
Үйлчин бүсгүй Хун Мэй
- Үйл уран болох болтугай. Тантай танилцъя?
Миний бие Улаанхад Архорчин нутагтай. Эрээн хотод 2010 онд ирсэн. Эрээн хотод ирээд өөрийн бизнесээ эхлүүлсэн. Ам бүл тавуулаа амьдарч байна. Миний ээж бидэнтэй хамт амьдардаг. Нөхөр маань өмнө ачааны том машин барьдаг байсан. Миний ажил маш их болж, ажлаа орхиж надад туслах болсон. Гэрлээр эсгүүр хийдэг машин болон хатгамлын машиныг манай нөхөр ажиллуулдаг. Миний ээж 60 гарсан хүн бий. Мөн л миний бүх л ажилд хамжиж тусалдаг. Торгоны өөдсөөр гэрт өмсөх углааш оёх, цэцэрлэгийн хүүхдийн олбог, гар урлалын бүх зүйлийг ээж маань оёдог. Том охин маань их сургуульд сурч байна. Бага нь Эрээн хотын 9-р ангид суралцдаг. Бага охин маань оёдолд их сонирхолтой, өөрөө жаахан жаахан зүйлийг оёдог.

- Эрээн хотод ирээд анх ямар бизнесээр эхэлж байсан бэ?
Анх ирээд янз бүрийн ажил хийж байлаа. Хүний дэлгүүрт худалдагч, эсвэл тавилгын газарт орчуулагчийн ажил, монгол оёдлын газар оёдолчин гээд маш олон ажил хийж байсан. Ингээд олон ажил хийж яваад өөрийн хийж чаддаг, сурсан зүйлээ хийхээр шийдсэн. Өөрийн хийж чаддаг юм гэдэг өөр байдаг. Бүр бага байхын оёдол оёж сурсан. Ингээд 17 наснаасаа л оёж эхэлсэн. 2012 онд өөрийн дэлгүүр буюу оёдлын газраа нээсэн. Анх хотын төвд дэлгүүрээ нээж байлаа. Засгийн газрын дэмжлэгээр одоо байгаа чулууны захад нүүж ирсэн.
- Засгийн газрын дэмжлэгийн талаар ярьсан. Засгийн газраас танд яг ямар дэмжлэг үзүүлж байна вэ?
Бидний ажил үйлдвэрлэлээ явуулж байгаа энэхүү байрыг Соёлын ордны төвөөс хангаж өгсөн. Мөн халаалт, тог цахилгаан, түрээс гээд бүгдийг Засгийн газраас хариуцаж байгаа. Дотоод засал чимэглэл гээд бүгдийг л Засгийн газраас зохицуулж өгсөн.

Хун Мэйгийн нөхөр хатгамлын машинаа ажиллуулж байна
- Өөрийн гэсэн оёдлын газар нээх болсон түүхээс?
2012 оноос өөрөө хийж болох юм байна гэж бодсон. Өмнө нь настай ээжтэй ажиллаж байсан юм. Сарын тогтмол цалин болон өөрөө захиалга аваад оёх хоорондоо маш их ялгаатай. Тэр үед ч өөртөө итгэлтэй болж, мэргэжлийн сайн оёдолчин болсон гэж үзээд өөрийн гэсэн оёдлын газар ажиллуулахаар болсон. Анх оёдлын газраа нээж байхад нэг хэсэг торго нэг хэсэг эмжээр ч байхгүй, нэг хар утас нэг цагаан утастай эхлүүлж байлаа. Нэг жилийн 12000 мянган юаниар байр түрээсэлж авчхаад цэвэрлэгээ хийж байхад хоёр хүүхэд ирж захиалга өгсөн нь Эрээн хотын Монгол сургуулийн хоёр сурагч байсан. 10 дугаар сарын 1-ний өдөр тэмцээнд өмсөх хувцас байж таараад 1-ний өдөр гэхэд бэлэн болгож өгөх хэрэгтэй болсон. Уг нь 10 дугаар сарын 1-ний өдөр оёдлын газрынхаа нээлтийг хийх байсан ч захиалгыг нь авсан. Ингээд 31-ний шөнө нь оёж дуусгаад өглөө 10:00 цагт хүргэж өгсөн. Захиалга өгсөн хүүхэд уралдаандаа 2-р байранд орж, би дотроо маш их баярлаж байсан. Инээгээд хийгээд байвал болох юм байна гэдэг бодол төрж өөртөө илүү их итгэлтэй болж билээ. Хамгийн сонин нь тэр хүүхэд цагаан хар эмжээртэй богино хүрэм оёулахаар захиалга өгсөн. Надад яг цагаан хар өнгийн утас байсан. Ингээд л миний ажлын гараа эхэлж байлаа. Дараа нь тэр хоёр хүүхдэд нэг нэг зах хувцас оёж өгсөн.
- Ганцаараа оёдлын газраа ажиллуулж байхад бэрхшээл хүндрэл тулгарч байсан байх даа?
Тийм ээ, захиалгагүй үед юу хийхээ мэдэхгүй бодол болон сууна. Ямар нэгэн хувцас оёод худалдана гэж бодохоор тэр үед хөрөнгө мөнгө байхгүй сандарч байсан. Эсгэх оёх тал дээр надад ямар ч хүндрэл бэрхшээл тулгарч байгаагүй. Захиалга байхгүй, дөнгөж нээж байгаа болохоор таних хүн байгүй, захиалга орж ирэхгүй жаахан сандарч байлаа. Сүүлдээ нэгээс нөгөөд сонсогдсоор захиалагч олонтой болсон. Өмнө нь захиалга өгч хувцас оёулж байсан хүмүүс дахин дахин ирнэ, цааш нь бас дамжуулна гээд захиалагч олонтой болсон.

Хурдны морины нэмнээ хатгаж байна
- Зөвхөн монгол дээл хувцасны захиалга авдаг уу эсвэл?
Зөвхөн монгол хувцас бус бүх л төрлийн оёдлын захиалга авч байна. Орчин үеийн шинэ маягийн монгол хувцас, загварын хувцас, найр наадмын хувцас, зах дээр бөөнөөр зардаг хувцас бас урлан гаргаж байна. Энэ жил хатгамлын машин авсан. Ингээд хурдан морины нэмнээ зэрэг янз бүрийн юм хийж байна. Ямар захиалга өгнө захиалгын дагуу бүгдийг л оёж байна.
- Нутаг нутгийн онцлогтой дээл хувцас байдаг. Та өөрийн нутгийн дээл хувцаснаас урлаж худалдаанд гаргаж байна уу?
Манай нутаг хатгамлаар их онцлог. Тиймээс гараараа бүгдийг хатгасан хатгамалтай гутал, дээл, малгай оёж байна. Миний хувьд хатгамлыг 10 настай байхдаа хатгаж сурсан. Ээж, эмээ гээд хэдэн үеэрээ уран оёдолчид байсан бөгөөд үе дамжин уламжилж ирсэн гар урлал хатгамлаараа онцлог байдаг.

- Танай оёдолчид?
Монгол Улсаас жил бүр оёдолчин авч ажиллуулдаг. Хот газрын хүмүүс оёдол оёх нь маш цөөн болсон байна. Монгол Улсын оёдолчид ажилдаа сайн, хариуцлагатай маш уран нарийн оёдог. Бид ажиллаж амьдрахыг нь хариуцан ажиллуулж байгаа. Нийт 7 хүн ажиллуулж байна. Жилдээ бараг л долоогоос дээш ажилтан авдаг. Цалин хөлсний хувьд хамгийн бага цалин 2000 юань, хамгийн өндөр нь 10000 юанийн цалинтайгаар ажиллуулдаг. Хийж байгаа ажлаасаа хамаараад цалин хөлсний хувьд янз бүр байдаг. Хийснээр нь цалинжуулж байна гэсэн үг юм.
- Монгол Улсын оёдолчид хатгамал оёдлыг хийдэг үү. Та өөрийн нутгийнхаа онцлог хатгамлаа зааж өгөв үү?
Одоогоор хатгамал сурах хүсэлтэй хүн байхгүй байна. Сурахыг хүсвэл маш хурдан хугацаанд сайн сурна. Зарим нь бүр мэднэ бас хатгаж чадна. Ер нь хатгамлын сургалт явуулахаар бүртгэл явуулж байгаа. Одоогийн байдлаар олон хүн бүртгүүлээд байгаа.
- Хатгамлыг бусдад таниулах зорилготой уламжлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа гэж ойлгож болох уу?
Яг тийм. Эрээн хотод ирсэн хойноо энэ газарт хатгамал мэдэх хүн их цөөхөн байгааг мэдсэн. Тиймээс энэ газарт хатгамлыг таниулж дэлгэрүүлэх бодолтой болсон. Хатгамал дотроо янз бүр бий. Торгон утсаар хатгах, наамал наагаад хатгах, цоолмол, ороомол гээд маш олон янз. Энэ бүхнийг зааж сурган, уламжлан үлдээхийг зорьж хатгамлын сургалт явуулахаар болсон.

- Одоогийн байдлаар хувиасаа хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд байна вэ?
Бараг 200 мянга гаруй юанийн хөрөнгө оруулсан байна. Оёдолчин хүнд хамгийн чухал багаж хэрэгсэл болох оёдлын машин, машинаар эсгэх болон хатгамлын машин гээд бүх зүйлийг бүрдүүлсэн. Мөн Монгол Улсаас эсгүүр хийдэг дизайнер ажиллуулж байна.
- Танай дэлгүүрийн жилийн цэвэр орлогыг сонирхвол?
Өнгөрсөн жилийн хувьд хамгийн өндөр орлоготой жил байлаа. 120 мянган юаньд хүрч байсан. Ажилчдын маань хичээл зүтгэл, хүч хөдөлмөр шингэсэн. Ганцаараа хийвэл хэзээ ч ийм ашиг олохгүй.
- Оёдлын материалаа хаанаас нийлүүлдэг вэ?
Ихэнх торго даавуугаа Эрээн хотоосоо авч байна. Эрээн хотод торго хамгийн хямд байдаг. Хөххот, Бээжингээр явж торгоны үнэ судлахад Эрээн хотод хамгийн хямд байгаа юм. Чанар сайтай торгыг бид өөрсдөө ялгаж мэддэг болохоор торгоны тал дээр Эрээн хотод хамгийн сайн хамгийн их сонголттой гэж бодож байна.
- Торго даавуугаа бөөндөж авдаг, хамтран ажилладаг газар бий юу?
Эрээн хотын хамгийн том торгоны бөөний газар болох “Баатарын торгоны газар”-аас үргэлж авдаг. Гол нь тэдний торгоны чанар нь сайн байдаг юм. Энгийн үед өмсөхөд зориулсан бөөнөөр зардаг хувцас буюу бэлтгэлийн хувцас, куртик, тамирын хувцас хийхэд гаднаас бараа оруулдаг. Гаднаас оруулж байгаа бараа буюу даавууг жингээр оруулдаг.
- Байгууллага хамт олонтой хамтран ажиллах, тэдний захиалгын дагуу оёдол хийдэг үү?
Яг одоо цэцэрлэгийн хүүхдүүдийн 6 дугаар сарын 1 буюу “Эх үрсийн баяр”-ын арга хэмжээний монгол хувцсыг оёж байна. Эрээн хотын Монгол дунд сургуулийн 720 гаруй хүүдийн хувцсыг манай хоршоогоор оёулахаар болсон.
- Хоршоо гэснээс танай хоршоо хэдэн гишүүнтэй ямар чиглэлээр ажлаа явуулж байна вэ?
Арван айл нийлж монгол хувцасны хоршоо байгуулсан. Бүгд л монгол хувцас оёж урладаг. Үүний дотор нэг айл нь монгол гутал оёдог. Манай хоршоонд бүгд бүрэн, хувцас, гутал, малгай, толгойн засал гээд бүгдийг хийнэ. Иймээс манай хоршоонд ямар ч захиалга ирсэн асуудалгүй хийнэ.
- Таны алс хэтийн зорилго төлөвлөгөө тань?
Энэ бол их тодорхой юм. Аль эртнээс бодож явдаг нэг хүсэл маань залуу насандаа монгол хувцсыг брэндийн хувцас шиг хэмжээнд хүргэхийг зорьж бодож явдаг. Монгол хувцсаа сайхан хийгээд дэлхийн хэмжээнд брэнд болохыг хүсэж байна. Бас нэг том бодол өвөрлөж явдаг юм. Бидний энэ ажиллаж байгаа байр Засгийн газраас хариуцаж гаргасан Эрээн хотын аялал жуулчлалаар гол болгосон хүрээ юм. Энэхүү хүрээнд жуулчид ирэхэд үзэж сонирхох зүйл байдаггүй. Тиймээс 28 бүлэг аймгаар нь ангилж, энэхүү 28 бүлэг аймгийн бүх хувцсыг бүгдийг оёж гаргаад том хэмжээний үзэсгэлэнгийн төв болгох санаа байна. Энэ жилийн аялал жуулчлалын цаг үе эхлэхээс өмнө хийж бүтээнэ гэж бодож байна. Эрээн хотод аялахаар ирсэн жуулчид ирсэн хойноо үзэж харах зүйл байдаггүй. Тиймээс аль нутгийн ямар ч үндэстэн ирсэн өмсөх хувцаснаас эхлээд хэрэглэх хэрэглээний бүх зүйлийг бэлэн байлгархаар зорьж байна. Энэ бүхнийг бэлэн болгосон хойно зорьж ирсэн жуулчид бидний өвөг дээдэс ийм хувцас чимэглэл өмсөж хэрэглэж байсан байна гэсэн ойлголттой болно. Үгүй бол уламжлалт хувцас заслаа бүгдийг мартсан байна. Манай нутаг ямар хувцас өмсдөг, уламжлалт хувцас манайх ямар байдаг гэх мэтийг бүгдийг мэддэггүй бас мартагдаж байгаа. Энэ бүхнийг сэргээх бодолтой байна. Энэ миний хувьд хамгийн том хүсэл юм даа.
- Цаг зав гарган бидэнтэй ярилцсан танд Солонго мэдээллийн төвийн өмнөөс маш их баярлалаа. Таны хамгийн том хүсэл тань тун удахгүй биелэхийн ерөөл тавьж яриагаа өндөрлүүлье.
Та бүхэнд мөн ажлын өндөр амжилт хүсье.
