solongonews
Бадамцэрэнгийн улаан үхэр
2018-12-14 18:53
ӨМӨЗО-ы Хөдөлмөрийн жишээч, аварга малчин Бадамцэрэн өөрчлөлт нээлтийн 40 жилийн хугацаанд бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэх ажилд хошуучилж, амжилт дүүрэн явснаараа алдар нэрээ улс даяар дуурсгасан шилдэг малчин билээ.

Бадамцэрэн гэргийн хамт

Зүүн Үзэмчин хошууны Гахил сумын Эрээнбулаг багийн малчин Бадамцэрэн хошууны төв Улиастай сууринд 12-р сарын 01-ний өдөр улаан ангис эр үхэр авч ирэн, төхөөрч зараад 30 мянган юань давсан өндөр үнэд хүргэсэн явдал Шил нутагт бас нэгэн сайхан мэдээ болон яригдана.
Бэлчээрт түшиглэн малласан үхрийг ийм үнэ хүргэнэ гэдэг амаргүй. Тиймээс түүний цаана Бадамцэрэнгийн цаг үеэ олсон мал маллах арга туршлага, сүргийн бүтцийн төлөвлөлт гээд олон арга ухаан сөхөгдөн яригдана. Хөдөө аж ахуйгаа цаг үеийн хандлагад зохицуулах гэгч ухаант малчны хашир туршлага.

Шинэ мянганаас Шилийнгол мал аж ахуйн тоо толгойг хөөцөлдөхийг өөрчлөн чанарын талын алхам хийж эхлэхэд Бадамцэрэн цагийн байдлыг ажиглан үзэмчин үүлдрийн 60 үнээнд хөврөл шилжүүлэх хээлтүүлгийг анх хийлгэж, дараа хавар нь 26 тугал тосч байв. Тийнхүү хөврөл шилжүүлж өгсөн компанид гэрээ ёсоор өгөх ёстой 13 тугалаа буцаан худалдан авснаар барахгүй хошууныхаа мал аж ахуйн үүлдэр сайжруулах газраас 43 улаан ангис тугал нэмж, нэг тугалыг 4000 юаниар худалдан авчээ. Тухайн үед нэг тугал 4000 юань гэдэг хүн сонсохоос цаашгүй байсан үнэ. Учир нь нутгийн үүлдрийн тугалыг дөрөв тав нугалах үнэ байсан юм. 2003 оноос улаан ангис үүлдрийнхээ анхны төлийг тоссоноор тухайн жилээ 200 шахам нутгийн үхрээ худалдаж, унаган нутагтаа улаан ангис үхэр сонгон маллах гараагаа тууштай эхлүүлэн, 20 шахам жил цуцалтгүй маллахдаа нэг үе 300 давуулсан боловч бас дахин шилдэг үүлдэр болгон цөөлж, энэ өвөл 200 шахам улаан ангис өвөлжүүлжээ. Одоо үхрийн үүлдэр сайжирсан норм 95 хувийг давав. Энэ нь Бадамцэрэнгийн уламжлалт мал аж ахуйн үхэр сүргийн бүтцэдээ төлөвлөлт хийж, сайжруулсан мал аж ахуйн хураангуй зураглал болно.

 Шинэ үүлдрийн малыг орон нутагтаа дасган маллахад урт удаан цаг хугацаа, маш том арчилгаа мал маллах арга ухаан шаардана. Бадамцэрэн одоог болтол хүний өөрийн 50 мянган мү (1 га=15 мү) бэлчээрт түшиглэн, малчин хүний хариуцлага мал маллах их ухаанаар ангис үхрээ малладаг ч өөр шилдэг үүлдрийг нутаг орондоо баталгаатай идээшүүлэн маллахын тулд өвөл хавартаа тугал бяруу, хээлтэй үнээ гээд жил бүр дунджаар 160 үхэрт нийт 150 өдөр өвс бордоо өгч, улаан ангис үхрээ маллаж эхэлсэн цагаасаа одоог болтол баримталсаар байгаа аж. Нэг үхэрт өдөрт дунджаар 10 юань (энэ жилийн үнэ ханшаар)-ийн өвс бордоо орохоор бодож, 150 өдөр тэжээл өгөхөд 1500  юань гээд бодвол 160 үхэрт 240 мянган юань зарцуулна. Өдий тооны үхрийг өвөлжүүлж хаваржуулахад хэрэгтэй бордоо өвсний зардалд өөр айл бараг 50 тугал зарсан мөнгө зарцуулах бол эднийх харин 20-иод тугал зарсан мөнгө зарцуулна. Ингэж л бэлчээрийн тарга хүч сайн авсан үхэртээ чухал үед нь өвс бордоо зохистой өгнө. Тэжээл өгсөн үхэр шинэ ногоонд золгоход жил өнжсөн тарга нь илүү нэмэгдэж, зарж худалдахад үнэ хүрдэг. Шилдэг үүлдрийн малыг шилдэг болгон маллахын ач тус гэгч энэ биз.
Ажилч малчин  Бадамцэрэн он жилийн уртад олон хүний “Улаан ангис маллах хэрэггүй, түүнийг малла” гэсэн ятгалгыг тэвчиж, үлэмж их мал маллах арга туршлага, уйгагүй арчилгаагаар Үзэмчин нутгийн уур амьсгал, ус бэлчээрт зохицсон нэг сүрэг шилдэг үүлдрийн улаан ангис үхрийг сонгон маллажээ. Улаан ангис үхэр байгальд зохицох чадвар сайн бөгөөд төл нь том, тарга хүч авахдаа амархан зэрэг давуу тал нь “Бадамцэрэнгийн улаан үхэр” гэж алдаршин зах зээлийн борлуулалт нь ч өндөр болж эхлэв. Бүрэн бус бүртгэлээр одоог болтол 300 гаруй бяруун бухыг дунджаар15000 юаниар зарж байна. Тарган сувай үнээнээс 600-700 жин /1 жин 500 граммтай тэнцэнэ/ мах гарах нь асуудалгүй болж, энэ жилийн махны үнээр бодвол нэг үнээний орлого нь 20 мянган юаниас дээш яригдана. Тугалын орлогын хувьд нэг тугал нь 12000 юань хүрнэ. Улаан ангис үхэр томрох тусам махлахдаа сайн, худалдахад үнэ хүрдэг. Бадамцэрэн 2012 оны сүүлээр байгаль дээр бэлчээж малласан тарга сайтай нас гүйцсэн эр үхэр худалдаад одоогоор нэг сая юанийн орлого олж байна. Байгалд дээр малласан нас гүйцсэн эр үхэр нь тарга сайн авдгаар барахгүй махны чанар сайн, ашиг шим нь эко гэдгээрээ хэрэглэгчдийн таашаалд их хүрдэг байна. Нэг жишээ дурдахад, энэ өвөл идшинд зориулж төхөөрсөн долоон настай эр үхрээс гарсан 917.8 жин (хавирга багтана) махыг 32133 юаниар, 151 жин ясыг нь 906 юаниар, арьсыг 200 юаниар, толгойг 450 юаниар, гэдэс дотрыг 100 юаниар, гүзээ сархинагийг 300 юаниар, тагалцгийг 198 юаниар зарж, нийт 34277 юанийн орлого олжээ. Энэ тохиолдол нь хамгийн өндөр үнэ хүрсэн явдал юм байна.
Шилийнгол аймаг хөдөө аж ахуйн том аймгаас хөдөө аж ахуйн хүчирхэг аймаг болох зүгт зүтгэсэн 20 гаруй жилийн хугацаанд олон олон үлгэр жишээч малчин гарсны нэг нь Бадамцэрэн болно. Бадамцэрэнгийн 20 жилийн өмнөх зоригтой эхлэл, 20 жилийн тууштай үзэл баримтлал, хойшгүй сэтгэх зах зээлийн шинэлэг гараа нь түүнийг орчин үеийн хөдөө аж ахуйн салбарт ноён нуруу болгож амжилт дүүрэн явна.

Зохиогч: Сараанаа
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Шилийнголын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл