Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны II чуулга уулзалт өнөөдөр буюу 04-р сарын 26-ны өдрийн үдээс өмнө 09 цаг 30 минутад Бээжин хотноо нээгдэж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин илтгэл тавилаа.
Тэрээр: ”Бүс ба зам” санаачилгын зорилго нь дэд бүтцээр холбогдож, харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэн, хамтдаа хөгжих явдал юм. Талуудын хамтын хүчин чармайлтаар анхдугаар форумын олон төрлийн үр дүн амжилттай хэрэгжиж, 150 гаруй улс орон, олон улсын байгууллага Хятад улстай Бүс ба замын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Бүс ба зам санаачилга НҮБ, АСЕАН, Африкийн холбоо, Европын холбоо, Евро-Азийн эдийн засгийн холбоо зэрэг олон улсын болон бүс нутгийн хөгжил, хамтын ажиллагааны хөтөлбөрүүд, олон орны хөгжлийн стратегитай уялдан, дэлхийн эдийн засгийн өсөлт, Хятадын нээлттэй байдалд шинэ орон зай гаргаж, олон орны хөгжилд шинэ боломж нээлээ гэжээ.
“Бүс ба зам” бол Ши Жиньпин даргын дэвшүүлсэн олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны санаачилга бөгөөд сүүлийн 6 жилд, Хятад улс “Бүс ба зам”-ыг хамтран байгуулагч улс орнуудтай хийсэн худалдааны нийт хэмжээ 6 их наяд ам долларт хүрч, нийт 80 тэрбум ам долларын хөрөнгө оруулж, холбогдох хамтын ажиллагааны төслүүд тухайн улс орон, бүс нутагт 300-аад мянган ажлын байр гаргасан юм.
“Бүс ба замыг хамт байгуулж, сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцолъё” уриан дор 3 хоног үргэлжлэх II чуулга уулзалтын үеэр, дэлхийн 37 улс орны төр засгийн тэргүүн, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, ОУВС-гийн ерөнхий захирал зэрэг гадаадын 5000 гаруй зочид төлөөлөгч оролцож, “Бүс ба зам”-ыг чансаатай хөгжүүлж, дэд бүтцээр холбох, эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгөх хүч бий болгож, бодлогын уялдаа холбоогоор эрчимжүүлэн, улам нягт түншийн харилцаа тогтоох зэрэг асуудлаар зөвшилцөх болно.
