  Өнөрцэцэг ч борлуулалтын замаа өргөжүүлэх зорилгоор WeChat холбоо байгуулан, засал чимэглэл, тэрлэг, гутал, бөс бараагаа борлуулсаар иржээ. Тэрээр мөн хувцас загварын уралдаан тэмцээнд олон удаа оролцон шагнал авч байсан удаатай билээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл