solongonews
Нутгийн эрдэнэ бургас
2018-04-27 11:53
Цэцэн ухаант нутгийн эрдэнэ бургас

Малчин хүн мянган ухаантай байдгаар үйлдвэрлэл амьдралынхаа явцад олон олон арга туршлага хуримтлуулж, түүнийгээ бодит амьдралдаа хэрэгжүүлсээр ирсэн юм. Мөн ажилч арвичаар аж төрхийг эрхэмлэн, аливаа бүхнийг өөрийн гараараа амжуулж байдаг сайхан уламжлалтайгаараа нутгийнхаа нөөц баялгийг эрдэнэ мэт эрхэмлэн зүй зохистой ашиглаж, үнэ өртгийг нь таниулж үйл хэргээрээ харуулж байдаг.

Нутгийн бургас тэжээл бордоо боллоо

Хөвөөт шар хошууны Богдын гол сумын Эх хус баг нь 7686.66 га талбай нутаг бэлчээртэй. 7053.33 га талбай ашиглаж болохуйц нутаг бэлчээртэй мал аж ахуйн баг болно. 2009 онд тус баг хамтарсан аж ахуйг хөгжүүлэн, хамтдаа баяжих алхмаа хурдасгах зорилготой үхэр хонь бордох, өвс бордоо тарих, малын ашиг шимийг борлуулах, аялал жуулчлалын аж ахуй эрхлэх зэргийг уялдуулан нэг цогц болгосон "Бадрал" тусгай хоршоог байгуулжээ. Tус хоршоонд малчид хувь оруулсан байна. Тухайн үед 1.1 сая юанийн хөрөнгө мөнгөөр бүртгүүлсэн тус хоршоо хэдэн жилийн бүтээн байгуулалтаар малчдын орлогын нэмэгдэл, аж ахуйжсан хөгжлийн түлхэц хүч болжээ. 2016 оны сүүл болоход 60 гишүүн өрхтэй тус хоршооны тогтмол хөрөнгө 10 сая юаньд хүрсэн бөгөөд тухайн жилд малчдаа дэмжин ажиллаж 1400 юаниар орлогоо нэмэгдүүлжээ.

Өвс бордоо нөөцөлж мал маллах нь тус багийн хамтын аж ахуйн чухал гарц болно. 46.66 га талбай өндөр уналттай бордооны суурин газар байгуулснаар жилийн ногоон даршны ерөнхий уналт нь дунджаар 700 мянган килограммд хүрч, багийн хэмжээнд онд орох малын 50 өдрийн тэжээл өвс бордооны асуудлыг шийддэг тул малчдын өвс бордооны зардлыг жилийн 100 мянган юаниар хэмнэсээр иржээ.

2016 онд тус баг хамтарсан аж ахуйг дэмжих аж ахуйн туршилтын цэг болсноор төслөөр өвс бордооны үйлдвэр байгуулжээ. Энэхүү төслийн бүтээн байгуулалтад улсаас 1.65 сая юанийн хөрөнгө оруулж, багийн хамтарсан аж ахуйгаасаа 250 мянган юанийн хөрөнгө оруулжээ. Үүнд: 680 кв.м бордооны үйлдвэрийн байр, 600  кв.м агуулах, бордоо үйлдвэрлэх цахилгаан автомат төхөөрөмж, 1000  кв.м өлгөж хатаах талбай, 60  кв.м ажлын байр, 300 метрийн урттай засмал зам зэргийг бүтээн байгуулжээ. Энэ мэтээр тус баг хамтын хөрөнгийн давуу талыг бүрэн харуулж, бутлаг ургамлын нөөц баялгаа ашиглан, мөхлөг өвс үйлдвэрлэх онцлог аж аж ахуйн замыг нээжээ. Тус багийн Гашууны Хоолой гэх үерийн урсгал газарт 46.66 гаруй га талбай бөхий бургасан ой бий. Энэхүү бургасан ойг тэд 2004 оноос эхлэн хамгаалан ойжуулаад ургац нь маш сайн болсон ч сүүлийн жилүүдэд бургас нь хөгширч үхширэх байдал илэрчээ. Энэхүү байгалийн нөөц баялгийн давуу талаа зохистой ашиглан өөрчлөхөөр холбогдох мэргэжлийн хянан тогтоолтоор мөхлөгт өвсний шинэ үр нөлөөг тогтоожээ. Мөхлөгт өвс бол бургасаар гол материал болгосон наран цэцгийн үр, шар буурцаг, хошоонгор, иш сүрэл зэргийг хольж найруулсан шим тэжээл өндөр агуулдаг бордоо болж байгаа юм. Мөхлөгт өвсний 75 хувийн түүхий материал нь хүрэн бургас болохоор өөрийн өртөг бага бөгөөд хэвдэг малд зохицсон тэжээл бордоо болжээ.

