solongonews
Итгэл, сэтгэл, дөрөө нийлсэн баг
2019-05-05 09:56
Итгэл, сэтгэл, дөрөө нийлсэн баг

Олон сайхан газруудаар аялан, хараагаа тэлж, харилцан суралцаж, халуун дотноор нөхөрлөн  амжилт дүүрэн долоо хоногийг өнгөрүүлсэн сэтгүүлчид маань сэтгэгдлээ хуваалцаж байна.

 Э. Батхүү:  МОСАХ-ын Ерөнхийлөгч, МСНЭ-ийн УЗ-ийн гишүүн


 Хятад, Монгол хоёр талын бүх сэтгүүлчдэдээ баярлалаа. Биднийг халуун дулаанаар угтан авч, нутаг орноо танилцуулан үзүүлж, зорилт тавьсан том төслүүдтэй танилцуулсан та нарт маш их баярлалаа. МСНЭ, Монголын үндэсний олон нийтийн телевиз, Монгол Улсын ГХЯ хамтран зохион байгуулж байгаа олон орноор явах төслийн эхлэлийг тавьсан Монголын хэвлэл мэдээллийн төлөөлөл болсон 20 хүндээ баярлалаа гэж хэлье. Хоёр орны хамтын ажиллагаа бие биедээ өгөөжтэй олон арга хэмжээ зохион байгуулж, хамтын ажиллагаа өргөжин тэлж явна гэдэгт итгэлтэй байна. Энэ олон том бүтээн байгуулалтыг нэн олон хүн үзэн хараасай гэж хүсэж байна. Энэхүү хамтын ажиллагааг урт хугацаанд үргэлжлүүлж явахыг хүсье. Бидний хамтын ажиллагаа өнө мөнхөд орших болтугай.

З. Боргилмаа: Өглөөний сонины эрхлэгч


Хоёр орны иргэдийн ойлголцлыг бий болгоход сэтгүүлч биш маш чухал үүрэгтэй юм. ӨМӨЗО, Монгол Улсын сэтгүүлчид хамтран тодорхой газруудаар явж хамтран мэдээ сурвалжилга бэлтгэлээ. Хятад улстай танилцахад нэг хоёр удаагийн аялал тийм хангамжтай биш боловч, Монголчууд энэ орны хөгжлийг бүх зүйлээс мэдэрч байдаг. Энэ аялалд хамгийн сонирхолтой санагдсан зүйл нь Янь Ань хотын хувьсгалын суурин газрууд байлаа. Хятад улс 70 жилийн өмнө яаж тэмцэж тэмцэн байж өнөөдрийн Хятад улсыг байгуулсан бэ гэдийг мэдэрсэн. Энэхүү түүхэн явцыг ойлгох нь өнөөдрийн Хятад улсыг ойлгоход маш чухал зүйл гэж харж байна. Ордос хот гэж  түүх соёлыг эргэн сануулсан гойд байгальтай сайхан газар байсан. Тэнд байгаа хүмүүс яаж хөдөлмөрлөж, компаниуд ядуурлаас бууруулах ажилд яаж хичээж ажиллаж байгаа байдлыг харж суралцлаа.

 Бихумар Өмырбэк:  МСНЭ-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн дарга/Зүүн/


  Өвөр Монголын цөлжилтийг сааруулах төсөл нь өндөр сэтгэгдэл түрүүлсэн. Цаашид Монгол улсын говийн аймгуудаар энэхүү төслийг хэрэгжүүлэх юм бол хоёр орны байгаль экологийн сөрөг нөлөөг зохицуулахад тодорхой хэмжээний үр дүн үзүүлэх байх гэж бодож байгаа. Мөн эндээс зам дагасан хөгжлийг харлаа. Алива газарт зам тавигдсанаар бүх зүйл  хөгжиж, түүний дагаж ард түмний аж амьдрал дээшилдэг. Ядуурал гэдэг үг Хятадын болон Өвөр Монголын үгсийн сангаас аль хэдий хасагдсан бол уу гэж дотроо дүгнэж явлаа. Та бүхэнд эрүүл эх аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ж. Отгонбаяр: Эх орон-TV  захирал


 Энэ удаагийн хамтарсан сурвалжилгаар Монгол, Өвөр Монголын олон сайхан найзуудтай болсон. Энэ бол томоохон үнэ цэнэ байлаа. Энэ удаагийн аялалд хамгийн их сэтгэл хөдөлгөсөн зүйл бол хүүхдүүд хүмүүжүүлж байгаа төсөл байсан. Энэхүү төслийг хамтарсан байдлаар нутагшуулах чиглэлээр мэргэжлийн сэтгүүлч ирүүлж хамтын ажиллагаа хийх сонирхолтой байна. Хөгжлийн маш олон боломжуудыг харах боломжийг олгосон Өвөр Монголын Засгийн Газрын хэвлэл мэдээллийн алба, Өвөр Монголын хэвлэл мэдээллийнхэнд баярлалаа гэдгээ хэлье.

С. Лхагвасүрэн: Тойм сэтгүүлийн орлогч эрхлэгч/ Баруун/


  Миний энэ удаагийн аялалд Ордос нутаг хамгийн сайхан сэтгэгдэл түрүүлсэн. Яг л нутагтаа очсон юм шиг сайхан байсан. Ордос нутгийн Хөвчийн элийг ногооруулах төсөл маш их таалагдсан. Тэнд элсэн цөлд бургас тарьж ногооруулан, зөвхөн экологийн доройтолтой тэмцэх биш, тэнд байгаа өрхийн амьжиргааг дэмжиж, олон ядуу өрхүүдийг туулай тэжээх аж ахуйд хамруулж ухаалаг бизнес эрхэлж байдаг юм байна. Монголын бизнес эрхлэгчид ч гэсэн ганц ашгийн төлөө биш нийгэмд чиглэсэн ийм зүйлүүдийг хийгээсэй гэж харсан. Хятад улс иймэрхүү байдлаар байх юм бол хоёр жилийн дараа ядуурлыг бүрэн бууруулж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

С. Мөнхбаяр: МСНЭ-ийн Хөтөл дахь салбар зөвлөлийн дарга


 Энэ удаагийн “70 жилийн гэрч” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын ажил маш сайхан эхэлж амжилттай боллоо. Бидэнтэй хамт нэг баг болж явсан Өвөр Монголын үзэг нэгтэй сэтгүүлчид маань ч маш эрч хүчтэй хүмүүс байсан. Бугат хотын ядуурлаас гаргах олон сайхан төсөл хөтөлбөрүүд маш таалагдлаа. Тухайн тэр төсөл хөтөлбөрүүд амжилттай сайн хэрэгжиж, Монгол Улсдаа иймэрхүү төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бол гэсэн бодол орсон. Бидний хамтын гэрч, хамтын ажиллагаа ийм сайхан эхэлж байгаа болохоор цаашид хоёр орны сэтгүүлчдийн хамтын ажиллагаа маш сайн үргэлжилнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Ч. Батцэцэг: Орхон аймгийн тамгын газрын ажилтан


  Энэхүү аяллын группд орж явсандаа маш их баяртай байна. ӨМӨЗО-ны Бугат хот нь Монгол Улсын Орхон аймагтай 1992 оноос хойш хамтын ажиллагаатай байгаа. “70 жилийн гэрч” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын арга хэмжээний хүрээнд Орхон аймгийн удирдлагууд болон сэтгүүлчдийг Бугат хотод хамтарч ажиллах боломж нээгдэж хамтын ажиллагааны илүү өргөн зам нээгдэж байгаад баяртай байна. Маш олон найзууд маш олон гарцуудыг эндээс би олж авлаа.

Г. Алтангэрэл: МСНЭ-ийн Хөтөл дахь салбар зөвлөлийн дарга


 Та бүхэнтэй нэг хамт олон болж хамтран ажилласанд баяртай байна. Эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.

 Д. Ганга: МСНЭ-ийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн дарга


  Олон сайхан өдрүүдийг амжилттай өнгөрүүлж чадсандаа сэтгэл өндөр байна. Буцаад ирэхэд булаг шиг дайраад ирэхэд далай шиг та бүхний минь ажил үйлс өөрдрөг бүтэмжтэй байхыг хүсэн ерөөе, баярлалаа.

 Я. Наранцэцэг: МСНЭ-ийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлийн дарга


 Янь Ань хотын хувьсгалын суурин газар миний анхаарлыг их татсан юм. Манай нутаг ч мөн ялгаагүй хувьсгалын өлгий нутаг юм. Янь Ань хотынх нь хувьсгалын буурь нутгийг аялал жуучлалтай хослуулан хөгжүүлж байгаагаас суралцууштай санагдлаа. Энэ удаагийн аялал маш гүнзгий утга агуулгатай аялал боллоо.

  Ө. Цогт-Эрдэнэ: МҮОНР-ын Хөдөө аж ахуйн нэвтрүүлгийн редактор


  Энэ удаагийн аялал сурвалжилгаа хөтөлбөрийн дагуу өрнүүн сайхан хэрэгжлээ. Хол замын аялалд хатдаа байж, хамтдаа ажилласан улсууд сайхан нөхөрлөдөг, сэтгэл нийлэн, гал нийлэн, дөрөө бөхждэг. Энэ удаагийн аяллаар үзээгүй хараагүй олон сонин сайхан зүйлийг тархиндаа хадгалж авлаа. Хамтын ажиллагаа мандтугай.

 Б. Билгүүнхангал:  МҮОНТ-ийн сэтгүүлч


“70 жилийн гэрч” Хятад Монголын хамтарсан сурвалжилгын баг Бугат хотын Газар доорх коридорыг сонирхлоо. Авто замын доогуур байж байсан төрөл бүрийн шугам сүлжээнүүдийг замаас гаргаж,  тухайн хөрсөнд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүйгээр доошоо арван метрийн гүнд байршуулсан нь надаа их гайхалтай санагдсан.21 дүгээр зуунд хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил маш чухал ажлын нэг, үүнтэй холбогдуулж зөв шийдэл гарцыг гаргаж өгчээ гэж онцолж байна.


 М. Батбилэг: TV9-ийн сэтгүүлч


   Бидний хамтарсан сурвалжилгын баг энэ сарын 12-17-ны хооронд Хятад улсын Янь Ань хот, ӨМӨЗО-ны томоохон бүтээн байгуулалтууд, хот төлөвлөлт, соёл уламжлалын онцлог, аж амьдралын байдлыг харуулсан тодорхой бүс нутгуудаар хоёр багт хуваагдан амжилттай сурвалжилга мэдээллүүдийг бэлтгэж явсан юм. Хоёр орны сэтгүүлчид маань мэргэжил ур ухаанаа хамтран сорьж, өөрсдийнхөө ололт амжилтыг дүгнэж, алдаа оноогоо ярилцах боломж тохиосонд миний хувьд баяртай байна. Долоо хоног бол хүний амьдралд жоохон хугацаа л да, түүхээ бүтээж дурсамжаа үлдээхэд долоо хоног бол хангалттай урт хол зам байдаг гэдгийг энэхүү үйл ажиллагаа харуулж өглөө. Сэтгэл дүүрэн, богц дүүрэн, итгэл дүүрэн буцах боллоо. Нэгнийхээ мэдэхгүй уулзсан бид маргааш салахдаа нэг нэгнийгээ санаж салах хэмжээнд итгэлцэж ойлголцож, бие биеийнхээ дутууг нөхөж, дундуурыг дүүргэж, үзсэн харсан сайхан дурсамжуудтай, үерхсэн нөхөрлөсөн сайхан нөхдүүдтэй, эргээд уулзахад итгэл сэтгэл дүүрэн, андуудтай, эх орондоо аяны богц дүүрэн буцах хувь тавилантай байгаад баярлалаа. Үргэлж нэг нэг гэр шиг, нэг хамт олон шиг нэг сэтгэл шиг нэг атгасан гар шиг байгаарай гэж хүсье.

 Д. Сансарбат: МҮОНТ-ийн зураглаач


 Өвөр Монголд анх удаагаа ирж байна. Энэ удаагийн аялал сурвалжилгаар маш олон сайхан найзуудтай боллоо. Найз нөхдүүдтэйгээ баг болон гар нийлж ажиллан, бие биедээ тус дэм болон ажилласанд таатай байсан. Их зүйлийг үзэж олон юм сурлаа. Хойшдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлэх болтугай.

 Р. Хишигжаргал: 24tsag.mn сайтын сэтгүүлч


  Олон өдрүүдийг олон сайхан дурсамжтай өнгөрүүллээ. Хүнд анхны сэтгэгдэл чухал байдаг, би Өвөр Монголд анх удаагаа ирж байна. Ирэхэд минь халуун дотоноор угтаж авсан Өвөр Монголын ахан дүүсдээ маш их баярлалаа. Бидний харилцаа улам нандин, улам батжих болтугай гэж ерөөе.


С. Уянга: Зууны мэдээ сонины сэтгүүлч


 Миний хувьд анх удаагаа Хятад, Монголын хамтарсан сурвалжилгад оролцож байна. Биднийг халуун дотноор угтан авч, сонирхолтой, үр дүнтэй, өгөөжтэй хамтарсан сурвалжилга хийсэнд баярлалаа. Хятад улс ядуурлаас ангижруулах төслийн ажил ид хөгтэй явагдаж байгаа өнөөдөр үүнийг, маний өөрийн улстай харьцуулж бичих, санаа оноо дэвшүүлэх маш олон сэдэвтэй аяны богц дүүрэн буцаж байгаадаа маш баяртай байна. Ирээдүйд олон сайхан сурвалжилгад үр дүнтэй хамтарч ажиллана гэдэгт найдаж байна. Та бүхэнд эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.

Б. Бадамгарав: lkon.mn сайтын сэтгүүлч


“70 жилийн гэрч цуврал сурвалжилга”ын арга хэмжээний чухал утга учир нь Хятад улс, Өвөр Монголд амжилттай хийгдэж байгаа төслүүдийг бид сурвалжлан Монгол Улсад ололт амжилтыг нь хүргэж, хэрэгтэй хүмүүст нь санааг нь дамжуулах бол уу гэж бодож байна. Маний мундаг баг хамт олон сайхан үр өгөөжтэй зүйлийг сурвалжлан явсанд баярлалаа. Амжилт хүсье.

 Б. Номин-Эрдэнэ: SBN телевизийн хөтлөгч


“70 жилийн гэрч” хамтын сурвалжилгын нэгэн эд эс болон Өвөр Монгол орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтыг өөрийн биеэр үзэж танилцсандаа баяртай байна. Хоёр орны хамтын харилцаа үргэлж өргөжин батжих болтугай.

Б.Чадраабал: Монцамэ агентлагийн зураглаач


 Бугат хотын ядуурлаас ангижруулж байгаа төсөл, хүүхдийн сурган хүмүүжилд холбогдсон талын агуулга анхаарлыг их татсан. Хятад улсын ард иргэдийнхээ төлөө хийж хэрэгжүүлж байгаа төрийн бодлого нь үнэхээр гайхамшигтай бөгөөд тэр нь хэрэгжигдэж, иргэдэд ашиг хүртээж байгаа нь хамгийн өгөөжтэй юм.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл