
Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга 08-р сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо Төрийн ордонд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ны сайд Ван Итэй уулзав.
Ерөнхийлөгч Х.Баттулга Ши Жиньпин даргад халуун мэнд, сайн сайхны ерөөлөө дэвшүүлэхийг Ван Ид хүссэн байна. Тэрээр хэлэхдээ: - Хятад улсын хөгжлийн ололт амжилтыг Монгол Улс биширч байгаа бөгөөд Хятад улсын олон улсын байр суурийг чухалд үзэн, Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхийг ямагт Монголын гадаад харилцааны тэргүүлэх чиглэлээ болгодог. Ирэх жилд Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо. Монгол Улс Хятад улстай хамтран тэмдэглэх арга хэмжээнүүдийг сэтгэл гарган төлөвлөж, үүгээр боломж болгон, хоёр орны найрамдлыг иргэдийн сэтгэлд хүргэж, хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна. Монгол Улс газар нутаг уудам, байгалийн нөөц баялаг, улс орны хөгжил бүтээн байгуулалтын чухал шат үед байгаа. Хятад улстай хөдөө аж ахуй, мал аж ахуй, худалдаа эдийн засаг, аялал жуулчлал, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, өөрийгөө хөгжүүлэн, хоёр ард түмэнд үр өгөөжийг нь хүртээхэд бэлэн байна гэжээ.
Ван И дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн халуун мэндийг Х. Баттулгад дамжууллаа. Тэрээр хэлэхдээ: - Хятад, Монгол бол уул усаараа хаяа даран суугаа найрсаг хөрш юм. Хятад улс Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг ямагт хүндэтгэдэг бөгөөд Монгол Улс ч гэсэн Хятад улсын өөрийн үндсэн ашиг сонирхлоо хамгаалахын төлөө гаргаж байгаа хүчин чармайлтыг дэмжинэ гэдэгт итгэж байна. Ирэх онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн боломжийг түшиглэн Монгол Улстай хамтран хоёр талын харилцааны ирээдүйн хөгжлийн хэтийн төлөвийг гаргахад Хятад улс бэлэн байна. Монгол Улс бол хамгийн түрүүнд “Бүс ба зам” санаачилгыг дэмжсэн улсын нэг юм. “Бүс ба зам” -ыг хамтран бүтээн байгуулах нь хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд өргөн боломжийг хангажээ. Хятад улс “Бүс ба зам” -ын хүрээнд Монгол Улстай дэд бүтцээр холбогдон, иргэдийн амьжиргааг бодитойгоор сайжруулж, хүмүүнлэгийн солилцоог дэмжин, Хятад, Монгол, Орос гурван талын хамтын ажиллагааг улмаар ахиулахад бэлэн байна. Монгол Улс ШХАБ-тай хамтран ажиллах түвшнээ улмаар дээшлүүлэхийг Хятад улс дэмжих бөгөөд Хятад, Монгол хоёр тал чөлөөт худалдааны гэрээг даруй зөвшилцөн тохиролцож, хоёр ард түмэнд үнэн бодитой ашиг шимийг нь хүртээхийг хүсэж байна гэжээ.
Мөн өдөр Ван И Монгол Улсын Улсын Их Хурлын дарга М.Энхболдтой уулзсан бөгөөд Монгол Улсын ГХ-ны сайд Д.Цогтбаатартай хэлэлцээ хийв.