Мөхлөгт бордоо үйлдвэрлэх нь тус багийн тэжээл өвс бордоогоор өөрийгөө хангах чадварыг маш их дээшлүүлснээр барахгүй малчдын эдийн засгийн дарамтыг ч их хөнгөлж, 45 хувийн тэжээл бордоог өөрсдөө үйлдвэрлэн хангах болсон байна. 

- Малчдын амьдралыг дээшлүүлэхэд юуны өмнө өвс бордооны зардлыг багасгахаас эхлэх нь чухал. Өвс бордооноос үр ашиг харагдана гэж тус багийн Намын үүрийн нарийн бичгийн дарга Лувсан ярьж байв. 

Эх хус баг энэ хаврын бэлчээр сэргээх хугацаанд өдрийн 5000 килограмм мөхлөгт өвс үйлдвэрлэн малчиддаа түгээх боломжтой байгаа аж.

Энэ мэт мал аж ахуйн үйлдвэрлэлийн амин судас болсон өвс бордооноос гардан малчдын амьдралыг дээшлүүлэн, хамтдаа баяжих шинэ замыг газар орныхоо онцлогт зохицуулан нээсээр байна.

Бургасан гүрмэл эдийн засгийн асуудлыг шийдлээ

Сөнид баруун хошууны Сайхан-Өлзий сумын Баянхараат баг нь суурингийн төвөөсөө зүүнш байрладаг. Ихэнх нутаг нь элсэрхэг газар боловч энэ газрын малчин түмэн маань ухаан сорьж, олон янзын арга замаар амьдрал ахуйгаа өөд татаж яваа нь бахархууштай ажээ. Тэгвэл энд бургасан гүрмэлээр жилдээ 80 мянган юанийн ашиг орлого олж, амьдрал ахуйгаа өөд нь татаж яваа Базарзахарыг онцлоход таатай байна.

Саяхан бид тэднийд хүрэхэд Базарзахар хашаандаа хадаж бэлдсэн бургасаа 50, 50-иар нь боон хурааж байлаа. Тэрээр бургасаар бүх төрлийн эдлэл хэрэгсэл хийхдээ аль эртнээс мэргэшсэн нэгэн. Аргалын хашаа, уурга, араг, сагс гүрэхэд мэргэшсэн аж. 2016 онд сумынх нь удирдлагууд түүний энэхүү ур авьяасыг мэдэж, хөдөлмөрөөр амьдралыг нь дэмжихээр ойр хавийн малчдын бургасан хашаа хороо хийлгэх ажлыг түүнд хариуцуулдаг болжээ.

Базарзахар: - Манайх галын аюулаас болж бүх эд хөрөнгөө шатаасан болохоор бургасны ажил гарахад сумаас надад хариуцуулдаг. Бургасан хашаа хороо нь тоосгон хашааг бодоход илүү нөмөртэй, чийг татахгүй, бэх байдаг болохоор манай малчид хэрэглэх дуртай. Бургасан хашаа хийлгэх ажил ирэхэд манай багийн таван залуу хамтран хийж, хийсэн ажлаараа орлогоо хуваан авдаг. Өнгөрөгч жил бид тав бургасан гүрмэлийн ажил хийгээд нийт 110 мянган юанийн цэвэр орлого олсон. Үүнээс миний олсон нь 80 мянга шахам юаньд хүрлээ хэмээн тэмдэглэлээ гаргаж бидэнд үзүүллээ.

Бургас бол уд модны язгуур юм. Бургас таван тахиурт бургас, эргийн бургас, удын бургас, шар бургас, улаан бургас гэж олон төрөл бий. Тэгвэл энэ нутагт гол төлөв улаан бургас ургадаг бөгөөд хаврын дунджаар эсвэл намар газар хөлдөхөөс өмнө хаддаг байна. Хэрэв зуны халуунд хадвал бургас нь үхэж гэмтдэг учир бургасыг үхүүлж гэмтээхээс сэргийлэн малчид хавар намар тогтсон цагтаа хаддаг байжээ. 

Базарзахар: - Бургасны маш олон талын ашигтай. Элс манхныг тогтворжуулахаас гадна амьдрал ахуйдаа хэрэглэх бүх төрлийн эдлэл хэрэгсэл хийж болно. Тэрчлэн хуурай бургасыг ч хаях зүйлгүй түлш болдог. Бургасыг зүй зохистой эдэлж хэрэглэж чадвал монгол нутгийн нэг эрдэнэ юм гэж байв.

Зургийн тайлбар:

Базарзахар бургас хадаж байгаа нь

Зохиогч: Нийтлэл: Цэцэг
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Шилийнголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл