solongonews
Шилдэг аргаар мал малласны ач тус
2019-04-03 15:19
Мал маллах аргыг шилдэг болгосны ач тус ингэж л ирнэ
\n- Сөнид зүүн хошууны Мандалт суурин малчин Давшилтыг сурвалжлав.

     2018 оны сүүлчээ, аймгийн малын үүлдэр сайжруулах өртөөнийхөн Сөнид зүүн хошууны Мандалт суурин Баянхангай багийн малчин Давшилтынд очиж, хонин сүргийн суурь эх малаас 30-ыг сонгон, төллөлт, тарга тэвээргийн байдалд хяналт шалгалт хийсний дүнд хамгийн хүнд жинтэй эм хонь нь 78 кг-д хүрч, дундаж 65 гаруй килограмм ногдсон гэж байлаа.

Сүрэг өөхтөй бол эзэн баясгалантай. Малчин Давшилт хувиараа 666,7 гаруй га нутагтаа таван хошуу малын зах захаас маллаж байгаа ч Сөнид хониор голлож байгаа малчин айл байлаа. Эднийх 1998 оноос эхлэн Сөнид хонины үүлдэр сайжруулах ажлыг эрхэлсээр иржээ. Хорин жилийн туршид хониныхоо үүлдрийг сайжруулсаар ирсэн тул эдний хоньдыг төллөлт болон тарга тэвээргэ сайн, хоорондоо төстэй жигд зүстэй гэж нутаг усных нь хүмүүс бахдан ярилцна.

Адилхан ус бэлчээртэй нутагт мал маллаж байгаа айлуудын маллагааны үр дүн хоорондоо харин эрс өөр байдаг нь хачин. Тэр нь яриангүй өөрсдийн мал маллах арга туршлага, арчилгаа додомдлоготой л холбоотой. Давшилт Сөнид хонь сонгон бойжуулахдаа баримталдаг эхний зүйл бол суурь эх мал сонгох ажлыг хамгийн их анхаардаг. Хүмүүс жилдээ хурганыхаа аль бүдүүнээс нь сонгож худалддаг бол Давшилт жилд малын гаргалт болвол охин хурганыхаа аль бүдүүнээс нь Сөнид хонины таван харын баримжаагаар ижил зүстэй, сүүл сайтай, цээж өргөнөөс нь сонгон үлдээж, бэлтгэл эх малын сүрэг болгодог. Олон хоньдоо нийлүүлэлгүй шүүрдэлтийн хуцаа тавиад дуустал тусгаар нь хариулж таргалуулдаг байна. Энэ нь хургандаа хуцанд гарч, төлгөндөө хургалвал, бие нь жижгирч, шилдэг сүрэг сонгон бойжуулах ажилд нь нөлөөлөхөөс сэргийлсэн явдал болно. Тэрээр суурь эх малаар сонгож үлдсэн охин хургууд нь долоодугаар сард 35-аас 40 кг байсан бол энэ үе болохоор нэгэнт 60 орчим кг болж бүдүүрчихдэг байна.

Төлийн хөгийг хавар болгон ерөнхийдөө аргын 2-р  сарын 20-нд, 03-р сарын шинэдээр тохируулдаг учраас төллөх хугацаа богино, төл малыг жигд өсгөхийн тулд өнгөрөгч намар нь эх малын сүргээ өн шимлэг бэлчээрт оруулсны дараа сүрэгт нийлүүлэх хуцаа хэдэн хэсэгт хувааж, долоо хоногт нэг удаа ээлжлэн нийлүүлдэг. Ингэж 30-аас 45 хоног болсны дараа шүүрдэлтийн хуц тавихад эх малын сүргийн хээлтүүлгийн ажил дуусдаг байна. Давшилт намрын хээлтүүлгийн үеэр малчин хүний хариуцлагаар бэлчээр усаа сайн тохируулах, сайн хуц сонгож тавих зэргийг нямбай тохируулдаг. Тиймээс дараа хаврын төл тосох ажил их шуудангуй болж, хоньд хагас сар, 20 хоногт л хургалаад дуусдаг. Ингэснээр тарга тэвээргэ сайтай хоньдоос гарсан хурганууд уураг сүүндээ амархан цадвал өсөлт нь жигд, тарга тэвээргэтэй, өнгө галбир сайтай түргэн өсөж бойждог. Ер нь мал жил жилдээ тарга сайтай байдаг учир тогтмол өвөлжүүлдэг 400 гаруй хониноос ихэрлэх нь ч арвин байж, өдий хониноос 500 шахам төл тосдог нь энгийн үзэгдэл аж.

