solongonews
Ши Жиньпин: Архийг бага хэрэглэ, гэр бүлдээ илүү анхаарал тавь
2017-11-06 17:21
“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” хэмээх Эзэн богд Чингис хааны эрхэм сургаал байдаг.

Хүн өөрийгөө эрүүл, зөв авч явсан суурин дээр их үйлийг бүтээх нөхцөл боломжийг бүрдүүлдэг учиртай. Төр гүрнээ засах мэргэн ухааныг төрүүлж, дэлхий нийтийн засаглалд агуу их оюун ухааны хувь нэмрийг оруулан, өнөөдрийн олон улсын нийгэмд шагшигдаж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпин мөн эрүүл амьдралын дадлыг санаачлагч нэгэн. Тэрээр олон олон хурал уулзалтаар энэ тухайгаа санаачилж байсан түүхтэй.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, гэргий Пэн Лиюаний хамт 

 

Дайллага цайллагад бага оролцож, гэр бүлдээ илүү анхаарал тавь

Ши Жиньпин дарга 2013 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ХКН-ын XVIII хурлын Төв хорооны Сахилга бат шалгах хорооны хоёр дахь удаагийн бүгд хурлын үеэр хэлэхдээ:

- Удирдлага, албан тушаалтны хувьд ажлын шаардлагаас шалтгаалсан хүлээн авалтаас бусад тохиолдолд дайллага цайллагад бага оролцож, гэртээ харьж байсан нь дээр. Өөх тос ихтэй хоол хүнс бага хэрэглэж байх нь эрүүл мэндэд тань тустай хэмээн сургасан байдаг.

Ши Жиньпин дарга мөн “Гэр бүл, гэрийн хүмүүжил, гэрийн сургаалыг ч чухалчлах хэрэгтэй” хэмээн олон удаа дурдаж байсан юм. Чөлөөт цагаараа гэртээ байх, ойр дотнын хүмүүстэйгээ санал бодлоо байнга солилцож, хүүхэдтэйгээ хамт тоглож байх нь гэр бүлийн зөв харилцаа хэмээн тэрээр ойлгодог аж. 2013 онд Ши Жиньпин дарга Бразил улсын сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, “Хэсэгхэн ч гэсэн цаг зав гардаг л бол би гэр бүлийнхэнтэйгээ хамт байдаг” хэмээн ярьсан байна.

Өрсөлдөөн ихтэй, цаг зав багатай өнөө цагт албан тушаалтан, ард иргэд хэн ч байсан их ажлын зайнаас илүү цаг шахан гаргаж, аав ээжтэйгээ ширээ тойрон, айл хотлоороо хууч хөөрч суух нь ёстой л бурхнаас соёрхсон бэлэг гэмээр үнэтэй болжээ.

Ганган цэцгийн дэлбээ газартаа унан шингэдэг нь орчлонгийн жам. “Гэр” гэдэг нэг ёсондоо сэтгэлийн бууц, гэр бүлийн халуун дулаан илчинд бүүвэйлэгдэн жаргахын илэрхийлэл. “Гэртээ харина” гэдэг мөн нэгэн ёсны хариуцлага, хайртай хүндээ өгсөн сайн сайхан амьдралын төлөөх амлалт юм.  

 

Өдөржин согтуу байх сайхан байна уу?

Ши Жиньпин дарга 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хэнань мужийн Лань Као шяньд болсон Өргөтгөсөн хурлын үеэр албан тушаалтнуудын ажил байдлын суртлын асуудлаар хэлэлцэхдээ:

- Өдөржин согтуу байхад сайхан байна уу? Цөөн тооны албан тушаалтнууд ажил тарах цагаар урилга хүлээх дадалтай болж, дайллага цайллагагүй бол хөндий хоосон санагдах болсон байна хэмээн зэмлэн ярьсан байна.

Төв хорооны “Найман тогтоол” гарснаар намын гишүүн, албан тушаалтнууд архины шахалтаас “суллагдаж”, ажлын болон амьдралын хэлбэр нь мэдэгдэхүйц өөрчлөгдөөд, ихэнх хүмүүсийн хувьд бие сэтгэл ариусан, гэр бүл илүү жаргалтай болсон мэт санагдах болжээ.

Бүх нийгэм, тэр тусмаа албан тушаалтнууд архи хэтрүүлэн хэрэглэхгүй байх нь эрүүл мэндэд ашигтайн зэрэгцээ мөн “архигүй бол найргүй, архигүй бол ёсгүй” хэмээх бядуу үзэл суртлыг дарсан байна. Ши Жиньпин даргын хэлсэн мэт “Олон жилийн турш архинаас болж өвчинд өртөж, архинаас болж амь насаа алдсан албан тушаалтнууд бий. Дайллага цайллагыг цөөлж, ажил, амьдралын эрүүл дадлыг эрхбиш чухалчлах хэрэгтэй”.

 

Ном унших дадалтай болох хэрэгтэй

Ши Жиньпин дарга 2013 онд Шилдэг залуучуудын төлөөлөгчидтэй ярилцахдаа:

- Хөдөө илгээгдэн, бригадын гишүүнээр ажиллаж байхдаа би ном сугавчлаад хонинд явдаг байсан. Хонио бэлчээрт нь гаргаад ном уншина. Тарианы ажлын амрах цагаар Шиньхуа толь гаргаж, олон утгатай ханзыг нэг нэгээр тогтоодог байсан гэж хуучилжээ.

2014 онд Ши Жиньпин дарга Оросын телевизийн ярилцлагаар мөн:

- Би байнга ном уншдаг. Ном унших нь миний амьдралын нэгэн хэсэг. Ном уншсанаар хүний оюун тархи ажиллаж, ухааны уут нээгдэн, ой билгийг шимжүүлдэг гэжээ.

Ямар ном унших вэ гэдэг нь хувь хүний сонголт, сонирхол, үзэл баримтлалаас шалтгаалдаг хэдий ч сонгосон номын зөв буруу эсэх нь уншлагын зүг чиг, үр дүнд шууд нөлөөлдөг. Ийнхүү унших номоо зөв сонгох нь чухал аж.

 

Цаг зав гаргаж, дасгал хөдөлгөөн хийж бай

- Спортын хувьд би усанд сэлэх, ууланд авирах дуртай. 4-5 настайгаасаа усанд сэлдэг болсон. Би мөн хөл бөмбөг, волейбол, сагсан бөмбөг, газрын теннис, тулааны урлаг зэргийг сонирхдог гэж Ши Жиньпин дарга 2014 оны Өвлийн Олимпын нээлтийн ёслолын үеэр сэтгүүлчдэд хандаж хэлсэн байдаг.

- Хөл бөмбөг бол багаар хамтран ажиллах хөдөлгөөн. Хувийн чадвар чухал боловч багаар ажиллах нь тоглоомын үр дүнг тодорхойлох түлхүүр юм. Энэ нь миний хөл бөмбөг сонирхдогийн нэгэн шалтгаан гэж Ши Жиньпин дарга олон улсын хамтын ажиллагааг хөл бөмбөгийн ур чадвартай холбон зүйрлэсэн байна.

Спорт нь эрүүл мэндэд ашигтай төдийгүй оюун билэг, үзэл баримтлалд ч нөлөөлж байдаг аж.

 

Залуу хүмүүс шөнөжин суух нь буруу

- Залуу цагтаа сайн ажил хийх гэж би бараг л сард нэг удаа өвчилдөг байлаа. Яагаад тэр вэ гэхээр байнга шөнөжингөө сууна. Ингэх нь буруу гэдгийг хожимдож ирээд л ухаарсан. Зөвөөр сэтгэх нь чухал. Ааг урам буцалж байсан ч алхам алхмаар, тайван ажиллах хэрэгтэй гэж Ши Жинпин дарга туршлагаа ярьжээ.

Үүрээр босож, үдшээр амрах нь эрүүл амьдралын загвар юм. Шөнөжингөө сууна гэдэг үнэндээ “амь насаараа тоглож” байна л гэсэн үг.

Нобелийн шагналтай, АНУ-ын гурван эрдэмтэн биологийн цагийн үйл ажиллагааны механизмыг илрүүлж, шөнөжин унтахгүй байх нь биологийн цагийн хэвийн эргэлтийг эвдэж, улмаар бие махбодын эрүүл мэндэд хор хөнөөл учруулдаг тухай илүү тод тайлбарласан байна.

Цаг нэмж шөнө болтол ажиллахын оронд цагаа зөв зохистой тохируулж, өдрийн ажлаа өдөрт нь дуусгах нь чухал юм.

- Холбогдох мэдээллийг интернэт сүлжээнээс авав 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл