"Хятад улсыг танин мэдэхүй" олон улсын III хурал 12-р сарын 16-ны өдөр Бээжин хотноо болов. Хятад улсын дарга Ши Жиньпин тус хуралд баярын захидал илгээж, хуралд оролцож буй олон улсын улс төр, бизнес, эрдэм шинжилгээний салбарын төлөөлөгчдөд талархал илэрхийлсэн байна.
Өнөөгийн дэлхий ертөнц ойрын зуун жилд гараагүйгээр өөрчлөгдөж байна. Энх тайван, хөгжил бол бүх цаг үеийн гол сэдэв байсаар ирсэн бөгөөд хүн төрөлхтөн маш олон хамтын сорилт тулгараад бий. Хятад улс талуудтай хамт харилцан хүндэтгэсэн, эрх тэгш, шударга, хамтран ажиллаж, хамтдаа хөгжсөн олон улсын харилцааг урагшлуулан, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг дэмжиж, дэлхийн энх тайван, хөгжилд шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна гэж дарга Ши Жиньпин онцолжээ.
Тэрээр: Энэ онд Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жилийн ой тохиож байна. 40 жилийн өөрчлөлт нээлт Хятадын хөгжлийн шинэ түүхийг бичиж, Хятад улсыг дэлхий нийттэй илүү нягт харилцаатай болгосон юм. Хятад улс цаашид өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлж, бүх талаар нээлттэй байлган, хөгжлийн шинэ үзэл баримтлалын дагуу бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, өсөлтийг тогтвортой, өөрчлөлтийг ахиулан, ард иргэдэд үр шимийг нь хүртээж, эрсдэлээс хамгаалах ажлыг сайтар хийж, Хятадын эдийн засгийг өндөр чанартай хөгжүүлэн, дэлхий нийтэд хамтын ажиллагааны илүү олон боломж бүрдүүлнэ гэжээ.
Ши Жиньпин дарга хуралд оролцсон төлөөлөгчдөөс гүнзгий судалгаа хийж, нийтлэг ойлголтод хүрч, Хятадын талаар ойлголтоо нэмэгдүүлэн, дэлхий нийтэд Хятадыг ойлгуулж, Хятад ба дэлхийн олон орны харилцаа, хамтын ажиллагааг ахиулан, хамтдаа хөгжиж дэвшихийг хүссэн байна.
"Хятад улсыг танин мэдэхүй" олон улсын хурлыг Хятадын инноваци, хөгжлийн стратегийн судалгааны нийгэмлэг, Гадаад харилцааны нийгэмлэг зэрэг газруудаас хамтран зохион байгуулсан байна. Уг хурал 2013 оны 11-р сар болон 2015 оны 11-р сард Бээжин хотоо хоёр удаа амжилттай зохион байгуулагдсан аж. Энэ оны хурал нь “Хятадын хөгжлийн шинэ хөдөлгөх хүчин, олон улсын хамтын ажиллагааны шинэ аз тохиол” гол сэдэвтэй байж, олон улсын 40 гаруй алдарт улс төрчид, стратеги бодлоготон болон бизнес эрхлэгчид нийт 600 гаруй хүн энэхүү хуралд оролцсон болно.