Малыг байгальлаг маллахад түшиглэсэн шилдэг сүргийг сонгон бойжуулахад хянуур нямбай арчилгаа додомдлого маш чухал. Давшилт шилдэг үүлдрийн хонин сүрэгтэй болоход тийм ч бусдаас онцгой мал маллах жор хэрэглээгүй. Тэр зөвхөн дээдсээс өвлөсөн байгальлаг маллах аргадаа үндэслэн аль ч улирлын маллагааг онцгойлон анхаарч, нэн өвөл хаврын арчилгаа мал маллагааг илүү анхаардаг. Аргын 7-р сар болоход хургыг эхээс нь салгаж, эх малаа таргалуулах ажилд бэлчээр усыг нь тохируулан санаа тавьж эхэлдэг. Аль ч улиралд малаа услахад онцгой анхаардаг. Мөн өвөл өнгөрч хавар ойртвол суурь эх малдаа өвс бордоогоор тэжээх ажлыг хянамгай хийж, хүйтний улирал хоньдынхоо тарга хүчийг хамгаалж алдагдуулахгүй байх. Улмаар хэвтэр дулаан, гэдэс цатгалан байлгахад бүх ухаан хөдөлмөрөө зарцуулдаг. Хоньдын хээл өмнөх гурван сард гэдсэндээ бага байж, сүүлийн хоёр сар түргэн бойждог учир үүнийг дагаад эх малын бие дэхь шим тэжээлийн хэрэгцээ ихээр шаардагдаж эхэлдэг. Энэ үед хэрвээ хоньдын тэжээлийн хангалт тохиромж муутай бол гэдсэн дэхь төлийн бойжилтод нөлөөлнө. Эх мал нь ч уураг сүүгээр аанай болдог. Хэрвээ хээлийн сүүлийн хугацаанд эх малд нь тэжээл бордоог сайтар нөхөж өгвөл төл нь том, уураг сүү нь шим сайтай болдог. Тиймээс Давшилт энэ үед хээлтэй хонь болгондоо өдрийн нэг килограмм хөх өвс, 250-300 грамм нарийн бордоо ногдуулан бордож, эх малынхаа төллөхөөс өмнөх зангилааны хугацаан дахь арчилгаа додомдлогыг ингэж сайн хийдэг учир эхээсээ гарах үеийн хурганы жин 7-7.5 кг-д хүрч, ихэр хурганы өрөөсөн нь ч 4-4.5 кг жинтэй байдаг гэнэ.

Шилдэг үүлдрийн хонин сүрэг сонгон бойжуулахад хуцаа шилж сонгох, сойж тавих зэрэг энэ тэр ажлыг хэрхэн мартаж болох билээ ⁈ Давшилт хонин сүргийнхээ цусыг холилдуулахгүй, үүлдрийн цэвэр байдлыг батлахын тулд ус бэлчээр сайтай хол нутгийн малчин хүний шилдэг сүргээс хуц сонгон тавихыг чухалчилдаг. Тэрбээр хээлтүүлгийн хугацаанаас бусад цагт хуцаа ялгаж тусад нь маллаж таргалуулдаг. Учир нь намрын хээлтүүлэг чанартай болох эсэх нь хуц тарга сайн авсан эсэхтэй шууд холбоотой. Тиймээс хуцаа сайн таргалуулах, сүрэгт нийлүүлэхээс өмнө сойж хөнгөрүүлэх зэрэг ажлыг чанартай хийх шаардлагатай. Тийнхүү ирэх хаврын нялх төлүүдийг шинжиж байгаад аль хуцны төл арвин байгааг үзэж, эргэх намар хуцандаа дахин шигшилт сонголт хийдэг мал маллах ухаанаар шилдэг үүлдрийн хонин сүрэг сонгон бойжуулах ажлаа чанаржуулсаар байна.

 Сүүлийн жилүүдэд эднийхээс маллах охин хурга авах гэж, эр хурганаас нь хуц тавих гэж ирэх хүн олширсоноор Давшилт эр хурганаасаа хурган хуц үлдээж, шүдлэнд худалддаг үрийн малын тусгай сүрэгтэй болов. Зах зээлийн үнээр нэг шүдлэн хуц 2600 орчим юаний үнэд хүрдэг бол тэрээр малчиддаа 1000 юаниар өгчихдөг. Хямдхан өгдгийн учир нь Давшилтад үрийн мал маллах тусгай зөвшөөрлийн бичигтэй учраас хуц болгоны улсын нөхвөр 1300 юань олгодогтой холбоотой. Улсаас нөхвөр өгч байхад малчдаа давхар хонжоод яах вэ гэдэг нь Давшилтын энэ тухайд хийсэн тайлбар юм.

20 жилийн турш маллах аргаа шилдэг болгон ажилласны ачаар Давшилтын хонин сүргийн үүлдэр сайжруулалт 100 хувьд хүрчээ гэхэд санал зөрөх хүн ховор байх. Хонины үүлдэр үнэхээр сайжирсан гэдгийг хурга худалдахад үнэд хүрдэг, малын адилтган шалгаруулалтаас тэргүүн шагнал хүртдэг зэрэг нь бодит гэрч болж байна. 2014 онд малын үнэ ихээр буурч, газар газрын малчид хургаа хямдхан худалдаж байхад Давшилтынх хургаа тэгшитгээд 860 юаниар худалдсан байна. 2018 онд Шилийн хотод болсон Шилийнгол аймгийн шилдэг үүлдрийн малын адилтган шалгаруулалтад хэдэн хонь авчирч, нэг, хоёр, гуравдугаар зэрэглэлийн шагналыг бүгдийг хүртээд буцсан байла.

Малчин Давшилтын хонин сүрэг

  Малчин Давшилт (зүүн талынх нь)

Зохиогч: Нийтлэл: Цэцэг
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : Шилийнголын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл