solongonews
Элсийг ногоон бүрд болгов
2017-08-31 22:59
Хуягбаатар Шулуун Хөвөөт цагаан хошууны Ихнуур сумын Цайдам багийн жирийн нэгэн малчин. Тэрээр гэрийнхэнтэйгээ Хулан шарга дааганы элсний гүнд мод тариад 10 жилийн нүүрийг үзэж байгаа юм. Энэ арван жилийн хугацаанд тэрээр гэрийнхэнтэйгээ 67 га талбай элсийг ногоон бүрд болгосноос түүний алдар нэр, ариун хөдөлмөрийн амжилт дуулал нь хилийн шугамаас хошуунд дамжин цуурайтна.

1997 онд Ихнуур сумын Цайдам баг нутаг бэлчээрээ өрх айлд хуваахад Хуягбаатарынх 34 га нутаг хувьчлан авч, нэг гэрээрээ энэхүү нутаг бэлчээртээ мал маллаж орлого бага ч идэж өмсөхдөө хангалттай тайван амьдарч байжээ. Гэтэл энэ байдал нь урд хугацаанд үргэлжилж чадаагүй, нутаг бэлчээр хуваах маргаанаас болж, тэдний нутаг бэлчээрийг Шулуун хөх хошуунд хамруулан оруулсан аж. Ингээд гэрийн эзэн болсон Хуягбаатар арга барагдан 200 гаруй хонь, 20 гаруй үхрээ худалдаж, хот орж хөлсний ажил хийж аж төрөх замыг сонгов. Хот орж хөлсний ажил хийнэ гэдэг нь ч тийм хялбар ажил биш, мэдлэг мэргэжил хангалтгүйгээс болж мөнгө нэг их олж чадахгүй болохоор амьдралаа ч аргацаахад төвөгтэй болж, их удалгүй хонь үхрээ зарсан мөнгөө ч дууссан байна. Ингээд хотод амьдрахад ч хэцүү, хөдөөд буцах гэхэд нутаг бэлчээр ч үгүй арга мухардаж байтал “Олон талаар хэдэн жил хэлэлцэж тохиролцож, Хуягбаатарын нутаг бэлчээрийг буцаан өгөхөөр болжээ” гэсэн мэдээ ирсэн байна. Ингээд 2006 онд Хуягбаатарын гэр өөрийн нутаг руугаа буцаж, садан төрөл, найзаасаа цуглуулсан мөнгөөр үхэр мал худалдан авч, мал аж ахуйн амьдралаа дахин эхлүүлжээ.

Тухайн үед Хуягбаатарын амьдралд дэм болохын тулд Ихнуур сумын удирдлага Шулуун Хөвөөт цагаан хошуу ба Шулуун хөх хошууны зааг дээр байгаа 67 га талбайн элсжсэн газрыг Хуягбаатарт хуваан өгөв. Хамар хатгах өвсгүй хувхай элсийг хараад Хуягбаатар арга мухарджээ. Гэвч монгол хүний тал нутаг, гэр орноо гэсэн тэрхүү халуун сэтгэл нь түүнийг энэ хэсэг элсийг заавал ногоон бүрд болгоно гэж сэмхэн зориглосон байна. Ингээд тэрээр удалгүй 67 га элсийг ойжуулах аянаа эхлүүлж, 2006 оны намар ганцаараа мөн элсэнд 30 мөр бургас тарьжээ. Дараа жилийн хавар нь тэр гэрийнхнээ дагуулан нүх малтаж ус зөөж бургас, хайлаас мод зэрэг ган хавсаргад тэсвэртэй ургамал тарьж, элсэн хотгорт 2 сар бужигнан ажиллав. Түүнээс сүүлд жил болгоны хавар намрын улиралд Хуягбаатарын гэрийнхэн элсэн хотгорт мод тарьж байгаа бараа харагддаг байв. Элсэн цөлд ус дамнаж, мод тарина гэдэг чинь бас хүнд ажил шүү. Гэвч энэ нь Хуягбаатарын хувьд энгийн ажил болжээ. Ус дамнан мод тарьж, үргэлж элстэй ноцолдох тэдний өдөр тутмын амьдралд дутагдаж болшгүй ажил болж.

“Эхэлбэл дуусгах хэрэгтэй, эрвэл олох хэрэгтэй ”гэдэгчлэн Хуягбаатарын арваад жилийн энэхүү баримтлал, тэсвэр тэвчээр нь эцэстээ үр дүнд хүрчээ. 10 жилийн дараа энэхүү хамар хатгах өвсгүй элс нь ногоон бүрд болж, жигдэрсэн бургас, 1000 гаруй ширхэг хайлаас мод, улиас модууд нь сүндэрлэснээр барахгүй алимны мод, тоорын мод зэрэг жимсний мод ч харагдана. Нутгийн хүмүүс үүнийг хараад “танигдахаа больтол өөрчлөгджээ” хэмээн ярилцана.

Хуягбаатар элсэнд мод тарихын зэрэгцээ хошууны “хонийг цөөлж үхрийг нэмэгдүүлэх” уриалгын дагуу 300 хонь зарж, шилдэг үүлдрийн үхэр маллан 70 гаруй  үхэртэй болсон байна. Тэрээр айл саахалтынхантайгаа мал аж ахуйн оронд хэрхэн илүү сайн амьдрал үйлс босгож, нутаг усаа элэг бүтэн хамгаалж явах тухай хүсэл зорилго тавин ажиллаж байгаа гэнэ.

Хуягбаатар ийнхүү итгэл зориг чангалан, ариун хөлс, ажилч хоёр гараараа өөрийн нутаг усаа ногооруулахаар чармайж явахад түүний хичээл зүтгэлд нутаг ус нь ч амилан ногоорч түүнд их урам зориг хайрлана.

Зохиогч: Д·Далай
Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Шилийголын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл