solongonews
Бөхийн тавцан дээр гялалзаж явсан нэгэн од
2017-06-22 10:55
- Нэгэн үеийн алдарт бөх цахилгаан Галсангийн тухай тэмдэглэл

Галсан Үзэмчин зүүн гаран хошууны Гахил сүмийн лам байжээ. Зүүн Эрээнээр нутагтай, Борнууд овогт Зодов болон эх Усархандын хөвгүүн үр болж, 1931 оны хонин жил Баруун Эрээний Булан шаут гэдэг газар төржээ.

Хамба гэгээнтэн, “Түмэнбаярыг бодвол жаахан Галсан сайн бөх болно” гэж айлдлаа гэдэг. Үнэхээр ч тийм, жаахан Галсан гэж Эрдэнэ бэйсийн хошуундаа алдар цуутай бөхчүүдийн нэг болж, орон аймгийн аварга цолыг хамгаалан, арслан бар шиг тоглож явсан бөлгөө. Түүний барилдааны онцлог нь барьц лав, эрдэм хийхдээ бушуу шаламгай бөгөөд даамгай, хэр баргийн бөхийг хаядаг болохоор “цахилгаан Галсан” гэж алдаршжээ.

Тэрээр 23 настай байхдаа Шинэ сүмийн хорины овоонд хүрч барилдаад, баруун зүүн хоёр хошууны нэртэй бөх Донгоровсүрэн, Түмэн-Өлзий, Равдан зэргийг хөдөлгөөний хүчин, эрдмийн лав байдлаараа хаяж тэргүүлсэн юм. Шинэ сүмийн гэгээн Лувсан Галсанг бөхийн эрдэм мэх сайн байгааг хараад бахархан, найрын тэргүүн бөхдөө хадаг тэргүүтэн зангиан гол соёрхсон юм гэнэ.

Арав хоногийн дараа Шинэ сүмийн сүлдийн тахилгын найр болдог юм байна. Тэр үед хувьсгал орж ирсэн боловч сүм хийд шашны үйл хэрэг мөн хэвээрээ явагдаж байсан цаг. Гахил сүмийн хамба лам Жамъянсүрэн тус найрт сүмээсээ бөх илгээсэн боловч Галсан гуайг:

“Тэр найрт чи очих хэрэггүй” гэж айлдсан юм гэнэ. Хэдийгээр тийм боловч залуу насны гал үедээ байсан тэрээр бөхийн тэмцээнд эр чадлаа шалгах хүсэл оргилж байсан болохоор далдуур найр үзэхээр очжээ. Яг найрын хүрээнд бөх сонирхон зогсож байтал Донгоровсүрэн зэрэг лам нар түүнийг хараад: “Чи найрт орохгүй юм уу” гэхэд “Би найр үзэхээр ирсэн, барилдахаар ирээгүй” гэжээ. Гэтэл тэд: “Чиний нэрийг чинь дуудаж байхад уу?” гээд шалахад Галсан: “Би зангиа авч ирээгүй” гэв. “Тэр хамаагүй, оч!” гээд нөгөө хэд нь түүнийг чангааж татан оруулжээ. Тэр найр дээр Галсан хоёр хошууны нэртэй бөхчүүдээс Донгоровсүрэн, Лам, Хүрэл, Хайров, Гуа Ширэв нарыг хаяж тэргүүлжээ. Найр сонирхож байсан хамба лам гэгээнтэн түүнийг дуудаж: “Чамайг битгий ир гэхэд чи ирлээ, зангиа бас авч ирсэнгүй. Үүнийг юу гэх вэ” гэж зэмлэсэн гэдэг. Тэр үе зангиатай бөх найрт орохдоо эрхбиш зангиа зүүх хэрэгтэй байлаа. Зангиа зүүхгүй бол найрт ордоггүй. Ялангуяа Лувсан гэгээнтний соёрхсон зангиаг зүүхгүй орсон нь түүнд тун эвгүй санагджээ. Шинэ сүмийн гэгээнтнээс Галсанг дуудуулж, миний шагнасан зангиаг чамлалаа хэмээн дахин зангиан гол олгон шан хүртээснээс тэр хоёрд зангиалсан байжээ.

Галсан орны дэд хөнгөн зэрэглэлийн бөхийн уралдаанд хоёр жил дараалан түрүүлж явсан удаатай. Нэг удаа Өвөр Монголын биеийн тамирын зөвлөлийн дарга нар Галсанг Хөлөнбуйрын аварга Нарандаваа, Зуу-Удын Жамъяанширэв, Шинэ сүмийн Хүрэл зэрэг аварга бөхтэй барилдуулжээ. Аваргуудын эрдэм нь бүгд “дэгээ” хийх адилавтар талтай гэнэ. Галсан үүнийг мэдээд “дэгээ” хийхэд нь дэгээг нь хөлөө цааш гулгуулахад дэгээ нь мултрахтай зэрэг татаагаар хаялсан гэдэг. Үүнд Төмөрзүрх зэрэг биеийн тамирын зөвлөлийн дарга нар “бөхийн эрдэмд байгаагүй эрдмийг хийлээ” гэж сайшаагаад, Өвөр Монголын биеийн тамирын зөвлөлийн тамирчнаар үлдээхээр зөвшөөрсөн байв. Гэвч олон шалтгаанаас болж, нутаг буцсан нь түүнд нэг талын харамсал болон үлдсэн байлаа. Учир нь Тайюунь хотод болсон Хятад маягийн бөхийн аварга шалгаруулах тэмцээнд түүнийг орлон явсан Үзэмчин баруун хошууны Лорой тэргүүлж, “улсын аварга” цол хүртжээ.

1959 оны Хятад улс байгуулагдсаны 10 жилийн ойн найрыг Шилийнхотод хийж, бөхийн барилдааныг олон төрөлд хуваан явуулав. Дунд хөнгөн зэрэглэлд Галсан гуай шөвгийн дөрөвт үлдэж Авга хошууны Найданг хаяж, үзүүр түрүүнд Хөлөнбуйрын Чимэдсүрэнг даваад тэргүүлсэн юм. Тэр том найрт манайхаас Шүүртэй, Идэрзаан, Г.Лувсан зэрэг бөхчүүд очсон байлаа. Тухайн үе Авга хошуунд ажиллаж байсан баатар нарийн бичгийн дарга ч тухайн бөхийн барилдаанд оролцсон гэж Галсан гуай дурслаа.

Зохиогч: О.Ёндон
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл