solongonews
Хөрш улсын иргэнийг хүнд өвчнөөс аварлаа
2017-04-14 10:03
Эрээн хотын эмнэлгийн хороо хэвлийн дуранг ашиглан цавины ивэрхийг анагаах мэс заслын ажилбарыг амжилттай хийлээ.

Өвөр Монголын Анагаахын Их Сургуулийн Харьяат эмнэлгийн Эрээн хот дахь салбар эмнэлгийн хорооны Мэс заслын тасгийнхан Бээжингийн судлаачийн тусламжтайгаар хэвлийн дуранг ашиглан Монгол Улсын нэгэн өвчтөний цавины ивэрхийг амжилттай эмчилсэн байна. Энэ нь тус эмнэлгийн хорооны цавины ивэрхийг анагаах хагалгааны шинэ түүхийг эхлүүллээ.

Гуравдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын иргэн Магсар Эрээн хотын эмнэлгийн хороонд ирж шинжилгээ өгчээ. Тэрээр 2012 онд цавины ивэрхийний хагалгаанд орсон байна. Харин хагалгаанаас хойш нэг жилийн дараа өвчин нь дахиж ажил амьдралд нь нөлөөлж эхэлснээр бүрмөсөн эдгээхээр Эрээн хотын эмнэлгийг зорьж ирсэн нь энэ гэнэ.

Эмч нар хэвлийн дуранг ашиглан цавины ивэрхийний хагалгаа хийж буй нь

Магсар гуайд хэлмэрчилж ирсэн түүний найз Сүнь Гоо:

- Найз маань шатаар өгсөж уруудахад ч хүндрэлтэй. Эрээн хотод эмчлүүлмээр байна гэхээр нь би танай эмнэлгийг санал болгосон юм гэж эмчид ярьсан байна.

Эмнэлгийн орлогч дарга Арслан гуай Монгол Улсын өвчтөнийг манай хамт олон хүлээн авч, эмч судлаачдыг цуглуулан түүний өвчнийг хэрхэн эмнэх тухай олон удаагийн хурал, хэлэлцүүлэг хийсний дүнд хэвлийн дуранг ашиглан хагалгаа хийх тал дээр санал нэгдсэн гэдгээ ярьсан юм.

Эрээн хотын эмнэлгийн хорооны Мэс заслын тасгийн эрхлэгч Ли Хуй:

- Өвчтөний байдал дахисан ивэрхий болохоор хагалгаанд орвол их хэмжээний шарх үүсэх бөгөөд өвчин нь дахих магадлал өндөр байсан учир бид хэвлийн дуранг ашиглах хагалгааг санал болгосон юм гэлээ.

Өвчтөн өөрөө Бээжинд очиж хагалгаанд орох хүсэлтэй байсан ч зам хол, хэл мэдэхгүй зэрэг хүндрэлүүдийг бодож Арслан гуай Бээжингийн мэргэжилтнийг Эрээн хотын эмнэлэгт урин авчирч мэс засал хийлгэхийг түүнд санал болгосон байна. Ийнхүү өвчтөний зөвшөөрлийг авч, Магсар гуайг эмнэлэгт хэвтүүлэн Бээжингээс тусламж хүссэн байна. Энэ тухай Эрээн хотын эмнэлгийн хорооны орлогч дарга Арслан:

-  Хятад анагаах ухааны нийгэмлэгийн Ивэрхий болон хэвлийн хананы мэс заслын салбар нийгэмлэгийн гишүүн нэгж болох Бээжингийн Чао Ян эмнэлгийн хорооны Ивэрхий болон хэвлийн хананы мэс заслын тасаг бол энэ салбарын хамгийн шилдэг хамт олон билээ. Ийнхүү бид тус эмнэлэгтэй холбоо барьж, мэргэжилтэн томилохыг хүссэн юм гэж танилцуулсан юм.

3 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 40 минутад Бээжингийн судлаачийн тусламжтайгаар Арслан эмчээр ахлуулан Ли Хуй эрхлэгч, хэлмэрч нараас бүрдсэн хамт олон хэвлийн дуранг ашиглан Магсар гуайд цавины ивэрхийний хагалгааг амжилттай хийсэн байна.

  Эрээн хотын эмнэлгийн Мэс заслын тасгийн сувилагчдын дарга Тянь Шя:

-  Өвчтөн маань Монгол Улсын иргэн учраас бид монгол хэлтэй сувилагч томилсон. Мэс засал хийхээс өмнө Магсар гуай алхахад ч хүндрэлтэй байсан бол мэс заслын дараах анхны өдөр гэхэд л сувилагчийн тусламжтайгаар орноосоо бууж алхаж байсан. Гурван өдрийн дараа эмнэлгээс гарахдаа бүх ажлаа өөрөө зохицуулж чадах болсон. Магсар гуай маш их баярлаж, эмч сувилагчдыг харах болгонд “Ше ше /баярлалаа гэдэг хятад үг/” гэдэг байсан гэж Магсар гуайн тухай ярив.

Өвөр Монголын Анагаахын Их Сургуулийн Харьяат эмнэлгийн Эрээн хот дахь салбар эмнэлгийн хорооны Мэс заслын тасаг сүүлийн жилүүдэд бичил мэс заслыг онцлон хөгжүүлж байгаа аж. Энэ удаагийн хэвлийн дуранг ашиглан цавины ивэрхийг анагаах мэс заслын дараа төлжих нь хурдан, дахих нь бага, халдварлах боломж бага зэрэг онцлогоороо уламжлалт мэс заслаас давуу талтай.

Арслан дарга:

- Энэ удаагийн мэс засал маш өвөрмөц бөгөөд асар их ач холбогдолтой.

Нэг. Хэвлийн дуранг ашиглаж мэс засал хийх учраас эмнэлгийн өвөрмөц мэргэжил шаардсан.

Хоёр. Өвчтөн маань гадаад улсын иргэн байсан. Эрээн хот боомтын хот болохоор гадаад улсын иргэнийг хүлээн авч эмчлэх боломж тодорхой хэмжээнд их байдаг. Улмаар мэс засал амжилттай болсноор манай эмнэлгийн хороог Монгол Улсад сурталчлах үйл хэргийг гүйцэтгэсэн.

Гурав. Мэргэжилтэн урьж ажиллуулсан. Энэ удаагийн мэс засал амжилттай болсон нь Эрээн хотын эмнэлгээр тавцан болгож, Бээжингийн мэргэжилтэй эмч нарыг урьж мэс засал хийлгэх шинэ үйлчилгээний загварыг эхлүүлсэн гэж ярилаа.

Эрээн хотын эмнэлгийн хороо бол эм эмнэлэг, түргэн эмнэлэг, урьдчилан сэргийлэх зэргийг уялдуулсан ерөнхий эмнэлгийн хороо билээ. Боомтын хот дахь цорын ганц ерөнхий эмнэлгийн хорооны хувьд тус эмнэлэг Монгол Улстай урт хугацаагаар хамтран ажиллах гэрээ байгуулж, Монгол Улсын үйлчлүүлэгчдэд шилдэг, ойр үйлчилгээ үзүүлж байна. 2008 оноос 2016 онуудад Эрээн хотын эмнэлэг Монгол Улсын нийт 28472 өвчтөн хүлээн авч эмчилсэн бөгөөд тэдэнд эм эмнэлгийн тохилог тухтай нөхцөл бүрдүүлж өгсөн байна.

Тэрээр үргэлжлүүлэн:

- Сүүлийн жилүүдэд манай эмнэлэг хэвлийн дуранг ашиглан маш олон төрлийн мэс заслыг амжилттай хийгээд байна. Энэ нь Эрээн хотын эмнэлгийн хорооны мэс заслын мэргэжил нэгэн шинэ түвшинд хүрсэн гэдгийг харуулж байгаа юм. Эрээн хотын эмнэлгийн Мэс заслын тасаг өдөр ирэх тусам хөгжиж, ард иргэд болон Монгол Улсын үйлчлүүлэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх болно гэдэгт итгэж байна гэж ярилаа.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл