Он жилийн эхний өдөр өнгө төгөлдөр байх нь сайхан. Шинийн нэгний гоёл гэдэг хүн бүрийн хувьд адилхан утгатай. Өнгөлөг гэгээлэг явах гэдэг бүгдийн хүсэл болохоор аливаа бүхний эхлэлийг дээдэлдэг монголчууд шинийн нэгэнд хамгийн сайхнаараа гангалдаг. Шаргачин гахай жилийн цагаан сарыг Хөвөөт шар хошууны Шинэбулаг гэдэг эгэл сууринд өнгөрүүлж билээ. Энэ жижигхэн суурингийн шинийн нэгэн ганган өнгөлөг харагдана. Монголчуудаар гол болгосон энэ жижиг суурингийнхан шинийн нэгэндээ монгол дээлээрээ гоёжээ. Тэр дундаа хос дээл анхаарлыг онцгой татаж байсан юм.
Хос дээл гэдэг нь нэг айл гэрийн эзэн, эзэгтэй хоёрын хослуулж өмссөн ижил дээл. Шинэбулаг суурин айлууд шинийн нэгэндээ дээлээ өмсдөг заншилтай. Тэр дундаа нэг гэрийн хоёул буюу үр хүүхэдтэйгээ гурвуул, дөрвүүл адилхан дээл өмсөөд шинэлж буй нь олон харагдана. Жар гарсан настан Оюу:
- Манай энд цагаан сарын шинийн нэгэндээ бүгд дээлээ өмсдөг болсон шүү. Бид ямар жаахан хүүхдүүдийг нь нэгд нэгээр цээжлэх биш, харин дээлээр нь таньдаг болсон. Олонх айл ижилхэн өнгө, ижилхэн оёдолтой дээл өмсөж байна гэж ярьлаа. Хос дээл буюу гэр бүлээрээ адилхан дээл өмссөн нь маш өнгөлөг харагдахаар барахгүй, айл гэрийн зол жаргал, халуун дулаан байдлыг мэдрүүлж байлаа.
Хөвөөт шар хошуу нутагтай Дархан гэргийтэйгээ энэ жил гучин долоон насны жил орж байгаа. Хоёулаа ижилхэн ягаан торгон дээлээр хосолжээ. Хурган арьсаар хөвөө барьсан хос дээлийг нь Дарханы дүү нь ах эгч хоёртоо жил орж буйн бэлэг болгож оёулж өгсөн гэх. Ер нь Шинэбулаг суурингийн монголчууд сар шинээс өмнө дээл хувцсаа тусгайлан оёулж бэлтгэдэг болсон нь монгол дээлээ хүндэтгэн эдлэх болсон хандлагын илрэл юм. Онцгойлон жил орж байгаа хүмүүс хөгшин залуу гэлтгүй тусгай дээл хийлгэж шинийн нэгэнд өмсөх болсон нь Шинэбулаг суурингийн сар шинийн бэлтгэлийн нэгэн агуулга болсон байна.
Шаргачин гахай жилийн шинийн нэгэнд Шинэбулаг суурингийн Сэцэнбаатарынхан их сургуульд суралцаж буй охинтойгоо гурвуул ижилхэн цэнхэр хөх өнгийн дээлээр гангаран шинэлж байлаа. Хот сууринд суурьшиж, шинэ цагийн хээнцэр машнаар айлчин гийчин хийж яваа ч гэр бүлээрээ ижилхэн гоёсон нь дээл бүсээрээ гоёж, морио унаж тойрдог хөдөө нутгийн цагаан сарыг санагдуулна. Цаг үеийн урсгалыг дагаж зарим зүйлс хэсэг хугацаанд хаягдсан юм шиг санагддаг боловч жинхэнэ үнэ цэнээ алддаггүй, тодорхой нэгэн цагт дахиад хүмүүсийн анхаарал сонирхолд хүрч чаддаг нь үнэн билээ. Хөвөөт шар хошууны Хонгоруул монгол хувцас заслын хязгаарлагдмал компаний захирал Дэлгэрмаа:
- Ойрын жилээс манай хошууны монголчууд сар шинээр монгол хувцсаа илүү өмсөх болсон. Онцгойлон айл айлаараа ижилхэн дээл оёулах нь олширсон. Энэ нь манай монгол хувцас загварын салбарын хөгжилд маш ашигтай хөгжлийн хандлага юм гэж ярьж байлаа.
Дэлгэрмаа сар шинээс өмнө нэг сар гаруйн хугацаанд зуу гаруй дээл оёсон байна. Түүний хэлж буйгаар одоо хүмүүс хуучин маягийн хаваастай дээл олон оёулах болж, нэг хос хаваастай дээл малгай бүстэйгээ 3500 юань орчимд хүрдэг аж. Үнэ ханшийн хувьд нэлээд үнэтэй боловч олонх айлын амьдралын төвшин сайжирснаар хийлгэж өмсөх хүмүүс жилээс жилд нэмэгдэх болжээ.
Хөвөөт шар хошууны Шинэбулаг суурингийн шинийн нэгэнд хүмүүсийн хувцас засал ийм байхад бүх аймгийн бусад газрынхан ч монгол дээлээрээ гоёж, тэр дундаа хос дээлээрээ гангарах болсон нь уламжлалт цагаан сарын баяраа дээдлэн хүндэлж буй. Мөн монгол хувцас загварын соёлын хөгжилтөд яндашгүй хувь нэмэр үзүүлж буйн илрэл юм. Баруун Сөнид нутагтай малчин Өлзий вичатдаа цэгцтэй сайхан эвхсэн дээл тэрлэгийнхээ зургийг нийтлэсэн байна. Монгол түмэн маань энгийн амьдрал дундаа ч монгол хувцсаа илүү эдлэх болсон бөгөөд цагаан сар болох үед тусгай зориулалттайгаар тэрлэг хийлгэдэг болсон байна. Монгол соёлын хөрс зузаан байдаг Үзэмчин нутагт ч өнгө дээлээрээ гоёсон хүмүүс хот хөдөөгүй олширч, дээл бүсэн гоёлоороо нэг жилийнхээ хийморь лундааг сэргээн гийчилж шинэлнэ.
Ижилхэн дээлээс ирмүүн хөдөлмөрийн ур ухаан харагдаж, шинэ цаг үеийн монгол айлуудын зол жаргалант амьдралын төрх тодрон, нэг нэгнийхээ шинэ дээлийг бахдан ярих хүмүүсийн яриа хөөрөө цагаан сарын золголтыг улам өнгөлөг болгон чимнэ.
