solongonews
Олны дундах оч манлай
2018-07-16 16:20
- Авга хошууны “Хатан хөхүүр” автоматчилсан айраг цэгээ бүлэх машин үйлдвэрлэдэг ХХК-ын захирал Түмэнжаргалыг сурвалжлаад

Манай малчин хүнийг мянган ухаантай гэдэг. Нээрэн ч тийм. Малчин хүн мянган ухаантай байдаг болохоор л бидний дэргэд ур ухаанаа түшиж шинийг бүтээж хийж яваа малчин явах тусам олон болж байгаа. Ийнхүү олны дунд оч манлай болж яваа Түмэнжаргалыг танилцуулахад таатай байна. Түмэнжаргал Шулуун Хөвөөт цагаан хошууны Ихнуур суурингийн Сайханнуур багийн малчин. Мал маллаж байгаад хошууны төвд орж хөлсний ажил хийж, сүү цагаан идээ боловсруулж явахдаа хүний хүч, цагийг хэмнэдэг айраг бүлдэг машинтай бол гэсэн санаа түүний бодолд эргэлдэж эхэлсэн байжээ. Ингээд Авга хошуунд ирээд сүү цагаан идээ боловсруулан худалдахын зэрэгцээ айраг цэгээ бүлэх машин үйлдвэрлэх ажлаа эхлүүлсэн байна.

“Хэлэхэд амар, хийхэд хүнд” гэдэгчлэн жил орчим болж арван мянга гаруй юанийн хөрөнгө оруулан айраг цэгээ бүлэх машин үйлдвэрлэн гаргасан боловч өндөр нам, өргөн нарийн, хөдөлгөх хүч, өргөлт даралт, хурд зэрэг талд дутагдалтай байлаа. Ялангуяа бүлүүр даравчийг төмрөөр хийхэд зэврэх, хатуу хуванцраар хийхэд мурийх, модоор хийхэд хугарах гэх мэд асуудал үүссэн байна. Хамгийн сүүлд зэвэрдэггүй болд төмрөөр хийж байж болсон гэдэг. Таван удаа өөрчлөн шинэчилж байж амжилтад хүрч, 2014 онд улсын тусгай ашгийн эрхийг авснаар борлуулалт нь сайжирч эхэлжээ. Түмэнжаргалын үйлдвэрлэсэн айраг цэгээ бүлдэг машин олон удаагийн туршилтаар дамжин цахилгаанд хэмнэлттэй, авч явахад хөнгөн, айрагны савны өндөр намд тохируулж бүлж болдог, автоматаар бүлж буй тоо нь гарах, нэг секундэд нэг бүлж, яг л хүний хүчээр бүлж байгаа мэт тос сайн унадаг гэх мэтчилэн олон сайн талтай аж.

“Хичээл зүтгэл хүнийг хөсөрдүүлэхгүй” гэдэг үнэн үг. Түмэнжаргал хийж бүтээх гэсэн зүйлээ хойш тавилгүй оролддог, эцсийг нь үзэхээс нааш буцдаггүй зоримог хүний нэг. Сургууль соёлын мөр хөөгөөгүй, машин механикийн мэргэжил сураагүй малчин хүнд машин үйлдвэрлэнэ гэдэг хэцүү зүйл. Айраг цэгээ бүлэх машин нь амжилттай болсон нь Түмэнжаргалд маш их зориг өгчээ. Энэ суурин дээрээ Түмэнжаргал сур элддэг машин үйлдвэрлэх ажлаа эхлүүлсэн байна. Сур адуу малын эдэлгээнд өргөн хэрэглэгддэг зүйл болно. Гэвч уламжлалт сур элдэх аргаар сур элдэж байгаа хүн тун цөөн болсон төдийгүй гараар сур элдэхэд маш их хүч зарцуулдаг. Одоогийн зах зээлд худалдаж байгаа сур бол машинаар элдсэн болохоор сурны чанар нь тааруухан, амархан тасардаг. Түмэнжаргал уламжлалт гараар сур элдэх аргыг ашиглаж, хөшүүрэг, өлгүүр, чагт зэргийг бүгдийг нь модоор хийж, даралтын хурд нь яг хүний хүчээр дарж байгаа хурдтай адил, даралтын тоо нь ч автоматаар тоолдгоор хийжээ. Ийнхүү Түмэнжаргал уламжлалт сур элдэх аргыг автоматчилж чадсанаас элдэж гарсан сурны чанар нь сайн болж, хүний хүч, цагийг маш их хэмнэх болж, өдөрт гурваас дөрвөн эр үхрийн арьсыг элддэг байна. Тус машин нь 2016 онд улсын тусгай ашгийн эрхийг авчээ.

Түмэнжаргалын үйлдвэрлэсэн айраг цэгээ бүлдэг машин, сур элддэг машин нь Шилийнгол аймгийн бүхий л хошуу, Хөлөнбойр, Хөхнуур, Шиньжян, Улаанхад, Монгол Улс зэрэг газар орноор 100 суурь машин зарагдаад байгаа бөгөөд энэ жилээс захиалга нь их нэмэгдэж, орлого нь ч сайжирч байна.

Мал маллаж байгаад малын ашиг шимийг боловсруулж, дахин малын ашиг шимийг боловсруулах машин үйлдвэрлэж малчин иргэддээ тус болсон төдийгүй өөрийн орлогоо ч нэмэгдүүлсэн Түмэнжаргал үйлдвэрийн тасгаа гар үйлдвэр болгож, 2015 онд Авга хошуунд “Хатан хөхүүр” автоматчилсан айраг цэгээ бүлэх машин үйлдвэрлэх ХХК-иа байгуулжээ.

Малчин Түмэнжаргал өөрийн хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөр, малчин хүний хар ухаанаар айраг цэгээ бүлэх, сур элдэх автомат машин зохиож, үйлдвэрлэж, машин нь малын ашиг шимийг боловсруулж байгаа хүмүүс, малчин иргэдэд бага бус тус болж байна. Тэрээр: - Хийж л байвал бүтнэ, явж л байвал хүрнэ гэдэг Монголын зүйр цэцэн үг байдаг. Би их азтай хүн юм. Хоёр машин бүтээж, хоёр удаа улсын тусгай ашгийн эрхийг авсан. Дараа нь монгол эм нүддэг машин бүтээх санаатай байгаа. Хийж байгаад болгоно гэж байлаа.

Түмэнжаргалын бүтээсэн айраг цэгээ бүлэх машин

Түмэнжаргал ажлын өрөөндөө

Зохиогч: Сараана
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл