60 жилийн өмнө нэгэн бод урлагийн цэцэг Онгонуудын тал нутагт улалзан дэлгэрсэн юм. Зургаахан хүний бүрэлдэхүүнтэй анх байгуулагдсан энэхүү урлагийн баг нь ирээдүйд олон нийтийн оюуны хүнс, бахархал болно гэж хэний ч санаанд орсонгүй. Хятад улсаас Улаанмөчирийг анх байгуулах үед Онгонууд хошууны энэхүү урлагийн багийг туршилтын цэг болгон анх байгуулсан юм. Төрөл бүрийн хөгжмийн хэрэгсэл байгаагүй тэр үед нэг морин тэрэг, Улаанмөрчирийн далбаатай зургаахан хүн салхи шуурга сөрөн, тэсгэм хүйтэн, аагим халууныг хайхралгүй урт хугацаагаар говь цөл, тал нутгаар аялан, хөрст дэлхийгээр тайзаа болгож, хөдөө нутгийн иргэддээ баяр бахархал, соёлыг хүргэж, намын дуу хоолой болон халамжийг дамжуулж, улс орны урлагийн ертөнцөд далбаа болон намирч байсан юм.
1957 оны 06 дугаар сарын 25-д анх байгуулагдаж байсан Онгонууд хошууны Улаанмөчир нь одоо 61 жилийн гэрэл гэгээтэй түүхээ тэмдэглэж байна. Тэд монгол ардын уртын дуу, үлгэр холбоо, морин хуур, андай бүжиг зэрэг амьд хэв намбатай уламжлалт соёлын шилдэг бүтээлүүдийг ард иргэддээ хүргэсээр ирсэн. Тэд хүн цөөн, хөсөг хөнгөн, багийн гишүүд нь олон төрлийн ур чадвартаа нэгд мэргэшиж, олонд танигдсан хүмүүс. Тоглолтын талбайд нахилзтал бүжиглэж, хангинатал дуулдаг охид залуус тоглолтын бусад цагаараа хөдөө орон нутгийн иргэд, ахмад буурлуудын гэр орныг нь цэвэрлэж, ажил үйлст нь тус дэм болж, сонин сэтгүүл уншин өгч, төрийн бодлого, шинэ мэдлэг мэргэжлийг танилцуулдаг байлаа. Хөдөө орон нутгийн иргэдэд хувь нэмрээ үзүүлэх үзэл санаа Онгонуудын элсэн нутагт бий болж, ард иргэдийн хайр хүндэтгэлийг хүртсэн байна.
Улаанмөчир нь ард түмний дундаас ирж, ард түмний дунд очсон. Тэд амь насаар амь насыг уярааж, амжилтад хүрсэн бөгөөд бусдыг ч амжилтад хүргэсэн юм. 1964 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Онгонууд хошууны Улаанмөчирийн зургаан жүжигчний хувьд мартагдашгүй нэг өдөр. Тэд Өвөр Монголын Улаанмөчирийн жүжигчидтэй хамт нийслэл Бээжинд болсон Үндэсний цөөнхийн ажлын чөлөөний урлагийн тоглолтод оролцжээ. Мао Зэдүн, Жөү Эньлай, Жүдэ, Дэн Шяаопин зэрэг Хятад улсын нам төрийн удирдлагууд Улаанмөчирийн тоглолтыг сонирхсоны дараа жүжигчдийг халуун дотноор хүлээн авч уулзсан байдаг. Жөү Эньлай ерөнхий сайд Улаанмөчирийн жүжигчдэд хандан: - Улаанмөчир гэдэг энэхүү урлагийн их галыг улсын хэмжээнд асаан дүрэлзүүлээрэй. Улаанмөчир гэдэг тал нутгийн хувьсгалын урлагийн хөнгөн морьт цэрэг юм гэжээ.
Улаанмөчир байгуулагдсан 61 жилийн турш утга урлаг иргэдэд үйлчилдэг гэх үндсэн чиглэлийг баримтлан Хятад улсын ихэнх муж, хот, ӨЗО-оор аялан тоглолт хийж, үндэсний соёлын солилцоо, нийгмийн соёл боловсролын хөгжил дэвшилд балраагүй гавьяа зүтгэл үзүүлсэн юм. Онгонууд хошууны Улаанмөчирийн жүжигчин Сүн Жэнюй багшийн найруулан зохиосон аяган бүжиг нь монголчуудын гоо сайхны мэдрэмж, урлагийн онцлог, амьдралын хэлбэрийг харуулснаараа Өвөр Монголын Улаанмөчирийн шилдэг содон бүтээл болж одоог болтол тоглогдсоор байгаа юм.
Өөрчлөлт нээлтийн шинэ цаг эринд энэхүү элсэн нутгийн урлагийн цэцэг илүү өнгө ялгаран бадран дэлгэрсэн юм. Тэд Улаанмөчирийн соёл урлагийг оюуны соёлын бүтээн байгуулалт, аж ахуйн бүтээн байгуулалтад үйлчлүүлэхийг зорьж, үндэсний шинж орон нутгийн онцлогтой шинэ содон тоглолтыг зохион бүтээж иргэдэд сонирхуулснаар Онгонууд хошууг сурталчлах ажилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсаар байна. 60 жилийн турш Онгонуудын Улаанмөчир нь 200 гаруй жүжигчдийг бэлтгэн гаргаж, 400 гаруй дуу бүжиг зохиож тоглож, 6000 гаруй удаагийн тоглолт зохион байгуулсан байна.
61 жилийн турш хэдэн үеийн жүжигчдийн хичээл зүтгэлийн хүчинд Онгонуудын Улаанмөчир нь олон удаа улс орны зэрэглэлийн шагналыг хүртэж явсан юм. 61 жилийн хавар намар, 61 жилийн түүхийг бичиглэж, Онгонууд хошууны Улаанмөчирийн алдар нэрийг өргөж, Улаанмөчирийн үзэл санааг уламжлан залгамжилсаар ирсэн юм.
Цаг үеийн хөгжил нь Улаанмөчирт шинэ үүрэг хариуцлага хүлээлгэсэн. Тиймээс цаг үетэй зэрэгцэн урагшлах нь Улаанмөчирийн мөнхийн зорилго болсон юм. Улаанмөрчир хөдөө орон нутгийн соёл урлагийн суурь, үндэсний соёлын дайчин хүч болно. Мөн өөрчлөлт нээлт болон орчин үеийн бүтээн байгуулалт, үндэсний эв нэгдэл, үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг бүтээн байгуулах урлагийн хошууч болно.
Хөх огторгуйгаар хөшгөө татаж, хөдөө нутгаар тайзаа болгон, иргэдтэйгээ итгэл сэтгэл, хайраараа холбогдож, тал нутгийн хувьсгалын урлагийн хөнгөн морьт цэрэг хэмээгдсэн Онгонууд хошууны Улаанмөчир нь 61 жилийн хавар намрыг ээрэм тал, элсэн цөл, эх нутгийнхаа элгэнд ул мөрөө тамгалж, өргөн түмнийхээ сэтгэлд уянга дуугаа шингээж, цаг эриний айзам чавхдан, Улаанмөчирийн яруу дууллаа уянгалсаар байна.
